
барилгын орчин нөхцөлийн талаар иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Харин дарга нарын цөөн хэд нь “Нэхмэлийн шар”-ын иргэдийн зовлонг
чихээрээ сонсч, нүдээрээ харсан.
Үлдсэн хэсэг нь Хан-Уул
дүүргийн хоёрдугаар хороонд ийм барилга байдаг гэж мэдэх ч үгүй.
Мэддэг нэг нь мэдэхгүй царайлж, мөрөө хавчиж суух.
Аягүй бол
“Одоо хүртэл байдаг юм уу, би аль дээр нураачихсан юм байх гэж бодсон”
гэх биз. Тиймээс ч бид энэ удаад “Нэхмэлийн шар” гэгдэх хэдэн
байрны оршин суугчид ямар орчин нөхцөлд амьдарч байгааг нийслэлийн
удирдлагуудад сануулахаар сурвалжиллаа.
Бид эхлээд НМХГ-ын Барилга, техникийн хяналтын ахлах байцаагч П.Мягмартай уулзсан юм.
-“Нэхмэлийн
шар”-уудыг аль хэдийнэ “Нурах аюултай болсон барилгын жагсаалт”-д
оруулсан. Хамгийн гол нь энэ жагсаалтад орууллаа гээд бид шууд нураах
юм биш. Бид түүнийг шийдэхгүй. Иргэд өөрсдөө шийднэ. Учир нь тухайн
барилгыг нураахын тулд оршин суугчдын зөвшөөрсөн гарын үсэг
шаардлагатай. Дор хаяж 75 хүний гарын үсэг цуглах ёстой. Тэгээд ч шууд
нураачихвал газар нь иргэдийн өмч биш учраас асуудал үүснэ.
Тэнд
чинь зөвхөн оршин суугчдаас гадна дэлгүүр, цайны газар зэрэг өмч бий.
Өмнө нь бид ийм бэрхшээлтэй тулгарч байсан. Тэгэхээр тухайн хүний өмчийн
асуудал давхар хөндөгдөнө. Тэгэхээр иргэд нурах аюултай барилгын
жагсаалтад орууллаа гээд шууд нураах юм шиг ойлгож болохгүй. Бид УМХЕГ-т
асуудлыг уламжилчихаад байж байна.
П.Мягмар
дарга бидний асуултад ийнхүү товч хариулт өгөв. НМХГ-аас гараад бид
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороог зорилоо. Өдөр, шөнө, өвөл зуны алинд
нь ч архичидаар дүүрэн байдаг хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр өнөөдөр ч
бахь байдгаараа. Уг нь Хан-Уул дүүргийг социализмын үед үйлдвэрийн
район гэдэг байв. Учир нь энэ дүүрэгт Монголын бараг бүхий л томоохон
үйлдвэр төвлөрдөг байсан.
Гутлын,
арьс ширний, хивсний үйлдвэр гээд цөм энэ дүүрэгт төвлөрдөг байсан
гэдэг. Тиймээс ч “Ажилчны гудамж”, “Ажилчны хөшөө” гээд Хан-Уул дүүргийн
онцлогийг илтгэх зүйлс олон байсан юм. Харамсалтай нь зах зээлийн
“шуурганд уруудсан” он жилүүдэд үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилчид нь
гудамжинд гарсан. Өдгөө “Үйлдвэрийн район” ажилгүйчүүдийн хороолол,
ажилчны хөшөө архичдын өмч болжээ.
“Хөдөлмөрч залуусын яруу
алдар мандан бадраг” гэх бичигний дор хэвтэх нэгэн эр хөлчүү нүдээр
биднийг харна. Харин цаана нь хоёр согтуу хүүхэн өөр хоорондоо хэрэлдэх
аж. Дэргэд нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд тоглож, паркаа булаалгасан
багачууд хэдэн төмөр тоглоомоор тоглоно. Урин дулаан цаг ирэхээр энд
тэндгүй хэдэн машин тэргүүтэй тоглоомоор хүүхэд багачууд 1000 төгрөгөөр
тоглож байдаг төрх энд ч бас харагдана.
Алгын чинээ газартаа
хэдэн тоглоом суурилуулсан парк ажиллаж эхлээгүй байгаа юм чинь
жаалуудад үүнээс өөр сонголт үгүй. Хажуугаар нь шороо шуурч, хог салхинд
хийсээд л. Автобусны буудал дээр зурагчнаа хүлээж өнгөрүүлсэн хэдэн
хормын дүр зураг энэ. Харин буудлаас цааш хэд алхвал хогийн цэгтэйгээ
хаяа залган орших алдарт “Нэхмэлийн шар”-ууд.
Бохиртойгоо
холилдон зутруухан аж төрөх айлуудын хаяг “Нэхмэлийн шар”-ынхан.
Эндэхийн оршин суугчид тансаг, тухтай биш юмаа гэхэд ядаж өмхий
үнэртдэггүй байранд амьдрахсан гэж хүсч, хүлээсээр олон жилийн нүүр
үзжээ. “Нэхмэлийн шар”-ын 11 дүгээр байрны бохир нь өчигдөр /уржигдар/
хальж сандаргажээ. Үе, үе бохир нь ингэж хальдаг бөгөөд слесарууд ирж
янзалдаг аж.
Харин өчигдөр /уржигдар/ бохир нь хальж, коридороор
нэг урсч сандаргасан байна. Иргэдийн хувьд гэртээ орж, гарах гэж
хэсэгтээ сандарсан тухай тус байрны үүдэнд нарлаж суусан хижээл насны
гурван эмэгтэй ярьсан юм. Орцны хаалгаар оруут хамар сэтлэм эхүүн үнэр
ханхийж, энд тэндээ цөмөрсөн шал, мөөгөнцөртөж, нурсан хана тааз угтав.
Хүн амьдардаг гэхэд ч хэцүүхэн санагдах энэ барилгыг орон сууц биш оромж
гэвэл таарна.
Тус
байрны оршин суугчдын хувьд дундаа ганцхан ОО-той. Тэр нь үе, үе хальж
хүн бие засах нь бүү хэл тогтож, суух аргагүй болгодог гэнэ. ОО-ын
өрөөгөөр нь шагайж харлаа. Ээ бурхан минь. Арай ч дээ. Энд хүн амьдардаг
шүү дээ гэх бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Хэчнээн мөнгөгүй, ядуу байж
болно. Гэхдээ тэд чинь хүн шүү дээ. Арай ч дээ, их хотын иргэд, нийслэл
тэдэн нас хүрлээ гээд л онгирдог хэрнээ хотынхоо төвд шахуу байх хэдхэн
барилгаар шагайдаг ч болоосой энэ дарга нар.
Өчигдөрхөн хальсан
ОО-ын өрөө аймшигтай, бөөлжис цутгам эхүүн үнэртэй, бохир заваан. Харин
эндэхийн оршин суугчид өдрийн цагаар эндээ, шөнө нь байрныхаа булан
тохойд бие засдаг гэнэ. Тэгэхгүй гээд ч яах билээ, ямар “битүү”
хошноготой биш. ОО-ын өрөөгөөр шагайж, харчихаад дээш хоёрдугаар давхарт
гарлаа. Харанхуй оргисон энэ “хонгилд” нийтдээ 32 айл амьдардаг аж.
Биднийг
дагуулж, байртайгаа танилцуулсан С.Лувсанбал гуайн хөрш хоёр ихэр нялх
хүүхэдтэй гэнэ. Хана, тааз нь мөөгөнцөртсөн, хүн тогтохын аргагүй
чийгтэй тул хүүхдүүд нь рахитаар өвчилж, байн байн эмнэлэгт хэвтдэг
болжээ. Өөр нэгэн айлын хаалгаар шагайвал нэгэн залуу “Ээж ажлаасаа
өглөө бууж ирсэн болохоор унтаж байна. Угаасаа ийм байдалтай өчнөөн жил
амьдарч байна шүү дээ. Хүмүүс нураана, түлхүүрийг түлхүүрээр солино гэж
ярьдаг ч биелэлээ олсон зүйл алга. Би энд нэг настайдаа ирсэн. Одоо 23
настай. Намайг ухаан ороход энэ байр ийм л байсан. Одоо ч бахь
байдгаараа” гэв. Харин өөр нэгэн айлын хаалгыг тогшвол онгойлгохоос
татгалзсан юм. Энэ орцонд хэдхэн минут болох хооронд дотор эвгүйрч,
бушуухан гарахын түүс болж байв. Харин 32 айлын хүмүүс өдөр бүр ийм
орчин нөхцөлд амьдардаг гэж бодохоор үнэхээр хэцүү санагдсанаа нуух юун.
Цааш
эргэж 7, 9, 10 дугаар байраар орлоо.Эндэхийн оршин суугчидын зовлон
бүгд ижил. Хэзээ энэ барилгыг нурааж, хүн амьдарч болох орон сууцаар
солихыг хүлээсээр цөхөрсөн хүмүүс. Хүүхдээ салхилуулж зогсох эмэгтэй “Би
энд зургаан жил амьдарч байна. Саяхан амаржиж охинтой болсон. Гэвч энд
эрүүл хүүхэд өсч, торних нөхцөл алга. Байрнууд бол ерөөсөө ОО болж
хувирсан. Хүмүүс булан тохойд бие засчихаад л яваад өгдөг.
Цонхны
дор ирээд бие засч байгаа хүмүүсийг хэчнээн хөөсөн ч ямар ч нэмэргүй.
Түүнээс гадна хөрсний бохирдол манай энд үнэхээр аймшигтай болсон. Учир
нь энд хогийн цэг байхгүй. Тиймээс хүмүүс хогоо байрныхаа дунд
овоолчихдог юм. Хэдийгээр хогны машин ирж ачдаг ч өдрийн тал хүрэхгүй
дахиад л бөөн хог, хаягдал. Чийг, хөгц, мөөгөнцөр гээд тоочоод байвал
зөндөө юм бий. Манайх энэ хавьдаа л гайгүй байр нь. Айлууд тус тусдаа
ОО, душтэй. Гэвч халуун, хүйтэн ус нь байнга тасардаг” гэв. Түүний
дэргэд суух эмэгтэйг М.Буянхишиг гэдэг аж. Тэрбээр “Нэхмэлийн шар”-ын 10
дугаар байрны 19 тоотод оршин суудаг аж.
-Өмхийгээ
үнэртээд л сууж байна даа. Орцоор орж ирэхээр хамар сэтэлчих гээд хэцүү
шүү дээ. Энэ жил гайгүй л байсан чинь ойрдоо манайхны 00 халиад ус нь
татагдахаа больсон. Өмнө нь манай гэрийн бохир хальдаг байсан. Үе үе ийм
бэрхшээл тохиолдох юм аа, дүү минь. Орон сууцны контортоо очиж байдлыг
зөндөө л хэлдэг шүү дээ. Манай байрны ард баахан хоолны газар байгаа.
“Монгол
хуушуур” гээд 24 цагийн үйлчилгээтэй цайны газар бий. Бас “Хан-Уул”
гээд зоогийн газар бий. Ер нь манай байрны нэгдүгээр давхрыг тэр чигээр
нь үйлчилгээний байгууллага болгосон. Олон жил болж байгаа барилгын
нэгдүгээр давхрыг өргөтгөн үйлчилгээний байгууллага ажиллуулахаар
бохирын шугам нь яаж дийлэх вэ дээ. Ер нь ч олон жил болчихсон юм чинь
бөглөрөх нь аргагүй шүү дээ.
Энэ хоёр хоолны газар трубаны
мөнгөө шилжүүлсэн гэж дуулдаж байсан. Саяхан слесарууд хэдэн труба
авчирч доошоо ороод янзлаад байх шиг байсан. Гэхдээ л одоо ч гэсэн өмхий
үнэртээд байгаа. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр труба аваад
иртэл тог нь байдаггүй гээд л асуудал үүсээд засварын ажил хойшлогдоод
байсан, юу болсон юм бол доо. Та нар үүдээр орж ирэхэд аймаар байгааг
анзаарсан биз дээ. Шал нь тэр чигээрээ бохирдсон байгааг. Хлорамин
асгасан юм гэсэн зайлуул. Ийм л нөхцөлд бид аж төрж байна. Энэ мэтээр
яриад байвал хэцүүхэн л байна аа. Манайх нялх хүүхдүүдтэй айл. Хэзээ ч
халдварт өвчин гарахад бэлэн байгаа биз.
М.Буянхишиг ийн яриад
гэр рүүгээ оров. Харин энэ байрны урдхан талд орчин үеийн 10 давхар
тансаг хотхон сүндэрлэжээ. Ганцхан алхмын зайд хоёр өөр амьдрал өрнөнө.
Дүүргийн ЗДТГ-ын байрнаас 500 метр хүрэхгүй зайд байрны оршин
суугчид жилийн жилд ийм байдалтай аж төрж иржээ. Харин тэднийг анхаарсан
нь үгүй. Тэр ч бүү хэл СӨХ-ных нь дарга хүртэл тоож хардаггүйг оршин
суугчид гомдоллож байсан юм. Цалин мөнгийг нь авч, халамж, ямбыг нь
эдэлчихээд ажлаа хийдэггүй олон дарга нарын нүүр үзсэн Хан-Уулынхан нэг
иймэрхүү байдалтай аж төрж байна.
“Нэхмэлийн
шар”-ын 12 дугаар байранд амьдардаг Ж.Ганцэцэг 1965 онд төрсөн нэгэн.
Харин түүнийг аравдугаар ангид байхад нь байруудыг нураах тухай яригдаж
эхэлжээ. Өнөөдрийг хүртэл дэндүү олон жил яригдаж байгаа асуудал гэвэл
үүнийг л нэрлэнэ. Тэртээ 1957 онд ашиглалтад орсон уг байрнуудад 12
мянган м/кв талбайтай 551 өрх айл оршин суудаг байна. Мөн 51 аж ахуйн
нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин сүүлийн үед чихэнд
чимэгтэй нэгэн мэдээ сонсогдсож эхэлсэн нь “Нэхмэлийн шар”-ууд болон
арьс ширний 21, дэвшилийн 36 зэрэг нийт 21 барилгыг буулган концессын
гэрээгээр дахин барилгажуулах тендерийг нийслэлээс зарласан юм.
Нийслэлийн өмнөх удирдлагын үед мөн л тендер зарлан компаниуд өрсөлдөж,
“Өндөрбуянт” ХХК шалгарч байсан. Гэвч II шатны шалгаруулалтаа хүлээж
байсан энэ тендерийг яагаад цуцлах болсон нь тодорхойгүй байсаар Засгийн
газар солигдсон юм. Энэ талаар Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын
Төр хувийн хэвшлийн түншлэл, инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Н.Энхболдоос тодруулсан юм.
-Нийт
23 байрыг нэг багц болгон тендер зарлаж байсан. Нэгдүгээр шатны
шалгаруулалтаар нэг компани шалгарсан. Хоёрдугаар шатны шалгаруулалт
явагдаагүй байхад Засгийн газрын тогтоолоор нийслэлийн шинэ бүтэц
батлагдан, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрыг байгуулсан юм. Энэ
байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд манай концессын хэлтэс орж ирсэн.
Нийслэлийн
хуралдаанаар концессыг сонгон шалгаруулах комисс байгуулсан юм.
Энэхүү комиссын шийдвэрээр нэг байгууллагаар энэ ажлыг
гүйцэтгүүлэх нь хугацаа их алдаж, урт хугацааны дараа үр дүн нь
гарах болохоор хувааж зарлах нь зөв гэсэн шийдвэр гаргасан юм.
Одоогийн байдлаар долоон багц болгон хувааснаас зургааг нь зарлаад
байна. Зургадугаар сарын 4-нийг хүртэл зарласан байгаа нь эхний үе
шат.
Оролцох компаниудын хувьд нэгдүгээрт санхүүгийн чадварыг
гол үзүүлэлт болгож байгаа. Мөн барилга барих туршлагатай, чадвартай
байх, эсвэл барилга барих туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй компанитай
түншлэлээр орж ирэх ёстой. Тухайн компани хаана ямар барилга барьсан
туршлагыг, ажиллах хүчний болоод техник хэрэгслийн нөөц бололцоог нь
харгалзаж шалгаруулна.
Ерөнхийдөө хоёрдугаар шатны
шалгаруулалтаар энэ барилгыг хэр хугацаанд хэрхэн гүйцэтгэхээ
харуулсан барилгын ажлын график, оршин суугчдыг хаана байршуулах вэ
гэдгийг гол нөхцөл болгон авч үзнэ. Жишээ болгоход, өмнө нь шалгарч
байсан “Өндөрбуянт” ХХК гэхэд оршин суугчдад 8-10 м/кв талбай нэмж
олгоно, түр оршин суух байрыг нь бэлдэж өгнө. Шууд байраар солино
гэвэл Зайсанд барьж байгаа сууцнаасаа өгөх боломжтой гэж санал болгож
байсан юм билээ. Одоогийн шалгаруулалтад ч “Өндөрбуянт” компанийн
оролцох эрх нээлттэй байгаа.
Ямар нөхцөлөөр хэрхэн сайжруулах
вэ гэдгээрээ компаниуд өрсөлдөнө. Хугацааны хувьд урьдчилсан
байдлаар хоёроос гурван жилээр тооцож байна. Компаниудын барилгын
графикаас тодорхой болно. Тэд саналаа өгнө. Гэхдээ энэ маань багц
болгон дээр өөр өөр байна. Жишээ нь ганцаараа байгаа арьс ширний 21
байрыг дахин барилгажуулахад ийм урт хугацаа орохгүй бол дөрөв,
таваараа байгаа орон сууцнуудын хувьд өөр шүү дээ.
Олны нэрлэж
заншсанаар “Нэхмэлийн шар” гэгдэх нурах дөхсөн хэдэн барилга Хан-Уул
дүүргийн хоёрдугаар хороонд бий. НМХГ-аас энэ байрнуудыг “Нурах аюултай
болсон барилгын жагсаалт”-д одоогоос хэдэн жилийн өмнө оруулсан байдаг.
Гэвч
үе, үеийн нэр дэвшигчдийн “олз” болдог энэ хэдэн байрны асуудал
өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдсэнгүй. Бахь байдгаараа, ялгадас нь,
хальсан ОО-ийн өрөө, эхүүн үнэртэй орц хонгил… Гундаж, цөхөрсөн
иргэд. Одоо энэ дүүрэгт олны анхаарлыг татах ганц зүйл үлдсэн нь
чийгтэж, мөөгөнцөртсөн, нурж унах дөхсөн хуучны хэдэн барилга л
байна.
Музейн үзмэр болгож, аялал жуулчлалд ашиглах гээгүй л юм
бол “Нэхмэлийн шар”-уудаа нураах цаг нь болох биш бүр өнгөрчихөж.
Жуулчдад сонирхуулах байсан ч бохир нь хальсан ийм аймшигтай зүйл рүү
явуулахаас эрх биш ичих байлгүй дээ. Тиймээс ч иргэдийн хувьд
бохиртойгой холилдож дахин 2-3 жил амьдарч тэсэхгүй нь гэдгээ
сониноор минь уламжилсан юм шүү, хотын дарга аа.
Эх сурвалж: www.MMINFO.mn