УДЭТ-ын 25 жүжигчин тайз, гэрлийн ажилтнуудынхаа хамтаар Дархан-Уул аймагт ирээд байна. Тэд өнөөдрөөс эхлэн “Тамгагүй төр”, “Надаар тоглосон хайр”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Ээж ээ”, “Эхнэрээ зээлээч” болон хүүхдэд зориулсан “Бардам туулай” жүжгүүдээ тус аймгийн үзэгчдэд зориулан 19-нийг дууустал тоглоно.
Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулж буй “Дархан-Их урлаг” нэртэй аяны хүрээнд тэд ийнхүү аялан тоглолт хийж байгаа юм. Тэдний өмнө ДБЭТ-ын уран бүтээлчид өмнөх сард уран бүтээлээ толилуулсан. Энэ аяны хүрээнд мэргэжлийн урлагийн бүх байгууллага өөрсдийн бүтээлийг Дарханчуудад толилуулж байгаа. Үүнээс хоёр жилийн өмнө Орхон аймагт уг аяныг зохион байгуулсан билээ.