“Дурлалын гэмт хэрэг”-ийн дуулиан

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

“Дурлалын гэмт хэрэг”-ийн дуулиан

Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх нэмсэн “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон. Уг бүтээлийг “LVA entertainment”, “Absolute pictures”, “Logic film”-ийн уран бүтээлчид хамтран бүтээсэн юм. Киноны гол дүрд жүжигчин, дуучин, продюсер Д.Лхагва, ХБНГУ-ын жшжигчин Г.Ариунболор, жүжигчин Н.Ялалт, О.Долгор, А.Баттүшиг нар тоглосон. “Дурлалын гэмт хэрэг” кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгчдийн анхаарлыг татаж чадсан гайхалтай бүтээл болсныг онцлох хэлэх хэрэгтэй болов уу. Зохиолын өрнөл, зангилаа нь олны тааварлаж байснаас тэс өөр байсныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Үзэгч танхимд ороод хэрхэн, яаж төгсөхийг нь тааварлачихвал үзэх хүсэл төрөхгүй шүү дээ. Харин энэхүү киноны үйл явдал үзэгчдийг хөтлөх зангилаа бүр нь маш сонирхолтой тайлагдаж, амьсгаа даран хором бүрийг шимтэн үзэх хүслийг төрүүлсэн. Киноны багынхан гар нийлэн ажилласныг их олон зүйлээс анзаарч болохоор байв. Хамгийн түрүүнд өрнөж буй үйл явдалд өнгө нэмсэн киноны хөгжмийг нэрлэмээр байна. Түүнийг нь илэрхийлэх зураглаачийн ур чадвар ч гайхалтай байсан шүү. Гол дүрийн жүжигчид ч үзэгчдэд өөлөгдөөд байхааргүй чадварлаг тоглосон. Тиймээс мэргэн үзэгчид өөрсдөө энэ бүтээлийг үзэж үнэлэлт дүгнэлтээ өгөх болов уу. Ингээд киноны уран бүтээлчидтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

“LVA entertainment”-ийн үүсгэн байгуулагч, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва

-“Дурлалын гэмт хэрэг” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн бүтээл нээлтээ хийлээ. Уг кинонд үзэгчид ямар дүн тавих бол?

-Маш их хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэх гэж байна. Киногоо бүтээхийн тулд өөрт байгаа бүх чадвараа гаргасан. Нэлээд сайн хөдөлмөрлөсөн учраас сайн бүтээл болсон байх гээд сэтгэл догдлолтой байна. Ер нь хүмүүс хийсэн зүйлээ мэдэрдэг шүү дээ. За энэ гайгүй бүтээл болчихлоо эсвэл энэ ч нэг явсангүй дээ гээд л. Харин би дотроо киногоо гайгүй бүтээл болчихлоо гэж бодож байгаа. Үзэгчид өөрсдөө үзээд хувь, хувьдаа дүн тавих байх. Үзэгчид ямар дүн тавих бол гэдгийг тэсэн ядан хүлээж байна.

-Ямар дүр бүтээсэн бэ. Дүрийнхээ талаар сонирхуулаач?

-“Дурлалын гэмт хэрэг” гээд нэрнээсээ тодорхой байгаа байх. Хүмүүс үүнийг тайлахаасаа илүүтэй гэмт хэрэг тэгээд тэр нь дурлалын гэсэн тодотголтой байхаар ямар байх бол гэдгийг ирээд үзвэл сонин байх бол уу. Миний дүрийн хувьд хайр сэтгэлийнхээ төлөө ялангуяа эр хүн яаж тэмцэж чаддаг вэ, түүний зүгээс шалтгаалах юу байна түүнийгээ яаж хийж чаддаг вэ гэдгийг л харуулсан.

-Дүрийн сонголтыг хэрхэн хийв?

-Ер нь кинон дээр кинонд эмэгтэй жүжигчний дүр маш чухал байдаг. “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүр болох эмэгтэй жүжигчид олон байсан. Гэхдээ би өмнө нь кинонд тоглож байгаагүй шинэ дүр төрхийг гаргая гэж бодсон. Тэгээд өнгөрсөн зун загварын “Төгс ертөнц” гээд нэвтрүүлэг үзээд сууж байсан чинь ХБНГУ-д жүжигчний сургууль төгссөн, тэнд киноны агентлагт ажилладаг жүжигчин бүсгүй ярилцлага өгсөн. Тиймээс би Герман руу фейсбүүкээр түүнтэй холбоо барьсан. Зохиолоо явуулаад түүнд таалагдсан учраас ирж, манай кинонд тоглосон. Миний хайж байгаа дүр мөн байсан учир Г.Ариунболорыг сонгож тоглуулсан юм. Энэ бол шинэ дүр, төрх,  шал өөр школь, өөр мэдрэмжийг хүмүүст төрүүлэх байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Киног бүтээхэд ямар хүмүүсээр багаа бүрдүүлж ажилласан бэ?

-Киноны ерөнхий найруулагчаар “Absolute Pictures”-ын найруулагч П.Дэлгэрбаяр, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, ерөнхий оператораар Э.Нэргүй нар ажилласан. Харин киноны гол дүрд Берлины кино драмын сургуулийн кино жүжигчний ангийг энэ жил төгссөн залуу жүжигчин Г.Ариунболор, “Адам” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Баттүшиг, “Үл таних эмэгтэй”, “Эзэнгүй бөгж”, “Өдөр өдрийн нар”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны танил болсон жүжигчин О.Долгор, жүжигчин Н.Ялалт, М.Төгөлдөр нар тоглосон. Харин киноны “Чи минийх” дууг “Никитон” хамтлагийн Бачка дуулж, дүрсжүүлсэн.

-“LVA entertainment”-аар сонин сайхан юу байна?

-“LVA entertainment” ер нь кинон дээр түлхүү ажиллаж байна. Гэхдээ клип, рекламыг орхилгүй хийж байна. Ер нь цаашдаа “LVA entertainment”-ийн зорилго болгон ажиллах зүйл нь кино байгаа. “Дурлалын гэмт хэрэг” бол миний продюссерлаад “LVA entertainment”-аас хийж байгаа  бүрэн хэмжээний хоёр дахь төсөл болж байна. Цаашаа олон киноны санал байгаа. Тэндээс би өөрөө шигшинэ гэж бодож байгаа. Хамгийн гол нь зохиол таалагдах юм бол өөр сайн бүтээл киноны уран бүтээл дээр хийнэ гэж бодож байна даа.

Киноны ерөнхий найруулагч “Absolute Pictures”-ын найруулагч П.Дэлгэрбаяр. Тэрээр өмнө нь “Найзууд”, “Тушаал”, “Морь минь давхи”, “Төрийн дайсан”, “Хайрлаж болох уу, “Хайрлахын цаана”, “Амьдрал төсөл” кинон дээр ажиллаж байсан юм.

-“Дурлалын гэмт хэрэг” хамтын бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу? Ямар жанраар хийсэн бүтээл вэ?

-Энэ бүтээл бол гурван студийн хамтын бүтээл байгаа. “LVA entertainment” захиалгаар “Absolute pictures”, “Logic film” хамтран хийсэн. “LVA entertainment” бол манай жүжигчин, дуучин Лхагваагийн студи. “Logic film”-ийг үзэгчид “Долоон бурхан харвадаггүй” түүхэн том киног амжилттай бүтээсэн авьяаслаг залуустай энэ кинон дээр хамтарч ажилласан. Миний хувьд найм дахь уран бүтээл минь юм. Энэ киног би Монголд арай өөр өнцгөөс шинэ төрөл жанрыг гаргаж ирсэн, шинээр өнгийж харсан киноны эхлэл гэж ойлгож байна. Бид mystery жанрыг барьж авч энэ киногоо хийсэн. Зохиолч нар энэ төрлийг маш хүнд гэж ярьдаг. Кино зохиолынхоо хувьд ч гэсэн үзэгчдэд үйл явдлаа нууж, далдалж, эргээд түүндээ оньсого болгож төгсгөлд нь сонин тайлал гаргадагаараа сонирхолтой. Зүгээр л үйл явдлыг хүүрнээд өнгөрөх биш хүндхэн жанр учраас миний хамгийн дуртай нь. Чадан ядан хийсэн байгаа.

-Нэрнээсээ л үзэгчдийн сонирхолыг татсан шүү. Дурлалаар гэмт хэрэг хийж болох уу?

-Ерөөсөө л үзэгчдийн сонирхолыг татах гэж ийм нэр өгсөн. Киноны нэр хүнийг дуудах, сонирхуулах үүднээс шууд утгаар нь өгсөн. Дурласан хүн юу хийж болох вэ гэдгийг өөр өнцгөөс л харсан л даа.

-Жүжигчдийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Лхагваа бид хоёрын хувьд хоёр дахь уран бүтээл дээрээ хамтран ажиллаж байна. Өмнө нь төрийн дайсан гээд миний уран бүтээл дээр амжилттай хамтран ажилласан бол энэ удаад Лхагваагийн захиалгаар “Дурлалын гэмт хэрэг” киног бүтээлээ. Дүрийн сонголтын тухайд гол дүрийн охин маань ХБНГУ-д жүжигчний мэргэжлээр төгсөөд тэндээ ажиллаж, амьдардаг охиныг урьж тоглуулсан. Монголын дэлгэцийн урлагт шинэ дүр төрхийг бий болгоё гэсэн зорилго агуулсан.

-Монголын жүжигчид Орос школиор хүмүүжсэн гэж ярьдаг. Тэгвэл үүнээс тэс өөр орчинд боловсрол эзэмшсэн уран бүтээлчтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?

-Ер нь бол дэлхий дээр хөгжим нэг хэлтэй урлаг гэдэг шүү дээ. Ялангуяа киноны жүжиглэхүйн урлагийн хувьд ялгаа байхгүй. Дэлхий дээр дэлгэцийн бүтээлийн онолын хувьд үнэн байх ёстой гэдэг зүйл түгээмэл болсон л доо. Тэр үүднээс бидэнд хамтран ажиллахад ямарваа нэгэн хүндрэл байгаагүй ээ. Түүний авьяас сурсан зүйлс үнэхээр бидний шаардлагыг хангаж, харилцан туршлага солилцсон сайхан хамтын ажиллагаа болсон л доо. Үнэхээр баяртай байна. Түүнийг өшөө олон Монгол кинонд тоглох байх гэж бодож байна.

-Дараагийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөнд орсон бол уу?

-Дараагийн кино бол “Төрийн дайсан 2”. Энэ төслөө эхлүүлчихсэн байгаа. 2009 онд энэ бүтээл маань үзэгчдийг нэлээн байлдан дагуулсан гэж ойлгодог. Энэ үүднээс уг төслөө үргэлжлүүлэн анхны бүрэлдэхүүнтэйгээ дахин ажиллах гэж байна. Яг өмнөх action, mystery жанраа барин техникийн дэвшлийг ашиглаж хийх болохоор амжилттай болох байх аа. Ирэх намар дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байна.

“Дурлалан гэмт хэрэг” киноны гол дүрийн бүсгүйд тоглосон ХБНГУ-ын  жүжигчин Г.Ариунболор

-Эх орондоо анх удаа дэлгэцийн бүтээлд хүч үзэн өлгийдөн авлаа. Сэтгэгдэл ямар байна?

-Анх удаа эх орондоо уран бүтээл хийсэндээ сэтгэл санаа өндөр байна.

-Анх кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Хэдэн жил Германд суралцав?

-Би 10 настайдаа гэр бүлээрээ Германыг зорин түүнээс хойш Монголд дахин ирэлгүйгээр амьдарсан. Би Германы иргэн болсон. 2008 онд арван жилээ төгсөөд ХБНГУ-ын Берлин хотын драмын их сургуульд орсон. Кино жүжигчний ангиа 2011 оны зун төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирэхээр шийдсэн. Эх орондоо очоод үзье, би мэргэжлийн уран бүтээлч хүн надад боломж байна уу гээд ирэхэд хүмүүс намайг сонирхож маш сайнаар хүлээн авсан. Би эх орондоо сар болоод Германд буцаж очсоны дараа Лхагваа надад санал тавин мэйлээр зохиолоо явуулсан. Зохиол маань надад маш их таалагдсан учраас би хамтран ажилласан.

-Ямар дүр бүтээв?

-Миний дүр бол амьдралын төлөө тэмцдэг нэгэн бүсгүйн тухай байгаа. Монголд эмэгтэй хүн сайн амьдрахад ямар асуудлууд хөвөрдөг вэ, Мөнгө үү, хайр сэтгэл үү? Мөнгөнөөс болж хайр сэтгэл үнэ цэнээ алдах уу зэрэг олон асуултанд хариулт өгсөн дүр байгаа.

-Германд одоо ямар кино компанид ажилладаг вэ?

-Германд би үргэлж кино пробонд орж явдаг. Яг л монголын жүжигчидтэй адилхан шүү дээ. Монголын жүжигчдээс онцгой зүйл нь гэвэл би менежменттэй. Тэр хүн миний бүх дүрийг сонгож өгдөг. Проб болгоноо бүгдийг хүлээн аваад байхгүй ч мэргэжлээрээ амжилттай ажилладаг. Одоо 2014 онд эхлэх маш том кинонд гол дүр аваад байгаа. Энэ бүтээлийн маань зохиол бичигдсэн, хөрөнгө оруулалт нь явагдаж байгаа. Үүндээ л бэлдэнэ дээ.

-Өмнө нь ямар бүтээлүүд дээр ажиллаж байв?

-Германд драмын ангид суралцаж байх цагаасаа л рекламд тоглож эхэлсэн. Бас хамтлаг дуучдын клипэнд тоглож байлаа. Үүнээс гадна хамгийн сүүлд Германы уран сайхны кинонд тоглоод тэр киногоороо амжилттай яван олон кино наадамд нэр дэвшиж байсан.

-Уран бүтээлийн амжилт хүсье.

Г.ДАША




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж