
нүүрсний ордыг тойрсон хэл ам тасрахгүй нь бололтой. Төрийн өмчит
“Эрдэнэс тавантолгой” компани даваа гаригаас эхлэн нүүрсээ өмнөд хөрш
рүү экспортлох болсон тухай мэдээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн
баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.
Гэвч тэрхүү мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг дуулиан дагасан нь Ерөнхий сайд
Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охины “Говь нүүрс” гэдэг компани
Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендэр авах гэж байна гэх мэдээлэл
болоод байна. Ядахад, тус компанийн захирал эмэгтэй нь, Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр гэх. Харин Г.Дэнзэн нь
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар
хашдаг аж.
“Эрдэнэс тавантолгой” компани нь Тавантолгойгоос
олборлосон нүүрсээ Хятадын төрийн өмчит компанид нийлүүлж байсан ч
өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн зогсоосон юм. Нүүрс нийлүүлэлтээ
зогсоосон шалтгааныг Ерөнхий сайд “Нэг тонн нүүрс бүрээс Эрдэнэс
тавантолгой” компани 6 ам.долларын алдагдал хүлээж байгаа учраас
хэлэлцээрийг дахин хийж сайжруулах шаардлага үүссэн” гэж байв.
Харин
одоо Тавантолгойн нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх болсон нь арай дээр
нэр дурдсан “Говь нүүрс” компани оролцох болсонтой холбоотой юм биш
байгаа гэх эргэлзээг улстөрчдийн дунд үүсгээд байна. Ер нь Монголын
улстөрчид том албанд очихоороо төрийн мөнгөөр өөрсдийн компаниа
“тэжээхийг” илүүд үздэг зуршилтай болдог гэвэл хилсдүүлсэн болохгүй
болов уу. Жишээ татвал ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд 300
тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг өмнөх Засгийн газар УИХ-аас авах
болж хэлэлцүүлэг эхэлтэл түүнд нь Ерөнхий сайдын хувийн компанийн нэр
хавчуулагдчихсан тууж явсанд цөөнхийн бүлэг шүүмжилснээр шахаж гаргаж
байв. Тэрхүү 300 тэрбумын 100 тэрбум нь ноос, ноолуурын салбарыг
дэмжихэд, 150 тэрбум нь ажлын байр шинээр бий болоход, 50 тэрбум нь
үндэсний үйлдвэрт ноос, ноолуураа тушаасан малчдад урамшуулал болгож
өгөхөөр төлөвлөсөн байв. Ноос, ноолуурын салбарт хөнгөлөлттэй нөхцөлөөр
очих тэрхүү 100 тэрбум төгрөгийн зээлийг 10 гаруй компанид хуваан
олгохоор төлөвлөсний дотор “Алтай кашмер” компанийн нэр хавчуулагдсан
байсан нь улстөрчдөөс шүүмжлэл сонсоход хүрч, тус компани тэр даруй
өөрийн хүсэлтээр нэрээ татсан удаатай. Иймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг
таны төрсөн эгчийн охины компани Тавантолгойн тендэрт орох гэж байгаа
бол нэрийг нь шууд татуулчихвал яасан юм бэ. Хэрвээ энэхүү мэдээлэл
буруу бол засч залруулах нь зүйн хэрэг. Зарим вэб сайтад мэдээлснээр
“Говь нүүрс” компанийн талаар Ерөнхий сайд таниас УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр асуухад “Хариулт өгөөгүй” гэж мэдээлжээ. Дуугүй байж,
хариултаас бултаад байна гэдэг нь зөвшөөрсний тэмдэг гэж нэг үг бий дээ,
монголчуудын дунд.