“Хайрын бурхан”-тай саатсан тэр үдшийн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

“Хайрын бурхан”-тай саатсан тэр үдшийн тэмдэглэл

“Хайрын бурхан” дуугаараа Монголын эстрад урлагт нэрээ тамгалсан Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа өнгөрсөн бямба гаригт /2013.04.20/ төрсөн өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 43 насны төрсөн өдрөөрөө нижгэр тоглолтоор фенүүддээ бэлэг барьсан энэ эрхэм хатагтай амьдралынхаа тэн хагасаас ч илүүтэйг Монголын урлагийн тайзнаа үдсэн баяраа энэ өдөр давхар тэмдэглэв. “UB Palace”-ын их танхим дүүрэн цугласан үзэгчид үргэлж сэтгэлд шинэхнээрээ байдаг түүний нандин, хит дуунууд, уянгалаг дуу хоолойг санажээ.

“Салахгүй юм шиг дасгаад
Салаа замаар замаар одоход чинь
Холхон явъя гэсэн ч

Холдож болдоггүй сэтгэл юм…” хэмээн эгшиглэх уянгалаг аялгуу хөвөрч, залгуулаад “Таньдаг залуу” гэх хөнгөн хэмнэлтэй цоглог дуу танхимд хөг нэмлээ.
Өдгөөгөөс 27 жилийн өмнө Монголын урлагт мэндэлж асан энэ дуу тухайн цаг үеийнхээ хит болж байж. 1986 онд Улсын зургийн институтын “Мөнгөн харандаа” хамтлагт дагалдан дуучнаар орж байсан шавилхан охин Б.Сарантуяагийн дуу хоолой энэ цаг мөчөөс урлагийн тайзнаа үзэгчдийг уяраах болсон юм. Тиймдээ ч энэ дуу үүх түүхтэй, тэр хэрээр үзэгчдийг хуучны дурсамжийг сэргээж чадсан.

 “…Цэцгийн настай эмзэгхэн дурлал
Цээжний гүнд хоногшин үлдэнэ
Намуухан аялгуу, намрын навчис

Надтай хамт гунигаар уйлна..” “Зүүдний учрал”-д саатуулсан Сараа 2004 онд “Best of Saraa” тоглолтоо энэ л танхимд амьд хөгжмийн хамт хийж, эдгээр хит дуунуудаа эгшиглүүлж байснаа эргэн дурслаа. Ерөөс Сараа гэгч энэ хатагтай Монголын эстрадын урлагийн том төлөөлөл, нэгэн цаг үеийн түүх болж чаджээ. Тэр нь түүний дурсамж ярианаас илхэн…

Б.Сарантуяа 1990 онд “Буян” компанийн дэргэд байгуулагдсан “Хөх тэнгэр” хамтлагтай холбогджээ. Тэр үед хослон дуулж явсан Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог тэртээх дурсамжийг сэдрээж, тайзнаа морилов. Хоёул хамтдаа “Цогт хунтайж” дуугаа тайзнаа эгшиглүүлж, “Уран бүтээлийн минь үнэнч дэмжигч, алтан партнёр” гэдгийг Сараа онцолсон. Мөн тэд “Хонх” хамтлагийн С.Цогтсайханы үг, хөгжмийн зохиолч “хоовон” Энхбаярын тэдэнд зориулан зохиосон “Хагацаж болдоггүй тавилан” дууг хослон дуулж,

“…Тэр өдрийн нарыг
Тэр өдрийн сарыг
Тэд өдрийн цэцэгсийг эргүүлэн…” авчирсан юм.

“Хайрын бурхан” хит дуугаараа нэрлэсэн түүний төрсөн өдрийн баярын тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Хурд” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин, түүний хөрш Д.Төмөрцог, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат гээд Монголын урлагт өнгө нэмж яваа эрхмүүд саатсан.

Цаг хугацаагаар аялуулж, дурсамж сэргээсэн Сараагийн шилдэг хитүүдийг нэг дор сонсох хэчнээн сайхан байсан гээч. Дуу бүрийг нь даган дуулах үзэгчид түүнийг дахиад арав, хоёр, гучин жил энэ л чигээрээ гайхалтай хоолойгоороо үзэгчдийг уяраан догдлуулж, хайрлуулахыг хүссээр…

Түүний уран бүтээлийг хөгжмийн зохиолч, яруу найрагчидгүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч түүний уран санд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, хөгжмийн найруулагч Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр гээд шилдгүүдийн уран бүтээлийн урт цуваа эздийнхээ хамт үргэлжилнэ.

Сараа хэдэн жилийн өмнө нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Би 1970 онд төрсөн ч XX зууны эстрадын манлай дуучин хэмээн эрхэм цолыг хүртсэн азтай хүн” хэмээн ярьж байсан нь юм. Тэрээр азтай, одтой, авьяастай нэгэн учраас л өнөөдрийг хүртэл бидний дунд од болон гялалзсаар шинийг эрэлхийлэн цаг үетэйгээ хөл нийлэн алхсаар яваа юм.

Поп дива Сараа Монголын рок, поп урлагт олон зүйлсийн анхдагч болж, өөрийн орон зайг тунхаглан яваа. Тэрээр хамгийн анх дуундаа гадаад үгийг хэрэглэсэн дуучин бөгөөд тэр түүхийн “эзэн” болсорн “Супермэн” дуу энэ үдэш эгшиглэлээ.
Поп дива Сараа энэ удаагийн тоглолтын багаа Монголын рок, попын хүчирхэг залуусаар бүрдүүлжээ. Түүний төрсөн өдрийн тоглолтын хөгжимчнөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын зөвлөх, хурандаа Г.Энхбаяр, мөн энэ удаагийн тоглолтоо нэрлэсэн “Хайрын бурхан” дууны “эзэн”, Монголын номер нэг гитарчин Өөжгий, “UP Music” продакшны хөгжмийн найруулагч Н.Халиун, “Хөх тэнгэр” хамтлагийн хөгжимчин Бука, “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Болорхүү нар ажилласан. Мөн түүний арын хоолой буюу вокалистаар залуу дуучин Л.Насанбуян, Г.Солонго, СУИС-ийн оюутан, Номин, Энхжин нар дуулсан. Тэд энэ л үдэш амьд хөгжмийн нүргээн дор “Хайрын бурхан”-ыг газарт саатуулсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж