Уул уурхайн хамгийн чухал үзэсгэлэн үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Уул уурхайн хамгийн чухал үзэсгэлэн үүдээ нээлээ

Уул уурхайн салбарын нэгэн шинэлэг томоохон арга хэмжээ болох Mongolia Mining 2011 үзэсгэлэн Мишээл төвд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа – Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр” уриан дор уул уурхайн үйлдвэрлэгчдийг шаардлагатай бүх төрлийн бараа материалын ханган нийлүүлэгчидтэй холбох зорилгоор зохион байнгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг Австрали-Монголын хамтарсан Майнекс Монголиа ХХК, Эрдэс баялаг эрчим хүчний яам болон Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн  дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.

Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагууд, өрөмдлөгийн компаниуд, барилга угсралтын компаниуд, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид, уул уурхайн нөхөн сэргээлт явуулдаг байгууллагууд, усны нөөцийн хайгуул, судалгааны компаниуд, кэйтэринг, ложистикийн компаниуд, тээвэр, холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэх мэт үйл ажиллагааны чиглэлээрээ Монгол улсдаа тэргүүлдэг нийт 70 орчим байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Үзэсгэлэн 2011 оны 4 сарын 15, 16-ны өдрүүдэд 2 өдрийн турш 9.00-18.00 цагт Мишээл экспо төвд болж байгаа бөгөөд 4 сарын 15-ны 11 цагт албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б. Ариунсан, Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б. Батхүү, Майнекс Монголиа ХХК-ийн захирал Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник, элчин сайдууд, томоохон уул уурхайн компаниудын удирдлага болон салбарын төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.

Уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын их ажил өрнөхийн өмнөхөн болж, шаардагдлагатай бүхий л бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг нэг дор дэлгэн харуулж байгаагаараа энэ салбарын ажилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа билээ.  Тийм учраас уул уурхайн салбарынхан хэрэгтэй хүнтэйгээ уулзаж, хүссэн мэдээллээ авахын тулд энэ 2 өдрийн хугацаанд  Mongolia Mining 2011 үзэсгэлэнд саатан зочлох зайлшгүй чухал үйл ажиллагаа болж байгаа юм.

Mongolia Mining 2011 уул уурхайн үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга,  Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Уг үзэсгэлэнгийн талаар болон Монголын уул уурхайн хөгжлийн боломжийн тухай түүний үгийг товчлон хүргэж байна.

Би Mongolia Mining 2011 хэмээх Монголын уул уурхайн салбарт уламжлал болон явагдах чухал үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Урин дулаан цаг ирж уул уурхайн сезон эхэлж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж байгаа ханган нийлүүлэгчдийн энэхүү том цугларалт уул уурхайн салбарынхан төдийгүй, энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийн ертөнцийнхний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ.

Австрали улсын иргэний хувьд, түүнчлэн уул уурхайн салбарт ажиллаж ирсэний хувьд миний бие манай улсын олон бүс нутгууд эрдэс баялгийн шинэ шинэ нээлтийг даган хурдацтай хөгжсөн түүхийг нүдээр харж, биеэр мэдэрч ирсэн. Монголд эдүгээ уул уурхайн салбар дотоодын бизнесийн салбар төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бүс нутгуудын нэг болоод байна. Энэхүү хөгжлийн хандлагыг даган дэлхийн өнцөг булан бүрээс бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол улсад, энэ салбарын зах зээлийг өрсөлдөөнтэй, улам баялаг болгож байна.  Энэ бүхэн саяхан хүртэл энэ улсад нэвтрээгүй байсан орчин үеийн уул уурхайн технологи, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүйн шаардлагыг хангасан, хүрээлэн байгаа орчинд хоргүй уул уурхайн үйлдвэрлэлийн практикийг нэвтрүүлэх гол нөхцөл болж байна.
Монгол улс уул уурхайн арвин нөөцтэйгөөс гадна эрч хүчтэй, ажил хэрэгч залуу хүмүүсээрээ баялаг орон юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бизнесменүүдийн нэгтгэсэн Монголын уул уурхайн клуб хэмээх салбарын шинэ байгууллагыг анх байгуулагдахад нээлтэнд нь оролцож байснаас хойш богино хугацаанд хэрхэн дүр төрхөө олж, үйл ажиллагаагаа тогтвортой болгож, хэтийн том зорилго тавин ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Монгол улс уул уурхайн салбарын олон жилийн туршлагатай улс орнуудаас суралцаад тэднээс дутахгүй салбараа хөгжүүлээд явах нөөцтэй юм.

Mongolia Mining 2011 үзэсгэлэн Монгол услын уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажилгаанд бүтээгдэхүүний сонголт хийх суваг болж чадна, цаашид энэ чиглэлийн хамгийн чухал арга хэмжээ болон өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Австралийн уул уурхайн салбарт олон жил ажилласан миний өөрийн туршлагаас,  өргөн уудам газар нутагт тархан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарынхан хоорондоо уулзаж, харилцаа тогтоогоод байх боломж өдөр тутам олдоод байдаггүй тул энэ салбарын  бизнесийг хооронд нь холбоход чухамхүү ийм арга хэмжээ туйлын ач холбогдолтой байдаг.

Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбарын бизнесийн эрх ашгийн огтолцлын цэг байх болно. Түүнчлэн сүүлийн үед эрчтэй хөгжиж байгаа Монголын уул уурхайн салбарын хөгжил, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.  Австрали, Монгол эрдэс баялгийн нөөц ихтэйгээс гадна маш нээлттэй, чөлөөт эдийн засагтайгаараа төсөөтэй. Тийм учраас Монгол улс Австралийн жишээгээр уул уурхайн салбараа түшиглэн өндөр хөгжилтэй орон болно гэдэгт итгэлтэй байна. Австралийн хөрөнгө оруулалт, технологи Монголын уул уурхайн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Түүнчлэн уул уурхайн салбарт тэргүүлэгч Канад, Өмнөд Африк, Чили, Бразил зэрэг орнууд ч энэ салбарын хамтын ажиллагаанд тодорхой байр суурь эзэлж, цаашид улам их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Mongolia Mining 2011-ийн нийт оролцогчид, уул уурхайн салбарынханд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж