Хуучирсан мэдээ: 2013.04.20-нд нийтлэгдсэн

Монгол хүний хулгай

-Сүүлийн үед дуулиан дэгдээж буй авлига, албан тушаалын гэмт хэргүүдээс “татварын” Ч.Гансүхийн гэх хэрэг нэлээн ялгаатай-

Та бидний татвартаа төлж байсан мөнгө нэг л өдөр нууц амрагийн данснаас илрэх нь тэр. Энэ нь татвар бол зайлшгүй зүйл гэсэн итгэл үнэмшлээр хандаж ирсэн хөөрхий компанийн эздийн нулимсыг дуслуулах шахсан мэдээлэл байлаа.

Сүүлийн үед дуулиан дэгдээж буй авлига, албан тушаалын гэмт хэргүүдээс “татварын” Ч.Гансүхийн гэх хэрэг нэлээн ялгаатай. Төрийн өмчит компани эсвэл төрийн байгууллага дээр яригддаг мөнгө идсэн, завшсан хэргүүд түүнийхээс арай өөр гэсэн үг. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан томоохон хэргүүд ихэнхдээ улс төрийн бүлэглэлийн сүлжээгээр дамждаг, ардаа аль нэг намыг санхүүжүүлэх сэдэл, зорилгоор зохион байгуулагдсан байдаг. Гэтэл Ч.Гансүхийн үйлдсэн хэргийн ард ямар нэг нам, улстөрч яригдахгүй байгаагаас харвал “яаж чадав аа?” гэж эрхгүй хачирхмаар. Улсад болон бусдад учруулсан хохирлоороо тухайлбал, МИАТ-ийн угаасан мөнгөнөөс гурав дахин их хэмжээтэй /18 тэрбум/ мөнгө энд яригдаж байгаа.

Татварын ерөнхий газрын ердийн нэг түшмэл 12 жилийн турш ийм хулгай хийж байхад сонгууль дагаж солигддог дарга нар нь анзаараагүй гэхэд бас итгэмээргүй.  Гэвч хулгайн мөнгийг хуваалцагсад нь түүний ойр төрлийнхэн гэхээс өөр зүйл сонсогдохгүй байхыг бодоход “хувиараа хөдөлмөр эрхлэлт” байсан бололтой. Чухам үүгээрээ анхаарал татах, хулгай гэхээс өөрөөр нэрлэж боломгүй уг гэмт хэргийн цар хүрээ, хохирлын хэмжээ, эзэн холбогдогсод зэрэг нь нэгэнт ил болоод байгаа. Эдгээрээс илүү хулгайн хэргийн сэдэл, бас төгсгөл нь сонин. Чухам юугаараа гэж…

Хулгайн хэрэг болгоны цаана юуны өмнө тухайн хүний хэрэгцээгээ хангах шаардлага, цаашлаад хүсэл шунал оршдог байх. Уг нь хэрэгцээ ч бас хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг таваг хоол идээд цадсан хүнд хоёр дахь, гурав дахь таваг ямар ч шаардлага байхгүйтэй адил. Гэвч Ч.Гансүх хулгайлаад л байсан, өөрийнх нь агуулах саванд багтахгүй болмогц өрөөл бусдын данс руу нэмж, ханаж цадахгүй аашилсан нь хачирхалтай. Тэр тусмаа тийм их мөнгөнөөсөө өөрөө эдэлж чадсан, таашаал мэдэрсэн эсэх нь ч эргэлзээтэй. Хэдэн жилийн турш нэг л хуучин пальтогоо хэдэрч, явган гэлдэрсэн түүнд тэгээд тэр их мөнгө ямар хэрэгтэй байсан юм бол?!

“Бал зарж буй хүн хуруугаа заавал долоодог” гэж гүн ухаантны үг бий. Аливаа албан тушаал, эрх мэдэлд очсон хүн хувьдаа ашиглах сэдэл, хүсэлд заавал автдаг гэж дээрх мэргэн үгийг “орчуулдаг” . Хүний байгалийн, адгуусны мөн чанар нь тийм учраас үүнийг сөрөх хэцүү л гэсэн үг. Тийм ч учраас ямар ч хөгжингүй улс орон, төгс төгөлдөр хууль эрх зүй, төртэй газар авлига, албан тушаалын хэрэг яригддаг. Хавтгай дэлхийн нийтлэг асуудал.

Ардчиллын үлгэр жишээ болгодог АНУ-д ч бас албан тушаалтан улсын мөнгөнөөс хулгайлах явдал гардаг. Бас л Монголынхтой адилхан, баригдах нь ч бий, үгүй нь ч бий. Гэхдээ тэндэхийн энэ төрлийн гэмт хэргийн “ёс зүй” нь манайхаас арай өөр аж. Хэрэв америк тшмэл хулгай хийвэл амьдралын хэрэгцээндээ л тааруулна, илүү гаргахгүй. Байр орон сууц, хаус, машин, хүүхдээ сайн сургуульд сургах мөнгө… Хэрэгцээнийхээ энэ хэсгийг хангамагцаа хулгайгаа зогсоож, хариуд нь наминчлал болгож албан үүргээ маш сайн үнэнчээр гүйцэтгэнэ. Энэ бол судалгаагаар тогтоогдсон зүйл бөгөөд албан тушаалын гэмт хэргийн “ёс зүй” гэж хэлж болох байх. Хэдийгээр гэмт хэрэг их, багаас үл хамаараад хүлээн зөвшөөрч болохгүй, тэр тусмаа ямар ч ёс зүй яригдамгүй муухай зүйл  боловч…

Ч.Гансүхийн хувьд өөрөө ч эдэлж, хэрэглэж чадахгүй юм бол тэр мөнгөөр яах гэсэн нь үнэхээр ойлгомжгүй. Урд, хойдох эхнэр, ил далд амьдрал, үр үндэс, хөгшин настай аав, эгч дүүсээ ийм аймар зүйлд хутгалдуулан байж хулгай хийх хэрэгцээ, шаардлага нь юу байсан юм бол… Тодорхой хэмжээнд хүргээд хүсэл шуналаа татаж чадаагүй түүний эл үйлдэл эцсийн дүндээ монгол хүний мораль, амьдралд хандах итгэл үнэмшил, ёс суртахуун ямар агуулгатай, ямар хэм хэмжээтэйг л харуулчих шиг боллоо. Энэ бол сэтгүүлчийн л бодол, эргэцүүлэл юм шүү.

З.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж