&#34Азийн аваргын алтан медаль асар их үнээр олдсон&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

&#34Азийн аваргын алтан медаль асар их үнээр олдсон&#34

Т.ЭНХЖАРГАЛ: Азийн аваргаас 56 жилийн дараа эх орондоо авчирсан алтан медаль надад асар их үнээр олдсон

Монголын дугуйн эмэгтэй тамирчин Түвшинжаргалын Энхжаргал Энэтхэгийн
Дели хотноо зохиогдсон Азийн АШТ-нд тэргүүлж, алтан медалийн эзэн болсон
билээ. Тэрбээр 56 жилийн дараа эх орондоо алтан медаль авчирсан нь энэ
юм. Өдгөө  дөнгөж 20-хон настай ч бахдам амжилт үзүүлсэн түүнийг энэ
удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа.Тамирчин хүнд тулгардаг олон
бэрхшээлүүдийн нэг нь хөрөнгө мөнгөний асуудал байдаг. Т.Энхжаргалд ч
энэ бэрхшээл тулгарсныг тэрбээр биднээс нуусангүй. Түүнийг тэмцээнд
оролцоход нь “Сод Монгол” тэргүүтэй компианиуд ивээн тэтгэсэн аж. Гэхдээ
л насандаа баймгүй хэрсүү ухаантай, багшийнх нь тодорхойлсноор хол
давхих энэ охинд миссийн тэмцээнийг ивээн тэтгэдэг тэр олон эрхмүүдийн
нэг нь тусалчихаж болоогүй юм байх даа гэж бодсоноо нуух юун.

    -Т.Энхжаргалыг
“Амьдрал­ын үргэлжлэл” нэвтрүүлгээс харчихаад олж уулзахсан гэж хүсч
байлаа. Цаг гаргаж, урилгыг минь хүлээж авсанд баярлалаа?

-Зүгээр
дээ. Ойрын үед бэлтгэлтэй байгаа болохоор завгүй байна. Өчигдөр
/уржигдар/ нэлээд хүнд  бэлтгэл хийсэн учраас хамаг бие булгарчихаад
сууж байна даа. Тиймээс ч багш маань намайг өнөөдөр сайхан амар гэсэн
юм.

-Азийн АШТ-ээс 56 жилийн дараа алтан медаль авчирсан
охины тухай манай уншигчид сонирхож байгаа. Өөрийгөө манай уншигчдад
танилцуулахгүй юу?

-Намайг Түвшинжаргалын Энхжаргал
гэдэг. Би Улаанбаатарт төрж, өссөн. Нийслэлийн 31 дүгээр сургуулийг
дүүргэсэн. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн ахмад цолтой,
жирийн нэгэн эмэгтэй. Багадаа бүдүүн хоолойтой, хөдөлгөөнтэй, эршүүд
хүүхэд байлаа. Тиймээс ч багаасаа спортоор хичээллэсэн.

-Дугуйн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Би
дугуйн спортоор хичээллээд яг нэг жил болж байна. Өмнө нь триатлон,
усан  спортоор хичээллэдэг байсан. Анх долоон настайдаа ээжтэйгээ төв
бассейнд очиж усанд сэлж сурч байлаа. Түүнээс хойш дугуйлан секцэд
хамрагдаж, усан спортоор хичээллэх болсон. Тэгээд 2002 онд шигшээ багийн
тамирчин болсноос хойш  тасралтгүй 2007 он хүртэл хичээллэсэн юм. 2007
онд бассейн хаагдах гээд  хэцүү байсан л даа. Гэтэл хамтдаа  хичээллэж
байсан тамирчдын ихэнх нь спортоо орхисон. Харин би тухайн үедээ
триатлоны спортоор хичээллэх үү, яах вэ гээд л эргэлзэж байсан л дээ.
Тэгээд ер нь энэ спортоор хичээллээд үзье гэж бодоод Н.Наранбат багш
дээрээ хоёр жил триатлоноор хичээллэсэн. Триатлон гэдэг нь дугуй, гүйлт,
усан спортын  хосолсон төрөл юм. Улмаар 2010 онд Сингапур улсад
зохиогдсон Хүүхдийн олимпод эх орноо төлөөлж оролцсон. Хэдийгээр том
амжилт үзүүлээгүй боловч Азийн АШТ-нд тавдугаар байр эзлээд Хүүхдийн
олимпод оролцох эрхээ авсандаа маш их баярлаж байсан. Түүнээс хойш
спортоос  нэг хэсэг хөндийрөөд бэлтгэлээ орхисон байсан юм.

-Спортоосоо хөндийрөх хугацаандаа юу хийж, амжуулав?

-Тэр
хугацаанд их сургуулиа төгсч, интерьер дизайны мэргэжлийг эзэмшсэн. Ер
нь би багаасаа гурван зүйлийг хийж сурахыг хүсдэг байсан. Спортоос
хөндийрсөн  түр хугацаандаа хүүхэд байхдаа  хүсч байсан зүйлүүдээ хийж
сурсан.

-Тэр нь юу юм бол?

-Үсчин, гоо
сайхан болон тогоочийн курст суралцсан. Үүнээс гадна юм оёж сурсан.
Хэдийгээр үүнийгээ мэргэжил болгоод мөнгө олохгүй ч гэсэн ямар ч байсан
эмэгтэй хүнийхээ хувьд дээрх зүйлсийг хийж сурсан байх ёстой гэж боддог.

-Тэгэхээр чамгүй хөдөлмөрч эмэгтэй байх нь, тийм үү?

-Эмэгтэй
хүнийхээ хувьд хийж чадах ёстой зүйлсээ өөрийнхөө хэмжээнд хийж сурсан.
Тэгээд л боллоо. Би өөрийгөө үсчин, гоо сайханч гэж хэлэхгүй. Тогооч,
оёдолчин гэж боддоггүй. Гэхдээ ямар ч байсан тэмдэглэлт баяр, онцгой
өдөр тохиоход хүн гуйхгүй, гоо сайхны салон руу гүйхгүйгээр өөртөө үс
залгаад, маникюр хийгээд, нүүрээ гоё будаад,   таалагдсан хувцсаа
өөрийнхөө хэмжээнд хийгээд сурчихсандаа л баярладаг юм. Ямар ч зочин
ирсэн жор харж байгаад амттай хоолоор дайлчихна. Миний хувьд энэ л
хангалттай.

-Анх багштайгаа яаж танилцаж байв?

-Одоогоос
яг нэг жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сарын 27-нд ОУХМ
Т.Даваатогтох багштайгаа танилцаж байлаа. Дугуйн спортын ОУХМ
Б.Болд-Эрдэнэ ах маань надад “Чи дугуйн спортоор хичээллэх үү” гэж
асуусан юм. Тэгэхээр нь би хичээллээд үзье гэж хэлсэн. Т.Даваатогтох
багштайгаа танилцаад нэг өдөр бэлтгэл хийснийхээ дараа ярилцсан л даа.
Тэгсэн багш маань надад ингэж хэлсэн юм. “За, Энхжаргалаа чи энэ
спортоор тууштай хичээллээд амжилт гаргаж чадах уу. Би чамайг маш өндөр
төвшинд бэлтгэж чадна. Хэрэв энэ спортоор хичээллэвэл тив дэлхийн, 
олимпын аварга болгож чадна” гэсэн. Тухайн үедээ багшийн ярьсан нь
инээдтэй, биелшгүй, тэртээ холын мөрөөдөл шиг санагдаж байсан. Азийн
аварга, олон улсын тэмцээн бүү хэл надад улсын аварга үнэхээр хол
санагдаж байсан. Яг үнэнийг хэлэхэд   би юун тив дэлхийн тэмцээн бэ,
багш одоо юун сүржин юм бэ дээ л гэж бодож байлаа. Гэхдээ багш маань
надад анхнаасаа маш их итгэл үзүүлсэн. Миний багшид тамирчин, спортын
хүнд байх ёстой нэг гайхамшигтай чанар байдаг юм. Тэр нь үнэхээр өөртөө
итгэлтэй, бардам зан. Гэхдээ энэ нь онгироо, сагсуугийн бардам зан биш
би чадна гэж өөртөө итгэх итгэл юм. Энэ чанар бол тамирчин хүнд заавал
байх ёстой. Тиймээс ч энэ чанар нь намайг амжилт үзүүлэхэд нөлөөлсөн.

 -Тэгвэл чи өөртөө итгэлтэй хүн мөн үү. Багш шигээ би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй, бардам байж чаддаг уу?

-Яг
багш шигээ өөртөө бардам, итгэлтэй байж чаддаггүй. Мэдээж тамирчин хүн
өөртөө ямар ч итгэлгүй бол амжилт гаргаж чадахгүй шүү дээ. Тиймээс ч би
цаашдаа багшийнхаа сайхан зан, чанараас суралцах юмсан гэж хүсч, хичээж
байна даа. Ер нь би багш шигээ  чадна гэдэгтээ бат итгэлтэй байж сурах
юм бол надаас маш их амжилт гарна гэж боддог юм.

-Анх дугуйн спортоор хичээллэхээр зам дээр гарах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хамгийн
анх Хүй долоон худаг хүрээд буцаж байсан юм. Тухайн үедээ би өнөөдөр
ёстой хол явчихлаа даа, их бэлтгэл хийчихлээ гэж бодож байсан байхгүй
юу. Гэтэл одоо бодоход тэр бол юу ч биш. Гэрээсээ гараад бэлтгэлийн зам
хүрэх л өчүүхэн зай байсан.

-Азийн АШТ-нд оролцох эрхийг яаж авсан бэ?

-Багштайгаа
хоёр сар хамтарч бэлтгэл хийснийхээ дараа  бүх ард түмний спартикадаас
алтан медаль хүртсэн. Алтан медаль хүртчихээд өөртөө ч итгэхгүй байлаа.
Учир нь тухайн үед 5-6 жил дугуйн спортоор хичээллэсэн туршлагатай
тамирчидтай өрсөлдөөд алтан медаль авсандаа итгэхгүй байсан. Дараа нь
улсын аварга шалгаруулах бөөн гараатай тэмцээнээс алтан медаль хүртсэн.
Үүнээс сарын дараа зэрэг цолны цуваа гараатай тэмцээнд түрүүлж, спортын
мастерын болзол хангаж байлаа. Бөөн болон цуваа гараатай тэмцээн гэж
байдаг юм. Ер нь  цуваа гараатай тэмцээнээс  спортын мастер цол хангах
нь илүү нэр хүндтэй байдаг л даа. Учир нь цуваа гараатай тэмцээнд тухайн
тамирчин цэвэр өөрийн хөлс, хүчээ шавхаж, спортын мастер гэсэн үнэлгээг
авдаг болохоор. Энэ бүхэн Азийн АШТ-нд зорьсон алхмууд байсан. Тиймээс ч
бүтэн найман сарын турш Азийн аваргаас медаль авахын тулд багшийндаа
байрлаад, өндөр ачаалалтай бэлтгэл хийсэн. Өглөө босоод л багш маань
миний зүрхний цохилтыг тоолно. Өглөө сэрэхээс эхлээд орой унтах хүртэл
бүх л зүйлийг багш өөрийн хяналтдаа байлгасан. Ингэж байж Азийн АШТ-нд
оролцсон юм. Ер нь одоо эргээд бодож байхад миний бүх зүйл сайхан
эхэлсэн. Анхны тэмцээнээсээ эхлээд л бүгдэд нь амжилт гаргаж, алтан
медаль хүртсэн. Аварга, аварга, аварга… Энэ нь надад үнэхээр
бэлгэшээлтэй, сайхан санагддаг. Азийн АШТ-нд оролцоход бэлтгэлээс гадуур
олон юм болсон. Багш маань болохоос нь эхлээд болохгүйг нь хүртэл
явсан.

-Чи хөрөнгө мөнгөний бэрхшээлийг хэлэх гээд байна
уу. Манай тамирчдын хувьд ямар нэгэн тэмцээнд оролцоход хөрөнгө,
мөнгө­ний бэрхшээл тулгардаг болохоор ингэж асууж байна л даа?

-Тийм
ээ. Багш бид хоёр Азийн АШТ-нд оролцохын тулд  бусад хөгжилтэй орнуудын
тамирчдаас дутахгүй дугуй хэрэгсэл АНУ-аас захиж авчруулсан. Одоо миний
унаж байгаа дугуй 5000 ам.доллар, цуваанд зориулсан каск гэхэд л 500
ам.доллар, шипи 200 ам.долларын үнэтэй. Зөвхөн энэ дэгтий л гэхэд 50
ам.долларын үнэтэй гээд та бод доо. /зааж үзүүлэв/ Тэгээд хувцас,
хэрэгсэл, нүдний шилнээс эхлээд маш их мөнгө шаардлагатай болсон. Энэ
бүхнийг авахад Монголын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Д.Баттөр ах
мөнгөн туслалцаа үзүүлсэн. Тэр ч бүү хэл багш маань унаж явсан машинаа
зараад надад дугуй авч өгсөн. Унаж байгаа машинаа заран, заран эрсдэл
гаргаад надад тийм их итгэл үзүүлсэн байхгүй юу. Мөн Т.Даваатогтох
багштай нэг үед  дугуйн спортоор хичээллэж байсан тамирчид болох
Н.Наранбат, Б.Болдбаатар, Ууганбаатар нар надад маш их тусалсан. Тэд
баян биш байхгүй юу. Зүгээр л сэтгэлтэй хүмүүс. Нэг нь миний дөрөө,
зуувчийг авч өгөх жишээтэй. Тэд өөрсдөө тамирчид, нэгэн үе уралдаж
байсан болохоор миний зовлонг ойлгоод сэтгэлээрээ тусалж, дэмжсэн нь
надад үнэхээр сайхан санагдаж байсан. Хэдийгээр энэ хүмүүс цаанаа ахуй
амьдралтай, хангалттай цалин хөлс авдаггүй ч гэсэн надад тусалсан. Үүний
зэрэгцээ ийм олон хүн надад итгээд хувиасаа юм авч өгсөн нь нэг
талаасаа сайхан байсан ч нөгөөтэйгүүр маш их дарамттай байсан. Учир нь
ийм олон хүн надад итгэл үзүүлж байхад би сайн уралдаж, хойгуур орчихвол
яана аа. Багш минь машинаа хүртэл зараад дугуй авч өгч байхад итгэлийг
нь хөсөрдүүлвэл яана гээд л их айдастай байсан. Гэхдээ яах вэ, миний ард
маш олон хүн залбирч байсан. н.Ариунжаргал гэдэг эгч миний хувцсыг
өөрийн гараараа оёж өгсөн. Энэ олон хүний итгэл, залбирлын хүчээр би
амжилттай оролцож, медаль авсан гэж боддог. Зорилго нь зөв учраас бурхан
ивээж, амжилт үзүүлсэн гэж боддог юм.

-Азийн АШТ-нд хэчнээн орны тамирчин оролцсон бэ?

-Нийтдээ
51 орны тамирчин оролцсон. Бөөн гараатай тэмцээнд нэг улсаас дөрвөн
тамирчин оролцох эрхтэй байдаг юм. Харин цуваа гараатай тэмцээнд нэг
улсаас ганц л тамирчин оролцох эрхтэй. Тухайн жилдээ улсын аварга болсон
тамирчин нь оролцох эрхтэй. Цуваа гараатай тэмцээнд 19 тамирчин
уралдсан. Тэгээд 19 тамирчнаа хоёр групп болгож хуваасан юм. Миний хувьд
анхны олон улсын тэмцээн учраас нэгдүгээр группэд багтсан. Тэгээд
эхнээсээ гуравт гарсан. Цуваа гараатай тэмцээнд тамирчид рейтингээрээ
гардаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн нь сүүлд гарна гэсэн үг. Хамгийн
сүүлд гарах нь ч ашигтай. Учир нь тэмцээний явцыг хянаж, өөрийгөө яаж
шахах вэ, өөрийгөө хэдэн секунд алдаж байгаагаа тооцоолж уралддаг юм. 
Түүгээрээ давуу талтай. Харин миний хувьд анхны тэмцээндээ оролцсон
гэдэг утгаараа рейтинг байхгүй байсан болохоор эхнээсээ гуравт гарсан.
Ямар ч байсан эхнийхээ тойрогт урдаа яваа хоёр тамирчинг гүйцсэн.
Тэмцээний явцад үнэхээр хэцүү байсан. Хамаг бие шархирч өвдөөд, үнэхээр
хүнд санагдаж байсан даа. Ер нь дугуйн спорт маш хүнд. Сагс, волейбол
бол спорт тоглоом. Гэтэл дугуйн спорт бол тухайн хүний хамаг хөлс, хүч,
тэвчээрийг нь шавхдаг төрөл байхгүй юу.

-Олон орны
шилдэг тамирчидтай уралдаж байх­даа юу бодож байв. Учир нь чамайг Азийн
АШТ-нд түрүүлээд алтан медаль авчихна гэж хэн ч бодоогүй. Тэр ч бүү хэл
бусад чинь чамайг тэмцээнд явахад туршлага судлаад ирээрэй гэж захиж
байсан гэсэн?

    -Би 
надад итгэж байсан, мөн муулж байсан тэр хоёр зүйлийн талаар бодож
уралдсан. Улсын аваргаас алтан медаль авахад бусад хүмүүс машины салхинд
сууж түрүүлсэн энэ тэр гээд л янз бүрийн л юм ярьж байсан. Гэвч би тэр
бүхнийг тоогоогүй. Харин ч намайг дутуу үнэлж, басамжилж байсан
хүмүүсийг дотроо бодоод уралдсан юм. Тэгээд барианд ороход яг үхэх гэж
байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хамаг бие сулраад л, цонхийсон ямар ч
тэнхэлгүй хүн, дугуйн дээрээ ч тогтож чадахгүй. Гэхдээ би ямар ганцаараа
уралдаад, зөвхөн Энхжаргал ядарсан биш. Бүгд л адилхан уралдаж, ялахын
төлөө тэмцэлдсэн юм чинь сүржигнэж, ядарч, хэцүү байгаагаа зарлахыг
хүсээгүй юм. Багш маань намайг унах гээд байгааг, дугуйн дээрээ
тогтохгүй байгааг  мэдэрсэн л дээ. Тэгээд барианд орж ирэхэд намайг
түшээд алхсан. Гэхдээ би Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд
уралдчихаад тэр олон хүмүүсийн өмнө гуйвж, дайваад байхыг хүсээгүй.
Тэгээд нөгөөх чинь аягүй цэмцгэр алхаж байгаа юм чинь. /инээв/

-Үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэлээ.  Үнэхээр тийм хэцүү санагдсан гэж үү?

-Барианд
орон ортлоо өөрт байгаа бүхий л хүчээ шавхсан. Үнэхээр хэцүү байсан. 
Ямар сайндаа л барианд орсныхоо дараа гараа сунгаад дугуйныхаа арааг
хөнгөлж чадахгүй байх вэ  дээ. Багш маань “Цуваа гараатай тэмцээнд
уралдаж байгаа бол барианд орох хүртлээ хамаг хүчээ шавхаж хичээх
хэрэгтэй” гэж хэлдэг. Тэгээд энэ тэмцээнд амжилт гаргахын тулд өөрийнхөө
хүчийг шавхах хэрэгтэй гэдгээ ойлгосон.

-Японы тамирчин
удаал­сан гэ­сэн байх аа. Чамаас гуравхан секунд­ээр хоцор­сон Японы
тамирч­ныг эх орондоо ирээд су­далж үзсэн байх?

-Нэгдүгээрт
Монгол, хоёр­дугаарт Япон, гуравдугаарт Хонг­конг, дөрөвдүгээрт
Солон­гос, тав­дугаар байранд Хятадын тамир­чин орсон. Мэдээж
өр­­сөл­дөгч­дөө судлалгүй яах вэ. Тэм­цээн дуус­саны дараа Монголдоо
ирээд хоёр, гуравдугаар байрт шалгарсан тамирчдыг судалсан. Тэгсэн чинь
Японы тамирчин өнгөрсөн жилийн Азийн АШТ-ний мөнгөн медаль хүртсэн юм
билээ. Харин хүрэл медалийн эзэн болсон Хонконгийн тамирчин охин дэлхийн
аваргын мөнгөн медальтай, Лондон 2012 зуны олимпын наадамд оролцсон
туршлагатай мундаг тамирчин байсан. Маш олон жил дугуйн спортоор
хичээллэсэн ийм мундаг тамирчдыг ардаа орхисондоо үнэхээр баяртай
байгаа.

-Алтан медаль. Энэ бол 56 жилийн дараах алтан
медаль. Монголын тамирчин Энхжаргал гээд зарлах тэр мөчид юу бодогдсон
бэ, магадгүй баярын нулимс унагасан байх?

-Үнэндээ
медаль авсандаа өөрөө ч итгээгүй. Багш маань намайг бэлтгэл хийж байхад
“Миний охин сайн байгаа. Азийн аваргаас хоёулаа алтан медаль авна”
гэсэн. Тэгэхэд нь би нэг их баярлаж, догдлохгүй анх удаа олон улсын
тэмцээнд оролцож байхад чинь багш одоо юун сүртэй юм бэ дээ гэж бодож
байсан. Багш намайг сайн байгаа гэсэн юм чинь ямар ч байсан хичээгээд
үзнэ дээ л гэж бодож байлаа. Би багшдаа тэмцээн эхлэх гэж байхад ингэж
хэлсэн юм. “Багш аа та намайг ямар ч амжилт үзүүлсэн битгий чамлаарай.
Бариа­нд орж ирэх үед хэддүгээрт шал­гарсан байсан ч “Миний охин чадах
бүхнээ гаргалаа. Өөрийгөө үнэхээр дайчилж, чадлаа. Чадахаараа уралдсан
шүү” гэх үгийг л би танаас сонсмоор байна. Энэ л надад хангалттай” гэж
байсан юм. Тэгээд би барианд орж ирээд багшаасаа “Багшаа би сайн
уралдсан уу” гэж асуусан чинь “Өө миний охин ёстой сайн уралдлаа” гэсэн.
Тэр нь надад хангалттай байсан болохоор яг үнэндээ би түрүүлчихлээ,
алтан медаль авчихлаа гэж бодоогүй юм. Тэгээд л Солонгосын тамирчныг 30
секундээр “хусаад” ороод ирлээ шүү гэсэн. Солонгос бол дугуйн спорт
өндөр хөгжсөн орон. Багш нар нь уралдааны явцыг бүгдийг нь тамирчиддаа
мэдээлдэг. Монголын охин тэргүүлж байна шүү, чи алдсан 15 секундээ нөх
гэж японы тамирчинд багш нь хэлсэн байсан. Сүүлийн тойрогт Японы
тамирчин алдсан 15 секундээ нөхөх гэж тийрч унатлаа гүрийгээд л гурван
секунд болгоод хоёрдугаарт орсон. Хэдийгээр би алтан медаль авсан гэж
итгээгүй ч битүүхэндээ горьдож л байгаа шүү дээ. Тэгээд би дотроо
хангалттай сайн байлаа. Гэхдээ бурхан минь та тааллаараа л бол гэж
шивнэсэн. Тэгээд би барианд орж ирчихээд ОУХМ н.Төгөлдөртэй яриад сууж
байсан. Би барианы зурвас руу харж чадахгүй. н.Төгөлдөр ах барианы
зурвас руу хараад суучихсан надад болж байгаа процессыг харцаараа
дамжуулж өгч байгаа юм. Гэтэл н.Төгөлдөр ах “За миний дүү ямар ч байсан
нэг юм авчихжээ” гэсэн. Тэгээд барианы зурвас руу эргээд харсан чинь
манайхан бүгд баярлачихсан. Хэдийгээр том­чууд ч гэсэн баярлахаараа яг
хүүхэд шиг хөөрцгөөгөөд л. Гэхдээ тэр бүхнээс багшийгаа тэгтлээ баярлаж
байхыг нь харах л үнэхээр сай­хан байсан. Багш маань бүр хүүхэд шиг
цурхирч уйлаад. Дуу нь гарах­гүй.

-Харин чиний хувьд медаль авахдаа уйлсан уу?

-Би
уйлаагүй. Хүмүүс уйлдаг юм билээ. Яагаад уйлаагүйгээ өөрөө ч ойлгоогүй.
Ямар ч байсан хүн болж төрөөд мэдэрсэн хэмжээлшгүй аз жаргалтай мөч тэр
байсан. Түүнээс биш нулимс унагаагүй ээ.

-Цаашдаа ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Мэдээж 2016 оны олимпод зорьж байгаа байх?

-Энэ
амжилт бол багш бид хоёрын урдаа тавьсан зорилгын зөвхөн эхлэл нь.
Магадгүй хүмүүс үүнээс цааш амжилт үзүүлэхгүй гэж бодож байж болох юм.
Тэгвэл энэ бол зөвхөн эхлэл шүү гэж хэлмээр байна. Миний багш
Т.Даваатогтох 12 жил дугуйн спортоор хичээллэсэн тамирчин. Би анхных нь
шавь нь. Тэгээд надад ингэж хэлсэн юм. “Би чамайг бэлтгэж байхдаа зөв,
буруу зарчмаар яваад байгаагаа мэдэхгүй хэцүү байсан. Харин энэ удаад
зөв бэлтгэж байгаа гэсэн итгэл төрлөө. Миний охин цаашид үүнээс илүү
амжилт гаргана” гэсэн. Хамгийн ойрын тэмцээн гэвэл тавдугаар сард
зохиогдох Дэлхийн цом байна. Дараа нь наймдугаар сард дэлхийн цагдаагийн
тэмцээн болно. Миний хувьд есдүгээр сард Итали улсад зохиогдох дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд зорьж байна. Мэдээж амжилт гаргана гэж
итгээд зүтгэж байна даа. Харин тавдугаар сарын 12-нд зохиогдох Дэлхийн
цомд цуваа гараатай тэмцээн гэж байхгүй гэсэн. Зөвхөн бөөн гараатай
тэмцээн зохиогдох юм билээ.

-Тэгэхээр багаараа оролцоно гэсэн үг үү?

-Тийм.
Одоогийн байдлаар  надаас гадна н.Орхон, н.Солонго гэсэн хоёр тамирчин
бэлтгэлээ базааж байна. Гэтэл улсаа төлөөлж дөрвөн тамирчин оролцох
ёстой. Бидэнд одоо нэг охин үнэхээр хэрэгтэй байна. Толгойны өвчин
болчихоод байна л даа. Энэ дашрамд хэлэхэд бидэнд нэг эмэгтэй тамирчин
маш их хэрэгтэй байгааг дахин хэлье. Бидэнтэй нэгдээд тэмцээнд оролцооч
ээ. Насны хувьд хязгааргүй. 27-28 настай ч байсан болно. Хамтдаа
Монголын нэрийн өмнөөс уралдаад амжилт үзүүлцгээе ээ. Дугуйн спортын
хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Т.Даваатогтох багштай 99781262
гэсэн утсаар холбогдоорой гэж хэлмээр байна.

-Монголд эмэгтэй дугуйн тамирчин тийм ховор байдаг юм уу?

-Ховор.
Дугуй бол өөрөө хөгшин спорт. Тиймээс медаль авч байгаа тамирчдыг
харахад 39 настай хүн ч байж л байна. Багаасаа хичээллэвэл бүр л сайн.
Тиймээс миний нас хөгшдөх болов уу гэж эмээх хэрэггүй.

-Чиний ярианд бурхан, итгэл гэх үгс бишгүй давтагдлаа. Ингэхэд Энхжаргал хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэгтэй байлгүй яах вэ. Миний хувьд Есүст итгэдэг. Бурхан гэж байдагт итгэж явдаг.

-Хоёулаа спортын тухай нэ­лээд яри­лаа. Ээжийнхээ тухай яриач?

-Миний
ээж бага ангийн багш мэргэжилтэй. Бидний амьдрал тийм ч хангалуун
байсангүй. Учир нь багшийн цалин хаанаа ч хүрэхгүй. Тиймээс ч ээж минь
мэргэжлээ орхиж, хувиараа бизнес эрхэлдэг болсон. Одоо “Вирака” компанид
менежер хийдэг. Миний ээж өөрийнхөө төлөө биш миний сайн сайхны, аз
жаргалын төлөө амьдарсан хүн. Өөрийгөө золиослоод миний төлөө амьдарсан.
Тиймээс ч би ээждээ хязгааргүй хайртай. Азийн аваргаас хүртсэн алтан
медаль ээжийг минь маш их баярлуулсан. Цаашид ч ээжийгээ олон удаа
баярлуулах болно.

-Түрүүнээс хойш нэг зүйл асуух гээд л зүрхлэхгүй байлаа. Аавынхаа тухай…?

-Энэ
тухай асуухад би эмзэглээд сүйд болоод байдаггүй юм аа. Хүний амьдралын
нэг л өнгө шүү дээ. Миний аав тусдаа амьдралтай бо­­лоод удаж байна.
Зүтгүүрийн депод 29 жил ажилласан. Мэдээж аав, ээж хоёр минь таарч
тохирохгүй болоод л хоёр тийш болсон байх. Гэхдээ орхиод явсан гээд
аавдаа гомддоггүй. Би нэгэнт л тэр хүний мах, цусны тасархай. Тиймээс ч
одоо болтол холбоотой байдаг. Хааяа уулздаг юм.

-Аварга охиноороо бахарх­сан байх даа?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Тэмцээнээ дуусгаад Монголдоо ирээд аавтайгаа уулзсан. Маш их баярлаж байсан.

-Энхжаргал
бэлтгэл, сургуу­лилалт гээд маш завгүй амь­дардаг. Гэхдээ залуу хүн юм
чинь хааяа найзуудтайгаа га­дуур зугаалдаг биз дээ?

-Үгүй
дээ. Надад тэгж явах зав үнэхээр байхгүй. Мэдээж би найзуудынхаа төрсөн
өдөрт очоод, кино, жүжиг үзээд инээж хөхрөөд явж болно. Болохгүй гэсэн
зүйл байхгүй. Гэхдээ надад өмнөө тавьсан зорилго бий. Ямар нэгэн зүйлийг
золиосолж байж амжилтад хүрдэг. Ганц өдрийн бэлтгэл таслаад дэлгүүр
хэсээд, гадуур зугаалахад тэр нь бүтэн долоо хоногийн бэлтгэл тасалснаас
ялгаагүй. Нэг долоо хоног нь сар, сар нь улирал, улирал нь жил болоод
давалгаалдаг. Тиймээс залуу байгаа дээрээ спортод амжилт гаргаж,
зорилгодоо хүрэхийг хүсч байна. Мэдээж миний зорилго бол 2016 Рио Де
Жанерогийн олимп.

-Найз залуу бий юу?

-Байхгүй
ээ. /инээв/ Одоо­хон­доо энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Яах вэ,
олимпод оролцсоны дараа бол энэ талаар бодож болох юм. Харин одоохондоо
цаг нь эрт байна.

Х.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: www.MMINFO.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж