Ван Шүэ Линд хууль үйлчилдэг үү?

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Ван Шүэ Линд хууль үйлчилдэг үү?

Нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед ард иргэдээ орон сууцжуулахад  төр болон хувийн хэвшлийнхэн хувь нэмрээ оруулж буй.  Гэтэл байртай болох иргэдийн хүсэл дээр “дөрөөлөгч”, чанаргүй барилгаа чанартай болгон “авлигадагч” бас цөөнгүй байна. “Авлигадагч”-ийн хохирогч нь  Баянгол дүүргийн VI хороо, 10 хороололд байрлах 39-р байрны оршин суугчид.


Ус алдсан шугамыг тайрч солих
гэж буй байдал. Ханыг нураасан байдал

Яагаад 66 айл хохирох болов


Анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  захиалгаар “Шүнди” ХХК нь нэг давхартаа үйлчилгээний төвтэй, орон сууцны зориулалттай 12 давхар 66 айлын орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Энэхүү барилгыг гүйцэтгэгчээр нь “Зунчен” ХХК ажилласан байна. Гэвч энэхүү барилга ашиглалтад хүлээлгэж өгч байхад нь ч ус алдаж, чанаргүй барилга гэдэг нь бодит амьдрал дээр тогтоогдож Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар “Шүнди” ХХК-иас гурван өрөө орон сууцыг хахуульд авснаар улсын комисс чанаргүй барилгыг ногоон гэрлээр хүлээн авчээ. Гэвч удалгүй ногоон гэрлийн энэ будилааныг 2009 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр АТГ шалгаж, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатарт бусдаас авлига авсан хэргээр шалгагдаж эхлэн, энэ хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэн, гэм буруутай болох нь тогтоогдож, таван  жилийн хорих ял авч, одоо Ө.Сүхбаатар гэгч нь ялаа эдэлж байгаа бол авлига өгсөн гэх БНХАУ-ын иргэн буюу “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ван Сэн Тун нь ямар ял зэмгүй, ямар нэг хариуцлага хүлээгээгүй явж байна. Учир нь Ван Сэн Тунд ял оноосон ч өршөөлийн хуульд хамруулаад өнгөрөөсөн байна.

Хэрэглээний усанд зэвэрдэг хар /труба/ хоолойг хэрэглэсэн байдал.



Улсын комис хүлээн авсан “чанартай” барилга

Нийслэлийн Засаг даргын захиалгаар барьсан 66 айлын орон сууцны оршин суугчид хана нь хагархай, усанд автсан байдалтай өдрийн “аргацааж” байна. Байртай болохын тулд цөөнгүй нь зээл авч, хүн өр тавьсан нь ч байгаа гэнэ. Барилга угсралтын явцад хэрэгцээний халуун хүйтэн усны турбаг хар турбагаар холбож хийсэн. Гэвч ийм турбаг суурилуулахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосон байдаг аж. Гэтэл  “Зунчен” ХХК 12 давхар орон сууцны 66 айлын зарим нэг далд шугамуудыг энэхүү хориглосон хар турбагаар суурилуулсан нь оршин суугчдийн эрүүл мэндэд ч нөлөөлөх аюултайг МХЕГ-аас тогтоосон байна. МХЕГ-ын 2011 оны аравдугаар сарын 10-ний 06/49/996 тоот  улсын байцаагчийн тушаалаар “Орон сууцны барилгад батлагдсан зургийн дагуу угсрагдах ёстой байсан боловч дутуу хийгдсэн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойг хийж гүйцээх, угсралтын үед өөрчилсөн гүйцэтгэлд гүйцэтгэлийн зураг гаргаж баталгаажуулах, орон сууцны ашиглалтыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад  /ОСНААК/ албан ёсоор хүлээлгэн өгч ашиглалт, засвар, үйлчилгээг нь харъяалуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Санжмятав гаргажээ. Өөрөөр хэлбэл, “Шүнди” ХХК-ийн нэг давхартаа үйлчилгээтэй 12 давхар 66 айлын орон сууцны барилга  нь улсын комисс хүлээж авах боломжгүй, сантехникийн шаардлага хангахгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Харин үүнд тухай үед Улсын комисст хүлээлгэн өгсөн “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ван Сэн Тун болон уг барилгын гүйцэтгэлийг хийсэн гэх “Зунчен” ХХК-ийн захирал  Ван Шүэ Лин нар хариуцлага хүлээж, иргэдийн хохирлыг барагдуулах үүрэгтэй юм байна.

Монголчуудыг хохироосон Ван Сэн Тун гэгч хэн бэ?

Харин энэ хэрэгт холбогдох “Шүнди” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ван Сэн Тун, чанаргүй барилга барьсан, мөн орон сууцны бор­луулалтын орло­гоос 1,4 сая ам.дол­лар хувьдаа завшсан гэх, өөрийгөө хөрөнгө оруулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бусдад авлига хээл хахууль өгсөн гэх үндэслэлүүдээр шалгагдсан байна. Учир нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийн мөнгө нийт хоёр сая 88 мянган  ам.доллар байснаас зөвхөн 670 мянган орчим ам.долларыг хөрөнгө оруулагч компани руу шилжүүлсэн байна. Харин үлдэгдэл мөнгийг “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ван Сэн Тун нь хувьдаа завшсан эсэхийг шалгуулсан боловч хэргийг прокурор шалгаж тогтоолгүй хууль бусаар хэрэгсэхгүй болгожээ. Авлигатай тэмцэх газраас ”Шүндэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ван Сэн Тунд эрүүгийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн прокурорт шилжүүлсэн боловч Нийслэлийн прокурор зөвхөн авлига, хээл хахуулийн хэргийг яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлж, чанаргүй барилга барьсан гэх Эрүүгийн хуулийн тусгай хэрэгт заасан 174-ийн нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар компанийн өмч хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253,1-т заасан шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх эдгээр зүйл ангиудыг хууль бусаар хэрэгсэхгүй болгон Нийслэлийн хяналтын прокурор О.Гэрэл шийдвэрлэсэн байна. Тухайн үед Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Ван Шүэ Лин нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” ХХК-ийн хөрөнгө оруулалтын талаар Баянгол дүүргийн шүүхэд 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хуурамч номлох бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ хэргийг сэргээж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг харъяалах прокурорт даалгасан болохыг мэдэгдье” хэмээн 2010 оны есдүгээр сарын 21-ний өдөр хохирогчийн гомдолд хариу өгсөн байна. Гэтэл Нийслэлийн хяналтын прокурор О.Гэрэл нь “Шүндэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ван Сэн Туныг уг хэргийг үйлдээгүй байна гэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг нь прокурорын хуулинд прокурор дээд шатны прокурорын үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой атал О.Гэрэл ийнхүү хэргийг үйлдээгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байдаг.

Хэн хариуцлага хүлээх вэ?

Хуулийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлд зааснаар чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах, 174,1-т барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Тэгэхээр “Шүндэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ван Сэн Тун болон “Зунчен” ХХК-ийн захирал  Ван Шүэ Лин нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хуулийн хариуцлага хүлээгээд зогсохгүй, оршин суугчдыг хохироосон үйлдэлдээ хариуцлага, тооцуулж, хохирлыг барагдуулах ёстой нь зүй. Гэвч энэ хэргийг Нийслэлийн прокурор О.Гэрэл нь дээд шатны прокурорт гомдол гаргаж хянуулах боломж олголгүй хууль бусаар, санаатайгаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т зааснаар прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид гурав хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлах ёстой ажээ. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 17 хоногийн дараа танилцуулж, зөвхөн авлига хээл хахуу­лийн хэргийг шүүхэд өгсөн учир  Ван Сэн Тун, Ван Шүэ Лин нар ял завших боломжтой болжээ. Одоо “Шүнди” ХХК-ийн зүгээс тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ван Сэн Тунд холбогдох хэргийг сэргээж, иргэдийн хохирлыг барагдуулах шаардлагатай байгаа аж. Одоогоор Улсын ерөнхий прокурорт гомдол гарган, гомдлыг хянаж байгаа аж.
Харин  Ван Сэн Тун, Ван Шүэ Лин нарт хариуцлага хүлээлгэх хууль, хяналтынхан байгаа эсэхийг асуумаар санагдана.



Б.МАРАЛ

"NEWSWEEK" сонин №008

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж