Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Ус уу, барилга уу?

Зөвшөөрөлгүй барилгууд Улаанбаатарчуудын ундны усыг сүйтгэж байна

Хотын дарга Э.Бат-Үүл баатарын тушаалаар өнгөрсөн зунаас эхлээд зөвшөөрөлгүй барилга, газрын дайн эхэлсэн. “Цэвэрлэгээний баг” хоёр ч удаа хотод самналт хийж, хууль зөрчсөн газрын зөвшөөрлийг цуцлаж, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг хуйгаар нь илрүүлсэн билээ. Гэтэл энэ газар, барилгын мөрдлөгөд нэг хэсэг эмзэг газрынхан өртөөгүй үлдсэн нь өнөөдөр хотынхныг бохир усаар ундаалахад хүргэж магад болоод байна. Хотын нөхөд албаар үлдээсэн үү, угаас хотын зах хавьцаа болохоор анзаараагүй юү, мэдэхгүй. Ямар ч гэсэн манай хотын цэвэр усны төв магистрал шугамны дээр барилга бариад сүйд хийж байгаа юм. Барьж байгаа хүмүүс нь сүйд хийж байгаагаа мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй.Хотынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хэсэг залуус нэгдээд хэлэхээр чихэн дүлий нүдэн балай байдаг юм байх. 

Уг нь Улаанбаатар хотын цэвэр усны шугам, ундны усны нөөц дээр барилга барих нь хуулиар хориотой. Хорьсон заалтыг Баянзүрх дүүргийн X хорооны газар нутаг дээр зөрчөөд байгаа юм. Барилга барьж байгаа байршил нь Улиастайн гүүрнээс Батоникийн цэцэрлэг хүрэх замын хойд хэсгээр. Баримжаалбал “Tiger” үйлдвэрийн тэр хавиар. Андуураагүй бол энэ хэсгээр ундны цэвэр усны төв шугам явдаг. Андуураагүй гэдгээ “Ус сувгийн удирдах газар”-аас ч тодруулсан байгаа. Инженер нь Улаанбаатарын ундны усны шугам хоолойн зураг гаргаж ирээд үзүүлэхэд тэр хавиар төв шугам гэсэн бичигтэй хоолойн зураг гарч ирж байсан. Гэтэл үүндээрхог хаягдлаа хаана хаядаг нь ч мэдэгдэхгүй жижиг том барилгын ажил эхлэх нь эхлээд дуусах нь дуусчихлаа. Улаанбаатарчуудын ундны усны шугам хоолойн дээр барилга барьж болохгүйг нь мэдсэн  “Монгол-Ус” ТББ-ын хэсэг залуус хэлээ хүрэх газар мэдэгдээд, хөлөө хүрэх газар яваад тусыг эс олоод байгаа юм байна. Улаанбаатарчуудын ундны усны худаг, шугам хоолой бий гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нойл ухах нь бүү хэл байшин ч бариулахгүй гээд байгаа. Гэтэл Амгалангийн буйд газарт анхаарал дутаж, хэн дуртай нь байшин босгож байна. Хэрвээ барилга барих гэж нүх ухаж байгаад шугам хоолойг нь гэмтээвэл яах вэ, хэн бохир ус ууж хордох юм. Улаанбаатарчууд бид л хордоно.

Ундны усны шугам хоолойг цэвэр байлгах гэж ухаж сольж, сэлбэж янзлахад амархан газар барьдаг.Нэг хоолой шинэчлэх гэж хэчнээн тэрбумыг дээр нь зардаг.  Тэрбумаар хэмжигдэх засвар арчлалтын мөнгө татвар төлөгч та бидний халааснаас гарч байгаа. Улс орноо хөгжүүл гэж татвар болгож өгсөн мөнгийг маань хэнэггүй хэдэн нөхдийн балгаар дэмий зүйлд зарахыг би лав зөвшөөрөхгүй. Тэгээд ч барилгын дор орсон шугам хоолойд ямар арчлал засвар хийгдэх вэ. Байгаа шугам хоолойгоо арчлахгүй, дээр нь барилга бариулчихаад, дараа нь өөрийг хийх шаардлагатай боллоо гээд хэдэн тэрбумыг зарж баахан айл нүүлгэж, амгаланг эвдэх хэрэг гарч ч магад болоод байна.

Тэгэхээр “Монгол-Ус” ТББ-ын хэсэг залуусын олж мэдсэн энэ фактыг хотын дарга танд сэтгүүлч миний бие дамжуулж хүргэж байна.  Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж бий болсноос хойш нүдэнд харагдахуйц дорвитой ажлыг хотын дарга та л хийж байгаа болохоор нэр цохож танд хандлаа. Та болон таны баг ажлаа авснаас хойш буруу жишгээр явж ирсэн газар олголтыг цэгцэлж эхэлсэн. Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудад тусгай зөвшөөрөл авсан байсныг цуцалж хэвийн байдалд оруулж байгааг хараад Амгалан хавьд өрнөөд байгаа будлианыг цэгцэлж дөнгөх байх гэж итгээд байгаа юм.Үүлдаргын нүднээс ундны усны төв магистрал шугам дээр баригдсан зөвшөөрөлтэй эсэх нь бүрхэг барилга мултрахгүй байх гэж найдаж байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж