Триполи дахь Францын ЭСЯ руу халджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Триполи дахь Францын ЭСЯ руу халджээ

Ливи улсын нийслэл Триполи хот дахь Францын Элчин сайдын яам руу халдсан хэрэг гарчээ. Францын ЭСЯ-ны урд машинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн бөгөөд хоёр хамгаалагч хүнд шархадсан болохыг орон нутгийн цагдаа нар мэдэгдэж байна. Дэлбэрэлт маш хүчтэй болсон гэдгийг ажилтнууд хэлж байгаа юм. Дэлбэрэлт ЭСЯ-ын хүлээн авах хэсэгт болсон бөгөөд ойр орчимд байсан орон сууц, барилгуудад дэлбэрэлтийн хүч нөлөөлсөн байна. Болсон хэрэг явдлын дараа Францын гадаад хэргийн сайд Лорен Фабиус энэ хэрэгт эгдүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. Ливийн цагдаагийн газар энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд шилжүүлжээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сард Бенгазийн зүүн хэсэгт байрлах АНУ-ын ЭСЯ-нд халдаж, тус улсад суусан АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс, гурван америк ажилтан амиа алдаж байсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж