Бидний сар бүрийн цалингаасаа ирээдүйдээ хуримтлал болгон төлдөг Нийгмийн даатгалын мөнгө эцсийн дүндээ бидэнд өөрсдөд маань зориулагдаж чадах болов уу? Өнөөдөр Нийгмийн даатгалын санд хичнээн төгрөг байгаа вэ, тэндээс танд ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр оногдох бол? Нэрийн дансны тогтолцоонд шилжиж буй хүмүүст одоогийн тэтгэврээс ахиу хэмжээний тэтгэвэр ногдож чадах уу, нэрийн дансны үлдэгдлээ үр хүүхэддээ өвлүүлж болох уу? Нийгмийн даатгалын сан болоод тэтгэврийн даатгалыг тойрсон эдгээр асуултын хариултыг уншигчдадаа хүргэж байна. Бидний асуултад Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондог хариуллаа.
-Манай улс нийгмийн даатгалын ямар тогтолцоотой улс вэ?
-Дэлхий нийтийн жишиг хандлагаар нийгмийн даатгалын гурван тогтолцоо байдаг. Нэгдүгээрт эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо, хоёрдугаарт хагас хуримтлалын тогтолцоо, гурав дахь нь бүрэн хуримтлалын тогтолцоо юм. Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Энэхүү тогтолцоо нь өнөөдрийн хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа. Тиймээс ч эв санааны нэгдлийн тогтолцоо гэж тодотгодог.
-Хэзээнээс нэрийн дансны тогтолцоонд шилжиж, нэрийн дансанд ямар хүмүүс хамрагдах вэ. Тэдний нэрийн дансанд байх мөнгөний хэмжээг хэрхэн тогтоох вэ?
-1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийсэн. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Энэхүү хуулийн үзэл баримтлал нь одоо мөрдөж буй хуваарилалтын тогтолцооны агуулгыг хадгалж байгаа. Тэгэхээр нэрийн дансыг огт өөр тогтолцоо гэж тодорхойлж болохгүй. Дээр нэрлэсэн хуулиар тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш. Одоогийн орлогоороо зарлагаа нөхдөг тогтолцоогоор тэтгэвэрт гарахдаа шимтгэл төлсөн 20 жилийн дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийн хэмжээг тогтоодог. 20 жил ажилласан бол 45 хувь, түүнээс илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар өсгөж боддог. Нэрийн дансны арга аргачлалаар тэтгэвэр тогтоолгох хүмүүст 1960 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүмүүс багтаж байгаа. Эдгээр хүмүүсийн эхний үлдэгдэл буюу гарааны үлдэгдлийг хөдөлмөрийн хөлсний сүүлийн гурван жилийн өсөлтийн хувиар үржүүлж нэрийн дансны нийт дүнг тодорхойлно. Жишээ нь, 1999 оноос энэ хууль хэрэгжиж эхлэх үед 1960 онд төрсөн хүн 39 настай болсон байсан гэсэн үг. Тэр хүн сургууль төгсөөд 22 наснаас ажилласан гэж тооцвол 17 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх юм. Шимтгэл төлсөн хэмжээг хийсвэрээр тооцно. Яагаад гэвэл 1995 оноос өмнө байгууллага шимтгэл төлдөг байснаас хувь хүн шимтгэл төлж байгаагүй. Байгууллага 13,5 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалд төлж байсан. Тэгэхээр тэр хүний 17 жилийн шимтгэлийг гарааны буюу эхний үлдэгдэл гэж тооцох нь. Шимтгэлийг тооцох аргачлал бий. Түүгээр тооцно. 1995 оноос хойш өөрөө болон байгууллага төлсөн шимтгэлийг гарааны үлдэгдэл дээр нэмээд гарсан нийлбэр дүнг “Нэрийн дансны тухай хууль”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сүүлийн гурван жилийн өсөлтийн хувиар үржүүлнэ. Энэ хувь хэмжээг он онд өөр өөрөөр тогтоосон. 2000 оноос эхлэн хувь тогтоосон. Энэ хувь 2000 онд 13 хувь байсан бол 2009 онд 29.8 хувь, 2010 онд 28.3 хувь, 2011 онд 25.4 хувь байхаар тогтсон.
-1960 оноос хойш төрсөн хүмүүсийн “Нэрийн данс”-нд тэр мөнгө хэзээ орох вэ?
-1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн дансны гарааны үлдэгдэл хэд байх вэ гэдгийг харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс рүү очоод тооцуулж болно. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ бол бэлэн мөнгө биш. 1995 оноос ажлын гараагаа эхэлсэн бол хууль хэрэгжиж эхэлсэн 1999 он хүртэлх дөрвөн жилд төлсөн шимтгэл нь дээрх хувь хэмжээгээр үржигдээд гарааны үлдэгдэл болно. Харин 1999 он болон түүнээс хойш ажиллаж эхэлсэн бол гарааны үлдэгдэлгүй гэж ойлгож болно. Нэрийн дансны дугаар нь тухайн хүний регистрийн дугаар байгаа. Регистрийн дугаараар эрэмбэлэгдсэн байдаг. Эдгээр хүмүүс тэтгэвэрт гарахдаа нэрийн дансанд хуримтлагдсан дүнгээ тэтгэвэр авах хугацаандаа хуваан сар, жилд авах тэтгэврийн хэмжээгээ тогтоох юм.
-Хүн хэд наслахаа урьдчилж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нэрийн дансан дахь мөнгөө 10 жилд хуваан автал 15, цаашлаад 20 жил наслахаар бол яах вэ?
-Үүнийг Үндэсний статистикийн хорооноос тогтоох юм. Тус байгууллага тооцоо судалгааг хийж байгаа. Өөрийн тань асууснаар нэрийн дансан дахь мөнгөө 10 жилд авчихлаа гэхэд 11 дэх жилээс тэтгэвэргүй үлдэхгүй. Үргэлжлүүлээд аваад явна. Тиймээс л хуваарилалтын тогтолцоо гээд байгаа юм. Харин хуримтлалын тогтолцоо байсан бол өөр.
-Тэгвэл 10 жил тэтгэвэр авахаар тооцсон ч эсрэгээрээ таван жил авбал яах вэ гэдэг асуулт гарч ирж байна л даа. Үлдсэн мөнгөө үр хүүхдүүддээ өвлүүлж болох уу?
-Мөн ялгаагүй. Тэтгэврийн сандаа үлдэнэ. Таван жил аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилжинэ л гэсэн үг. Хүүхэд болоод ар гэрийнхэнд өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг.
-Нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн тэтгэврийн хэмжээ одоогийн тэтгэвэрт хүрэхээргүй байгаа гэх юм. Үнэхээр тийм бага хэмжээний тэтгэвэр авах юм бол нэрийн дансанд байршуулсны хэрэг юу байгаа юм бэ?
-Ер нь бол ирээдүйд тэтгэврийг төлсөн шимтгэлийн хэмжээгээр тогтоох нь харьцангуй шударга тогтолцоо санагддаг. Өндөр шимтгэл төлсөн бол арвин тэтгэвэр авна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр манай улсад өндөр настны тэтгэврийн доод хэмжээ 180 300 төгрөг байгаа. 1960 онд төрсөн эхний хүмүүс 2015 он гэхэд тэтгэвэрт гарч эхлэхээр байгаа. Тэр үед тэтгэврийн доод хэмжээ хэд байхыг одоо таашгүй. Тэр тоо хэд байлаа ч түүнээс бага хэмжээтэй тэтгэвэр тогтооно гэж байхгүй. Урьд өмнөх туршлага ч тийм юм. УИХ-аар 1999 онд баталсан “Төрөөс тэтгэврийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-д хэрвээ нэрийн данснаас тогтоож буй тэтгэврийн хэмжээ хуваарилалтын буюу 1960 оноос өмнө төрсөн хүмүүст өгч буй тэтгэврийн доод хэмжээнээс буурах тохиолдолд тухайн үед хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Тэгэхээр хамгаалалт хийгдсэн.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өнөөдөр хэд байгаа вэ?
-Одоо байгууллага болон даатгуулагч тус бүр долоон хувийн шимтгэл төлж байгаа. 2008 оноос өмнө бол ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч өөрөө 5.5 хувийн шимтгэл төлж байсан. Үүнийг 2008 оноос 14 хувь болгон бууруулсан. Тэгэхээр бидний нийгмйн даатгалд бичигддэг мөнгө биш, зөвхөн тэтгэврийн санд төлж буй хэсэг нь л нэрийн дансанд шилжинэ. Гэхдээ 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээ хязгаартай. Цалингийн хэмжээ 1 404 000 төгрөгөөс хэтрэхээргүй байхаар хязгаар тогтоосон. Түүнчлэн аль нэг байгууллагад ажил хөдөлмөр хийж /цалин авч /байгаа албан журмын даатгалд хамрагддаг хүмүүсийн хувьд сайн дурын даатгалд давхар даатгуулж болохгүй. Харин тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, малчид, чөлөөт уран бүтээлчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд сайн дурын даатгалд хамрагдан шимтгэлээ нэрийн дансандаа бүрдүүлээд байж болно.
-Гадаадад ажиллагсад албан журмын даатгуулагч төлөгч мөн үү?
-Гадаадын улс орнуудад албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хүмүүс албан журмын даатгуулагч мөн. Тэдний төлсөн шимтгэл нэрийн дансанд орно гэсэн үг. Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээртэй ОХУ, Казакстан, Унгар зэрэг орнуудад хууль ёсны дагуу оршин сууж, ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлсөн бол хэлэлцээрийн дагуу тэдгээр жил нь ажилласан жилд тооцогдоно. БНСУ-ын хувьд тухайн улсад очиж ажиллахаас өмнө Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дурын гэрээ байгуулан даатгуулж сар бүр 40 000 вон төлсөн байх учиртай. Дээр дурдсан улсаас гадна өөр улсад ажиллаж амьдарч байгаа, дээрх улсад байгаа боловч хууль ёсны биш нөхцөлтэй ажиллаж байгаа бол сайн дураар даатгуулах боломжтой. Энэ тохиолдолд итгэмжлэл хийлгэн тухайн итгэмжлэгдэгчээр дамжуулан шимтгэлээ төлөх юм.