Хөшигтийн нисэх буудлыг 2016 онд ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Хөшигтийн нисэх буудлыг 2016 онд ашиглалтад оруулна


УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал барихад зарцуулагдах хөрөнгийн нэмэлт хэлэлцээрийг хэлэлцэн дэмжлээ.

Япон улсын санхүүжилтээр олон улсын нисэх онгоцны буудал барих тухай хэлэлцээр таван жил гаруйн өмнө эхэлж байжээ. Гэвч энэ хугацаанд хоёр удаа тендэр цуцлагдсан. Эцэст нь иенийн үнэ ханшид зөрүү үүссэн төдийгүй, техник, технологийн үнэ өссөн. Мөн нисэх онгоцны буудлыг ирээдүйд өргөжүүлж болохоор зураг төслийг дахин боловсруулсан, төлөвлөсөн зэрэг олон зүйлээс шалтгаалж анх төлөвлөж байсан өртгөөс 17.1 тэрбум иенээр зардал нэмэгдсэн болохыг Зам, тээврийн яамныхан байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Эцсийн байдлаар гаргасан зураг төслөөр нисэх онгоцны буудал нь нийт 1200 га талбайг эзлэх юм байна. Зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 хүртэл сая зорчигч хүлээн авах боломжтой. Өргөтгөл хийсэн нөхцөлд хүзүүвчийг 20-д хүргэж, жилд 12 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн шатанд нисэх буудал барих өртөг зардал өмнөхөөсөө 17.1 тэрбум иенээр нэмэгдсэн бодит шалтгааныг тодруулах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн шалтгааныг тодруулахаар Засгийн газар ажиллаж учрыг нь олж чадаагүй суутал араас нь Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлын өртөг мөн 17.1 тэрбум иенээр нэмэгдсэн асуудлыг хэлэлцээд сууж байна. Шинэ технологи, шинэ ноу хауг нутагшуулах гэдэг утгаараа шинэ зүйлийг бий болгохын төлөө бид хаа хаанаасаа идэвхи зүтгэл гаргах ёстой ч юм бүрт ингэж хандаад байх нь зохисгүй гэдэг саналыг мөн хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой компаниас 10 гаруй км-ийн зайд Ханбумбат нэртэй нисэх онгоцны буудал баригдаж цагаан сарын өмнөхөн ашиглалтад орсон. Уг нисэх онгоцны буудлыг 89 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байдаг бол Хөшигтийн хөндийд баригдах нисэх буудлыг 978 тэрбум төгрөгөөр барих нь. Энэ чинь юугаараа тийм их үнэ шингээгээд байна вэ гэдэгт хариулт хүсэв.

Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал нь Ханбумбатын нисэх буудалтай харьцуулахад хүчин чадлын хувьд 4 дахин том, нэг дор 22 онгоц зэрэг хүлээн авах хүчин чадалтай зэрэг давуу талууд ихтэй гэнэ. Мөн Засгийн газрын зүгээс ирэх тавдугаар сарын 1-нээс эхлүүлж газар шорооны ажлыг эхлүүлэх чиг өгсөн. Төлөвлөсөн хуваарийн дагуу ажлыг эхлүүлж чадвал 2016 онд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад орох юм байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлттэй уялдсан тул дагуул хотыг хөгжүүлэх зэрэгтэй бүрэн нийцжээ.

Гэвч өртөг зардал нь өсчихөөд байгааг байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж шалгаж, нягтлах ёстой гэх УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн дахин хэлсэн үг араасаа маргаан дагуулав. Үүнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “17.1 тэрбум иенийг нэмж авах нь тийм ч хүнд асуудал биш. Ажлын хэсэг  байгуулж цаг алдаж яах гэсэн юм бэ. Шинэ зүйл хийхийн төлөө явж байхад 17.1 тэрбум дээр улс төржих хэрэггүй. Хоёрдугаарт нисэх онгоцны буудлын талаар өнгөцхөн бодоод байна.  Энэ нисэх онгоцны буудал баригдсан нөхцөлд гадаад, дотоод эдийн засгийн чигийг заана. Наад зах нь Япон Монголын эдийн засгийн харилцааны царцанги байдлыг сэргээнэ. Тавантолгойн нүүрсийг Япон руу гаргахад бэлэн болж байна. Тэндээс хэчнээн их ашиг Монгол Улсын эдийн засагт орж ирэх вэ. Төв аймгийн асуудлыг шийдэх боломжтой. Олон улсын онгоцны буудлыг барьснаар Улаанбаатар хотын төвлөрлийг шийдэх боломжтой. Мөн жижиг дунд бизнесийг шийднэ. Энэ бүхнийг шийдэж болохоор байтал долоон жил гацаасан. Одоо боллоо шүү дээ. 17.1 саяыг хэн нь авах гээд байна гээд нэг нэгнийгээ хардах гээд байна уу.17.1 тэрбум дээр улс төр хийдгээ боль. Өчигдөр Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр долоон жил гацаасан ажлыг эхлүүл гэж салбарын сайдад үүрэг болгосон. Бид нэг том ажлын ард гарч үзье л дээ.Юм болгоныг гацааж байдгаа боль” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт “Анхны зургаар энэ буудлыг өргөтгөх бололцоогүй  байсан. Дээрээс  нь барилгын материалын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор манай гэрээнд үнийн өсөлтийн зөрүүг нь Монголын тал хариуцна гэсэн байсан. Ийм хүндрэл бий болсон. Харин сая Японы Ерөнхий  сайдын айлчлалын үеэр нэмэлт хөрөнгө оруулалтыг гаргаж, Японы тал дангаараа хариуцна гэсэн зөв шийдэл гарсан юм байна гэж ойлгосон. Өмнө нь хоёр удаа уг тендер хойшилж байсан. Хоёр тохиолдолд оролцогч олдохгүй байна гэдэг үгийг Японы Элчин сайд хэлж байсан. Нэгхэн оролцогч байгаа учраас тендер хүчингүй болоод байна гэдэг асуудлыг хөндөж байсан. Тэгэхээр одоо өмнө нь байсан бүх хүндрэлүүд зөв шийдэгдэж ажил эхлэхэд бэлэн болсон гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудлыг мэдэхгүй УИХ-ын гишүүн байхгүй байх. Ямар хүндрэлүүд байгаа талаар зургаа долоон жил ярьсан. Тиймээс Засгийн газар ажлаа хурдан эхлүүлж, хугацаанд нь дуусгах хэрэгтэй гэж хүсмээр байна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ажлын хэсэг байгуулаад өмнөх Засгийн газрын үед салбарын яамных нь сайдын оруулж байсан тоо баримтыг нягтлахад цаг нэг их орохгүй ердөө нэг өдөр л болно. Засгийн газрын хуралдааны үеэр Х.Баттулга сайдын хоёр удаа оруулж ирж байсан материал бий. Төслийг гацаах гэсэн санаа алга Д.Эрдэнэбат аа. Чи ер нь үргэлж Ардчилсан намын бүлгийн даргын байр сууринаас цамнаж  байдгаа болих хэрэгтэй. Засгийн газраас оруулж ирж байгаа зүйлийг Их хурал хянах үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд магадлачих гэж байгаа юм. Тэгээд асуудлаа ярь. Д.Эрдэнэбат аа чи улстөрийн нөхцөл байдлыг үргэлж хурцатгаж үсэргэж байхаа боль. Ажлын хэсэг байгуулаад асуудлыг нягтлах чинь эрүүл улс төр. Зүй ёсны ажлын санал тавихаар айлгаад байдгаа болих хэрэгтэй.Чамаас айхгүй. Чи байтугай эрүүгийнхнээс би айж үзээгүй шүү за” гэв.

Ингээд байнгын хорооны хуралдааныг даргалагч Ц.Нямдорж гишүүний тавьсан саналын хүрээнд ажлын хэсэг байгуулах саналаар гишүүдээр санал хураалгасан ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан юм. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд дүгнэлтээ явуулахдаа протколд тусгаж өгөхөөр болсон юм. Ингэснээр хамтарсан байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж