
Хэдийгээр дөрөвдүгээр сарын 21-нд Хойд туйлын 90 градуст хүрэх төлөвлөгөөтэй байсан ч Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 35 насныхаа төрсөн өдрөөр дэлхийн зулайд хүрэхээр аяллынхаа маршрутыг шахаж ийнхүү нэг өдрийн өмнө зорьсон газраа хүрчээ.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр төрийн далбаагаа Хойд туйлын 90 градуст мандуулсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сансрын холбоогоор ярьж зорилгодоо хүрснээ илтгэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зорьсон хэргээ биелүүлж, эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж дэлхийн зулайд эх орон, ард түмнийхээ итгэл шингэсэн төрийн далбааг мандуулсанд баяр хүргэе. Энэ түүхэн үйл явдал монгол хүн бүрийн хийморь лундааг сэргээх болтугай. Аяллаа амжилттай үргэлжлүүлж эх орондоо удахгүй уулзахын ерөөл өргөе” гэжээ.