Саналын хуудсыг дахин тоолж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Саналын хуудсыг дахин тоолж байна

Өнгөрөгч ням гаригийн сонгуулиар Мадурогийн төлөө сонгогчдын 50,78 хувь, Каприлесийн төлөө 48,95 хувь санал өгсөн. Сонгуулийн саналын хуудсыг дахин тоолуулахыг шаардсан сөрөг хүчин даваа гаригт хийсэн эсэргүүцлийн арга хэмжээний  үеэр долоон хүн алагдлаа.

Өмнөд Америкийн үндэстний орнуудын холбооны (UNASUR) тэргүүн нарын ээлжит бус уулзалт пүрэв гаригт Перугийн нийслэлд явагдаж,  бага зэргийн давуугаар Мадуро ялалт байгуулсан ч ерөнхийлөгчийн сонгуулийн дараах Венесуэлийн байдлын талаар ярилцаж байна гэж Перугийн хэвлэлээр мэдээлжээ.

Аргентин, Бразили, Урагвайн ерөнхийлөгч нар хамгийн түрүүнд уг уулзалтад оролцохоо мэдэгдсэн байлаа. Лхагва гаригт Гадаад хэргийн орлогч сайд Марио Альбуха мэдэгдэхдээ, UNASUR нь “төрийн эргэлт”-ийг дэмжихгүй, гэхдээ “чөлөөт, ардчилсан сонгуульд хүндэтгэлтэйгээр хандах ёстой” гэжээ. Эквадорын дипломатч, өөрийн орны ерөнхийлөгч Рафаэль Корреа бүсийн лидерүүдэд хандан Мадурогийн инаугурацид очихыг уриалсан талаар мэдээлэв.

Венесуэлийн Сонгуулийн үндэсний зөвлөлийн (CNE) мэдээгээр ням гаригийн сонгуулиар сонгогчдын 50,78 хувь нь Мадурогийн төлөө, Каприлесийн төлөө 48,95 хувь саналаа өгчээ. Даваа гаригт сөрөг хүчин саналын хуудсуудыг дахин тоолохыг шаардсан жагсаал хийх үеэр наад зах нь долоон хүн амиа алдаж, 60 гаруй хүмүүс  шархадсан. Мөн сөрөг хүчний 135 орчим хүнийг барьж саатуулжээ.

UNASUR байгууллагын гишүүд нь Аргентин, Бразили, Боливи, Колумби, Эквадор, Чили, Парагвай, Уругвай, Венесуэль, Гайана, Суринам, Перу зэрэг 12 орон юм. Парагвайн ерөнхийлөгч Фернандо Лугог өнгөрсөн оны зургадугаар сард засгийн эрхээс буулгасны дараа Парагвайн гишүүнчлэлийг зогсоожээ.

Хамгийн сүүлчийн мэдээгээр, Венесуэлийн сонгуулийн үндэсний зөвлөл саналын бүх хуудсыг дахин тоолуулах гэнэ. Одоо саналын хуудасны 54 хувийг дахин тоолж байгаа ба үлдсэн 46 хувийг нь бас дахин тоолуулахаар CNE шийдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж