Н.Хүрэлбаатарын далд сейфийн түүх ил болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанчлан далд сейфийг, нууц хүү нь ил болгосон. Ил, далд аль нь ч бай энэ мэдээлэл олон нийтийн сонорт хүрч, өдгөө цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг шалгаж буй. Нэгэн цагт Эрүүл мэндийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар, дараа нь богинохон ч гэсэн сайдын сэнтийд тухалсан Н.Хүрэлбаатарын далд сейфийн ил түүхийг хэрхэн шийдэх нь илэрсэн их мөнгө шигээ том асуултыг нэхэн торойх боллоо.
419 сая төгрөг. Энэ мөнгө бага мөнгө биш. Төрөх эмнэлгүүд, нурах дөхсөн сургууль, цэцэрлэгийг өлхөн засчихаар мөнгө. Харин яг ямар аргаар далд сейфэнд орсон гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Өөрийн хувийн бизнес гэхээр зүйлгүй ч түүний хадгаламж, эдэлж хэрэглэж байгаа зүйлсүүд нь нийлээд 100 саяын босго хол илүү давахаар харагдана. Ажилласан байдлыг нь судалбал ийм их мөнгийг төсвийн цалингаар цуглуулна гэж байхгүй. 50 сая төгрөгийн үнэтэй Лексус-470, 19 сая 300 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь зургаан сая. 180 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, 24 сая 163 мянган төгрөгийн хадгаламж ХААН банкинд бий. Хөрөнгө орлогоо төрд мэдүүлсэн маягтад ингэж бичжээ. Харин түүнээс гадна 419 сая төгрөг бий гэдэг олон нийтэд ил боллoo.
Эрх мэдэл хайрцаглагдах тусам тухайн хүн рүү урсах эрх мэдэл, эд хөрөнгийн урсгал чөлөөтэй болдог гэдгийг сүүлийн үед дэлхийн болоод Монголын улстөрд өрнөж буй үйл явц, үйлдлүүд тодорхой харуулж байна. Францад нэр бүхий таван сайд, нэг экс сайдын хэрэг шуугиан тарьж бүгд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэн ард түмнээсээ уучлалт гуйсаар… Учир нь тэд ард түмнийхээ хөрөнгөөр цалинжиж, дээрээс нь илүү, дутуу хөрөнгө мөнгөө тэдний хөлсөөр л төвлөрүүлсэн болохоор уучлалт гуйж байгаа нь зүйн хэрэг. Учир нь тэдэнд уучлалт гуйх улстөрийн ухамсар, соёл байдаг аж. Зүй нь бол Монголын улстөрчид хэрвээ ийм хэрэг болсон л бол, тэр нь үнэн л бол уучлалт гуйх наад захын соёл байх учиртай.
Францад үүссэн энэ хэрэгтэй Азийн Монголын хэрэг тун төстэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байдал нь ч тун адилхан. Харин Европын өндөр хөгжилтэй Францад энэ хэргийг албан тушаалтай нь ярьж, хөрөнгө мөнгийг нь шалгаж байхад Монголд энэ хэрэг гарч олонд ил болсон ч хариу үйлдэл гэхээр юм ажиглагдсангүй. Хэрвээ мөнгө идсэн, ямар нэгэн нууц хөрөнгөтэй гэдэг нь ил болсон л бол авах арга хэмжээ нь ч түүнтэй адилхан байхыг мартах учиргүй.
Эцэст нь ПиАр, сурталчилгаа алинаар нь ч тайлбарлагдаж болох ч нэгэн үгийг сануулъя. “Монголд даргын засаглал биш хуулийн засаглал тогтож эхэллээ” гэж.