У.Хүрэлсүх ах дүүсийн хамт Австралид суурьшжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх ах дүүсийн хамт Австралид суурьшжээ

УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан У.Хүрэлсүх нэг хэсэг БНСУ-д эхнэрээ эмчлүүлж байсан. Түүнийг БНСУ-д байхад МАН-ынхан очиж хуралдлаа гэж шуугисан. Тэд хуралдахын зэрэгцээ У.Хүрэлсүх даргыгаа БНСУ-д суралцахаар явах болсныг тэмдэглэж гаргаж өгсөн сураг байна.

Учир нь У.Хүрэлсүхийн гэр бүл ах дүүс үндсэндээ Австралид ойрын жилүүдэд сууршихаар болжээ. Учир нь У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр Австралийн нэгэн их сургуульд мастер хамгаалан суралцаж байгаа. Тэрээр гэр бүлээ авч явсан байна. Мөн У.Хүрэлсүхийн том охин ч гэсэн Австралид суралцаж байгаа аж. Ийм шалтгааны үүднээс У.Хүрэлсүх Австралийг зорьжээ. Тэр төрсөн дүү, охин дээрээ очжээ. Мөн удаан хугацаанд эхнэртээ эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ өөрөө нэгэн их сургуульд суралцаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
 
Ийнхүү МАН-ын генсек эхнэрээ эмчлүүлэхийн зэрэгцээ тархиа цэнэглэх боломжийг олжээ. Тэгэхээр тэрээр нэг хэсэгтээ эх орондоо ирэхгүй бололтой. Ямар ч байсан ерөнхийлөгчийн сонгуулиас нааш хүлгийн жолоо залахгүй нь тодорхой болсон байна. Уг нь зарим эх сурвалж ирэх сарын эхээр болох МАН-ын бага хуралд С.Баяр, У.Хүрэлсүх тэргүүтэй гадаадад байгаа хүмүүс бүгд ирнэ гэж мэдээлээд байсан юм.

МАН-ын парламент дахь бүлэгт ч, нам дотроо ч, гишүүд дундаа ч У.Хүрэлсүхийг хурдан ирэхийг хүлээсэн орон зай улам л бий болж байгаа. Учир нь ялагдал хүлээсэн сөрөг хүчинд У.Хүрэлсүх шиг тэмцэгч чанар дутагдаад байгааг хэн хүнгүй л ярьж эхэллээ. Гэтэл тэр орон зайг нөхнө гэж хүлээсэн У.Хүрэлсүх өөрийгөө боловсруулаад мөддөө ирэхгүй нь тодорхой болов.

Уг нь У.Хүрэлсүхийг Залуучуудын холбоогоо тэргүүлж байхад одоогийнх шигээ унтаа байгаагүй. Одоогийн МАН-ын дэргэдэх НАМЗХ бол түүхэнд байгаагүй сул дорой удирдлагатай, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй нам жимхэн байгууллага болсон. Харин У.Хүрэлсүхийн үед энэ холбоо залуучуудыг хошууруулж, шуугиулж байсныг олон хүн санан дурсаастай.
 
У.Хүрэлсүхийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхад энэ нам бас л дуулиан шуугиантай байсан. Үгүй дээ л гэхэд У.Хүрэлсүхийн огцом мэдэгдэлүүд нийгмийн анхаарлыг сайнаараа ч, муугаараа ч татаж чадаж байсан. Тэр орон зай бас л эзэнгүй. Энэ бүх орон зай У.Хүрэлсүхийг эсвэл түүн шиг тэмцэгч хүнийг үгүйлээстэй хэвээр байна.

Ийнхүү МАН-ынханы битүүхэн хүлээсэн хоёр хүний нэг нь болох У.Хүрэлсүх хол тивд ах дүүсийн хамт суурьшиж, улс төрөөс илүү эхнэртээ цаг зав гаргаж, сурч боловсрохоо илүүд үзжээ. Харин нөгөөх нь болох С.Баярыг саяхан эх орондоо ирсэн хэмээн мэдээлсэн ч тэрээр олны өмнө гараагүй л байна. Эдгээр хүмүүсийн оролцоогүйгээр МАН ерөнхийлөгчийн сонгуульд амжилт олно гэхэд хэцүү юм.

С.ЖАРГАЛСАЙХАН

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж