
Дэлхийн ноён оргил Эверестийг хоёронтоо эзэлж /Түвд болон Балбын талаас/, Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст хөл тавьж байсан тэрбээр Seven Summits /долоон тивийн ноён оргилыг хамтад нь ингэж нэрлэдэг/-ыг эзэлж, Хойд, Өмнөд туйлд мөрөө гаргах мөрөөдөлтэй. Энгийн хүнд баймгүй тэсвэр тэвчээр, эр зориг, хүсэл мөрөөдлөө эвхэж халааслаад, мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлэхээр Хойд туйлыг зорин их аялалд гарсан тэрбээр монголчуудын мөрийг тэнд тамгалж чадлаа. Хэдий бид цөөхүүлээ ч Хойд туйлд хөл тавьж чадлаа. Монгол хүн сансарт ниссэн, монгол хүн Эверестийг эзэлсэн, монгол хүн олимпийн аварга болсон, монгол хүн дэлхийн өмнөд туйлд хүрсэн, монгол хүн ингээд Хойд туйлд хүрлээ. Бахдах, бахархах сэтгэл дундаршгүй нь. Ингээд хойд туйлын 90 градуст амжилттай хүрч очсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Iridium сансрын холбоогоор холбогдон хүргэсэн ярилцлагыг сонирхуулж байна.
-Юуны өмнө танд дэлхийн хойд туйлд монголчуудаас анх удаагаа хөл тавьсанд баяр хүргэе. Монголын төрийн далбааг хойд туйлд мандууллаа гэдэг нь монголчууд бидний хувьд омогшил бахархал төрүүлсэн үйл явдал боллоо.
-Маш сайхан байна. Үнэхээр сэтгэл догдолж байна. Ингээд бидний аяллыг дэмжин урам зориг хайрласан бүх монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Монголын цагаар дөрөвдүгээр сарын 20-ны 20.30 цагт Хойд туйлын 90 градуст хүрч, Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа. Энэ бол монгол хүн бүрийн сэтгэл шингэсэн далбаа юм шүү гэж бодохоор үнэхээр бахархмаар байна.
-Танд давхар баяр хүргэх нь зүйтэй байх. Учир нь өнөөдөр /IV.20/ таны төрсөн өдөр?
-Баярлалаа. Үнэхээр давхар баяр болж байна. Багийнхан маань уг нь 23-нд Хойд туйлд хүрэхээр төлөвлөж байсан ч миний төрсөн өдөрт зориулж, бэлэг барина гээд сүүлийн гурван өдөр нэлээд шахлаа. Гэхдээ л төрсөн өдрөө хойд туйлд угтсандаа үнэхээр баяртай байна. Магадгүй төрсөн өдрөө ингэж дэлхийн зулай хойд туйлд тэмдэглэсэн хүн байхгүй ч байж магадгүй. Манай багийнхан надад баяр хүргээд их сайхан байна. Дэлхийн хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж мөрөөдөж байсан ч яг ингээд эхээс төрсөн өдрөө дэлхий ертөнцийнхаа зулайд хөл тавин тэмдэглэнэ гэж итгэж зүрхлэхгүй байна.
-Аялал хүнд байв уу. Ядарсан уу?
-Мөрөөдлөө биелүүлээд, зорилгодоо хүрсэн болохоор ядрах зэргийн асуудал алга аа. Мэдээж хойд туйлд хүрнэ гэдэг бол ууланд авирахаас өөр асуудал. Янз бүрийн бэрхшээл гаралгүй л яахав. Гэхдээ л хамгийн гол нь аялал маань амжилттай боллоо. Монголдоо очоод тухтай ярилцана гэж бодож байна. Мөн аяллын талаар байнга мэдээллээр хангаж дэмжин оролцож байсан танай News агентлагийн хамт олонд ч баярлалаа гэж хэлмээр байна.
-Аяллын багийнхаа тухай танилцуулаач. Хэдүүлээ явсан бэ?
-Аяллын баг долуулаа. Англи, АНУ-аас хоёр, хоёр хүн, Австрали, Португали, тэгээд би. Ихэнх нь Seven Summits-д авирах, Хойд, Өмнөд туйлд очих зорилготой. Ер нь л зорилго, тэмүүлэл нэгтэй “манай чиг”-ийн хүмүүс нэгдсэн гэж хэлж болно. Хойд туйл дээр ирэнгүүтээ манай багийн ахлагч Keith Heger Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Иридум утсаар холбогдож ярилцсан шүү.
-Мэдээж аяллын үеэр хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл их л тохиолдож байсан биз дээ? Энгийн бидний хувьд гэхэд л тэсгим хүйтэн салхи шуурган дундуур алхах гэх мэтийн төсөөлөл л хамгийн түрүүнд бууж байна л даа?
-Үндсэн баазаасаа цаашаа 110 км явж, Хойд туйлд очих ёстой. Гэвч мөсний хагарал ихтэй, мөс хайлмагтай, ан цав үүссэн, дээр нь цаг агаар хүйтэн, салхитай гээд байгаль, цаг агаарын байдлаас шалтгаалж тойруу замаар аялсан. Бараг 200-гаад км алхаж ирлээ. Бодсоноос илүү хүйтэн байлаа. Гэхдээ бэлтгэл сайтай байсан болохоор гайгүй байлаа. Нэгэнт хойд туйлыг зорьсон юм болохоор иймэрхүү хүндрэл бэрхшээл тулгарна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан л даа.
-Монголд хийсэн бэлтгэл тань мэдээж эергээр нөлөөлсөн байх. Улаанцутгалангийн мөсөнд авирч, Хөвсгөл далай, Туул гол гээд сонирхолтой газруудаар бэлтгэл базаасан гэж байсан?
-Дэлхийн хамгийн хүйтэн цэгт очих гэж байсан болохоор гол, усны жавар дагаж, бэлтгэл хийсэн. Дугуй, цанаар ч их явсан. Дугуй чирж, мөсөн дээгүүр ч алхсан. Нэг ёсондоо хүчний болон биеийн бэлтгэл их хийсэн. Тэр маань ч хэрэг боллоо.
-Таны энэ удаагийн аялалд нэг онцлог байсан гэж болно. Өмнө нь ууланд авиралт, аялалтай холбоотой аливаа асуудлыг бие дааж, өөрөө хариуцдаг байсан бол анх удаа таны аялалд төрөөс дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Мэдээж энэ аялалд чамгүй хэмжээний мөнгө, бэлтгэл шаардлагатай байдаг байх.
-Монгол хүн Хойд мөсөн талбайг гаталж, Хойд туйлд хүрэх түүхэн аяллыг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлье. Гол зорилгоо биелүүллээ. Энэ талаар хойд туйлд хүрмэгцээ /2013.04.20-ны 20.30 цаг/ аяллыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлж, төрийн тэргүүнээрээ төлөөлүүлэн Монголын нийт ард түмэндээ баярт мэдээг хүргэсэн. Маш их баяртай байна. Ерөнхийлөгч “Зорьсон зорилгоо биелүүлж, эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, дэлхийн зулайд эх орон, ард түмнийхээ итгэл шингэсэн далбааг мандуулсанд баяр хүргэе. Энэ үйл түүхэн үйл явдал Монгол хүн бүрийн хийморь лундааг сэргээх болтугай. Монгол хүн анх удаа Хойд туйл, дэлхийн бөмбөрцгийн 90 градусын цэгт хүрч, Монголын ард түмэн бас нэгэн бахархалтай болсонд баяртай байна. Аяллаа амжилттай үргэлжлүүлж, эх орондоо удахгүй уулзахын ерөөл өргөе” гэж байна. Мөн аяллын багийн ахлагч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбогдохыг хүсч, тэд хоорондоо ярилаа. Манай багийн ахлагч Keith Heger Ерөнхийлөгчтэй ярихдаа, “Монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг уулчин Г.Өсөхбаяраар төлөөлүүлэн ойлгож, бахархаж байна. Бид маш сайн аялж, зорьсон зорилгоо хамтын хүчээр биелүүллээ. Багийн гишүүдийн биеийн байдал сайна байгаа. Тамирчнаа дэмжиж Хойд туйлын эрсдэлтэй аялалд явуулсан Эрхэм Ерөнхийлөгч танд талархаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
-Хэзээ эх орондоо ирэх вэ?
-Хойд туйлын 90 грудусын энэ цэг дээрээ манай багийнхан хоёр хононо. Тэгээд Норвеги руу нисч, тэндээсээ ирэх долоо хоногт эх орондоо очно.
-Догдолж байна уу?
-Гол зорилгоо биелүүлж, Хойд туйлд хүрсэн болохоор сэтгэл хангалуун байна. Аяллыг минь дэмжиж, бүхий л мэдээллийг шуурхай дамжуулж байсан та бүхэнд баярлалаа. Нутагтаа очингуутаа илүү дэлгэрэнгүй ярилцах боломж гарна байх аа. Тэгэхээр тухтай уулзацгаая.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аяллын төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 6-ны үүрээр эх орноосоо мордсон. Улаанбаатараас нисч, Москвагаар дамжин Норвегийн нийслэлд Ослод газардсан тэрбээр тэндээсээ Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижиг хотод очиж, 7-нд аяллын багтайгаа нэгджээ. Гурав хоногийн турш тэндээ туйлын бэлтгэл хийгээд, 10-нд аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын тааламжгүй байдал, салхи шуурганаас үүдэн 14-нд Хойд туйлыг зорин хөдөлжээ. Тэдний аяллын баг долуулаа. Австрали, Англи, Португали гээд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан тэднийг эр зоригийн, экстрим мөрөөдөл нь тэнд нэгтгэж. Seven Summits-д авирах, хойд, өмнөд туйлд очих зорилготой тэдний дунд Г.Өсөхбаяр гавьяат гаргасан амжилтаараа гуравдугаарт орж буйгаа хэлж байсан юм.
Төлөвлөгөө ёсоор 23-нд Хойд туйлын 90 градуст хүрч очихоор төлөвлөж байсан аяллын багийнхан оройхон гараад ширүүхэн дайрчээ. Зорилго нь Г.Өсөхбаяр гавьяатын маань төрсөн өдөрт бэлэг барихаар тэд зориг шулуудаж. Хэдий зам даваа бэрх, мөсний хагарал цуурал ихтэй, ан цавтай байсан ч аяллын сүүлийн гурван өдрийн туршид ширүүн дайрч, дөрөвдүгээр сарын 20-нд Монголын цагаар 20.30 цагт дэлхийн бөмбөрцгийн зулайд гишгэжээ. Энэ өдөр Г.Өсөхбаярын төрсөн өдөр. Аяллын сүүлийн өдөр экспедицийнхэн 10 км гаруй явган явж, зорьсон цэгтээ хүрсэн бөгөөд аяллын багийнхан Хойд туйлд хүрсэн амжилтаа тэмдэглээд зогсохгүй, багийн гишүүн Г.Өсөхбаярын төрсөн өдрийг Хойд туйлд угтсан тухай аяллыг зохион байгуулагчдын албан ёсны блогт мэдээлжээ. Happy Birthday Usukhbayar Gotovdorj!
Өнгөрөгч бямба гаригт Хойд туйлд хөл тавьсан Г.Өсөхбаяр Норвегиор дамжин удахгүй эх орондоо ирнэ. Аяллын багийнхан өдөртөө -30 хэмээс давж хүйтрэх тэсгим хүйтэнд майханд хоноглож, аяллаа амжилтаа болгосон. Хойд өргөргийн 89 градуст орших Барнео гэх баазаас үндсэн аяллаа эхлүүлж, 110 км замыг явган туулж, аяллаа амжилттай болгосон тэд Хойд туйлын 90 градуст хоёр хоноод нисдэг тэргээр буцаад Норвегийн Лонгиэрбайнд очих юм. Тэндээс нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залах ажээ.
"NEWSWEEK" сонин №008
