Ёс зүйн дэд хороо С.Баярцогтын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.23-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хороо С.Баярцогтын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдахаар товлогджээ. Тус хорооны хурлаар УИХ-ын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх бөгөөд үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал багтаж буй юм. Швейцарийн банкинд нууц данстай болох нь илчлэгдэж, улмаар УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Баярцогтын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар түр хойшлуулсан билээ. Зарим гишүүдийн хувьд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх нь зүйтэй, мөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө Ёс зүйн дэд хороо хуралдаж, зохих шийдвэрээ танилцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.

Мөн өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт болно. Тус хуралдаанаар Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал барихад зарцуулагдах хөрөнгийг нэмэлт хэлэлцээрийг шийдвэрлэх аж. Залгуулаад, Эдийн засгийн, Төсвийн байнгын хороод дангаар хуралдах бол 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 15.30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус хуралдах юм.

Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя.

1. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

 
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээлэл сонсох;
  • Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

3. Төсвийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх;
  • Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх/.

6. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж