“Is Tropical” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

“Is Tropical” Монголд ирлээ

“The Greek” дуугаараа 2011 оны “UK Music Video Awards”-аас “Best Indie/Rock Video” шагнал хүртэж байсан Английн “Is Tropical” хамтлаг саяхан фэйсбүүк хуудсандаа “Бид Монголд очно” хэмээн бичиж байсан бол өнөөдөр Улаанбаатарт газарджээ. “Монгол ньюс” төвд өнөөдөр хамтлагийн зүгээс сэтгүүлчдэд ирсэн зорилго, тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

“Is Tropical” хамтлагийнхан маргааш буюу 23-нд Дархан хотын “Queen” клубт, нөгөөдөр “iLoft function house”-т 20.00 цагт тус тус тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тоглолтод урилгаар “Моханик”, “Ватаме”, “Колорс” хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна. Английн алдарт “Is Tropical” хамтлагийн аялан тоглолтын үеэр дэлхийн олон сая интернет хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон www.vice.com сайтаас баримтат киноны баг дагалдан яваа бөгөөд тэдний аяллын тухай кино бүтээж байгаа аж.

Уг хамтлаг нь хоёр жилийн өмнөөс Улаанбаатар, Дархан хотуудад зохион байгуулагдах болсон “Рок наадам”-ын хүрээнд Монголын үзэгчдэд өөрсдийн хит дуугаа хүргэхээр ийнхүү хүрэлцэн ирээд байгаа юм. Наадмын нэг онцлог нь Олон улсын хамтлагуудыг урьж ашгийн бус соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Тиймээс Шанхай дахь DJ B.O, DJ Zoloo, “Орхон-21” урлагийн төв, “Дискотек” клубтэй хамтран “Is Tropical” хамтлагтай гэрээ хийн Монголд авчирсан байна. 

“Is Tropical” хамтлагийн маргааш Дархан-Уул аймгийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд цаашдаа өөрсдийн тусламжийн гараа сунгах аж.

Дэлхийн хэмжээний амьд хөгжмийн өсөж яваа “одод” ийнхүү анх удаа Монголд тоглолтоо хийхээр сарын өмнөөс ярилцаж тохиролцсон бөгөөд бүх ажил гэрээний дагуу амжилттай явагдаж байгааг зохион байгуулагчид дуулгалаа.

Тоглолтын зохион байгуулагчаар “Орхон-21 Урлагийн Төв”, “Орхон” продакшны захирал Р.Жавхлантөгс, Шанхай хотын “BO Style”, ерөнхий ивээн тэтгэгчээр “MSM-BELiVe” брэнд, “Хүрхрээ” брэнд хамтран ажиллаж байна. Английн алдарт “Is Tropical” хамтлагийн аялан тоглолтын үеэр дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон www.vice.com сайтаас баримтат киноны баг дагалдан явах бөгөөд аяллын тухай кино бүтээх юм. Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх юм.

"When O’ When" синглээрээ дэлхий дахинд танигджээ

2009 онд Английн Лондон хотноо Симон Милнер, Гари Барбер, Доминик Апа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд 2010 оны нэгдүгээр сард гаргасан "When O’ When" синглээрээ дэлхий дахинд танигдан удалгүй Францын хөгжмийн “Kitsune” студитэй хамтран ажиллахаар болсон байна. 2010 оны намраас тэд “Native To” нэртэй анхны цомгийн ажилдаа орсон бөгөөд эхний сингл “South Pacific” нь 2011 оны нэгдүгээр сард цацагдсанаар нэр хүнд нь түгэхэд нөлөөлсөн гэдэг. Тэдний “The Greek” дууны дүрс бичлэгийг YouTube сайтад 3.5 сая удаа үзсэн мэдээ бий.

Удалгүй “Klaxons”, “The Big Pink”, “Mystery Jets”, “Good Shoes” зэрэг хамтлагуудтай Их Британи болон Европын зарим орнуудаар аялан тоглолт хийжээ. 2011 оны зургадугаар сард удаан хүлээлгэсэн анхны цомог “Native To”-гээ хоёр дахь сингл болох “The Greeks”- тэйгээ зэрэгцүүлэн гаргажээ. “The Greek”-ийг гаргасан даруйд 2001 оны UК Music Video Awards-аас “Best Indie/Rock Video” номинацаар шагнал авсан юм. “YouTube” сайтад уг видеог 3.5 сая орчим давталтайгаар үзжээ.

2013 оны нэгдүгээр сард “Flags” нэртэй хураангуй цомгоо “Visions”, “Drugzndreamz”, “Goodbye Leopold”, “Owen Pratt “ зэрэг хамтлагтай хамтран гаргасан. Дэлхийн орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрсдийн нэр алдрыг цуурайтуулж яваа тус хамтлаг “The Antville Music Video Awards”, “UK Music Video Awards”, “D&AD Yellow Pencil Award”, “Artrocker Award”-ийн шагналын эзнээр тус тус шалгарч байжээ.

“Is Tropical”  хамтлаг нь “I’m Leaving” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгийн нээлтээ  продюсер Люк Смит болон “Kitsune” студитэй хамтран ирэх тавдугаар сарын 20-нд дэлхий даяар нэгэн зэрэг нээхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм.

Сонирхуулахад, уг цомогт нь Монголын уран бүтээлчидтэй хамтарсан хоёр сингл албан ёсоор орохоор болж байгаа бөгөөд DJ Zoloo-гийн хөөмий болон “Орхон” рекордс студийн уран бүтээлчидтэй хамтарсан шинэ уран бүтээлүүд тус хамтлагийн бүтээлийн дээжист багтан дэлхий даяар цацагдах нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж