О.Насанбурмаа тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.22-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа тивийн аварга боллоо

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Ази тивийн 20 орны тамирчин зодоглож буй тус тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээр буюу чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирнаа сойж буй юм.

Монголын баг тамирчид тус тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр долдугаар байрт бичигдээд байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66, 74, 84 ба 96 кг-ын жингийн барилдаан болох юм. Бусад төрөл, жингийн аваргууд өнгөрөгч өдрүүдэд тодроод байна.

Өнгөрөгч бямба гаригт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль хүртсэн бол өчигдөр эмэгтэйчүүдийн 67 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа алт, 59 кг-д Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д Ж.Чулуунбат нар мөнгөн медаль, 63 кг-д Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр Монголын тамирчдаас 66 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Б.Анхбаяр, 84 кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар тивийн аваргын дэвжээнд зодоглоно.

Ч.БОЛ

Гэрэл зургийг Нью-Дели хотоос Халиун илгээв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж