Эмэгтэйчүүдийн болж бүтэхгүй байгаа
юм бүхэнд эрчүүд буруутай. Харьд одож, хар элгийн хүнд дарлуулж,
доромжлуулсан эмэгтэйн өмнө эрчүүд буруутай. Хүүхэд нь хөдөлмөр эрхэлж
байвал аавуудын буруу. Үр хүүхэд нь өлсч зовбол эцгийн буруу. Дүү нь
сахилгагүй бол ахын буруу. Товчхондоо буруу бүхэн эрчүүдийн буруу болж
байгаа юм. Сайхан бүсгүй нөхөргүй байгаа нь эрчүүдийн буруу. Сайн
эмэгтэйчүүд олноороо төрд ажиллаж байгаа нь бас л эрчүүдийн буруу.
Буруу бүхнийг эрчүүд рүү чихээд байгаа эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь буруу
гэж байна уу, ингэхэд. Уг нь бий л байх. “Гарын таван хуруу”-ны Шагдар
эхнэр, таван хүүхдээ хаядаг нь Шагдарын буруу биш, эхнэрийнх нь
буруу. Тавын таван хүүхдийг нь гаргачихаад нөхрөө торгоож дийлэхгүй,
залуу хүүхэнд алдаж байдаг. “Жаргал даахгүйн зовлон”-гийн моринд
чиргүүлж үхдэг нөхрийн өмнө Хөдөлмөрийн баатар эхнэр нь буруутай.
Анхнаасаа яах гэж хамаг юмаа өөрөө хийж, нөхрөө эрхлүүл гэсэн юм.
Эмэгтэйчүүдийн буруу нь ердөө л ийм юм.
Монголд эмэгтэйчүүдийн төлөө маш олон байгууллага бий. Эрхийг нь
хамгаална, өмөөрнө, эрүүлжүүлнэ, тураана, галбиржуулна, гоё
болгоно. Эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн баяр, эмч сувилагчдын баяр гээд
эм хүйстнүүдэд зориулсан баяр ч мундахгүй. Одонгийн мөнгө, хүүхдийн
мөнгө гэхчлэн төр харж үзнэ. Харин муу нэр, луу данстай эрчүүдэд
эрүүлжүүлэх байрнаас өөр үйлчлэх байгууллага үгүй, Цэргийн баяр нэртэй ч
цэрэгт яваагүй бол хамаарахгүй гэж ялгаварласан ганц баяраас өөр
тэмдэглэлт өдөр гэж алга. Гэсэн мөртлөө буруу болгоныг эрчүүд л
нуруундаа үүрнэ. Монгол эрчүүд харин үүнд гомдоллож гутраад, жагсч
цуглаад, эсэргүүцмээр байгаа юм. Талбай дээр дан эрчүүдийн жагсаал
болбол мөн ч сүртэй дээ. Эмэгтэйчүүдтэй адилхан эрхээ хамгаалуулна,
яахаараа би бусдын буруу болгоныг үүрэх ёстой юм гээд л. Эмэгтэйчүүдээс
бага насалж, өдөрт 20-30-аараа “аавын хаалга”-ыг татаж, шөнөдөө хэдэн
зуугаараа эрүүлжүүлэхэд хонож, гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа
маань хүүхнүүд та нарын буруугаас болж байна гээд лоозон барьж жагсаад,
ордныг гороолбол мөн сүртэй харагдана даа.
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
