асуудлаар аль нэг талд шийдэл, гарц ярихаар хөршийнхөн ирэх гэж байна.
Хэзээ мөдгүй унаж ч мэдэх Ерөнхий сайдтай хэн юуг яаж тохиролцох бол?-

Төрийн бодлогыг тодорхойлох эрх мэдэл зөвхөн улс төрийн намуудаар дамжин хэрэгждэг, тэр тусмаа Монголд АН эсвэл МАН-ын аль нэгээр дамждаг учраас тэднийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт бидэнд байхгүй. Тэд өрсөлдөгчид. Гэхдээ тэдний өрсөлдөөн бодлогын өрсөлдөөн байх үндсэн агуулгаасаа гажуудсаар ердөө эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хувирч байгаа бололтой.
Уг нь ээлжит тэмцэл нь бидний лавтайяа санаж буйгаар аль өнгөрсөн хавар болж, бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдэл МАН-аас Ардчилсан намд шилжин очсон. Хэрэв бодлого байгаа бол тэрийгээ хэрэгжүүлэх цаг нь АН-ын хувьд ийнхүү эхэлсэн гэсэн үг. Нэг үгээр бол сонгогчдын хувьд АН-ыг бодлогоо хэрэгжүүл гэж боломж олгосон юм. Иргэдийн захиалгаар эзэндээ очсон энэхүү боломжийг хэр ухаалгаар ашиглах, захиалагчдадаа хүссэнийг нь хийж өгөх эсэх нь одоо Ардчилсан намаас өөрөөс нь л хамаарах хэрэг. Үүндээ хууль ёсоор дөрвөн жилийн дараа үнэлгээ авна.
Харин сөрөг хүчний хувьд нэгэнт ээлжит тэмцээнд ялагдсан бол нөгөө талд очсон эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх, иргэдээс олгогдсон боломжийг нь хүндэтгэх үүрэг, үүрэг үгүй юм гэхэд ёс зүйн хариуцлагыг өөртөө хүлээж авсан. Энэ нь юуны өмнө тэмцээн түр завсарласныг ойлгох байдлаар илрэх учиртай байх. Мөн МАН-ын хувьд бодлого тодорхойлохгүй юм гэхэд шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа гэдэг агуулгаараа төрийн ажлыг гацаахгүй байх, болж өгвөл сайжруулах үүрэг хүлээсэн санагдана. Гэвч МАН-ын энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал нь хэн нэгнийг огцруулах үндэслэл болж чадалгүй харин ч төрийн ажлыг гацаах тээг үүсгэлээ. Тус намын бүлэг УИХ-ын танхим дотор сөрөг хүчний шаардлагаа хамгаалж, үндэслэлийг нь задалж чадсангүй. Улмаар шаардлагынхаа үндэслэлийг тодорхой болгох зорилгоор энэ асуудлаар хугацаагүй завсарлага авлаа.
Ингээд Ерөнхий сайд нь огцрох, эсэх нь тодорхойгүй Засгийн газар цаашаа хэдий болтол ажиллах нь МАН-аас хамаарах болов. Сөрөг хүчин ч яахав энэ зуур нэг удаа утаа уугиулаад өнгөрсөн дарьтай торхоо нэмж цэнэглэх нь.
Улс орны хөгжлийн бодлогын сайн, муу нь эцсийн дүндээ эдийн засгийн өсөлтөөр, иргэдийн амьжиргааны төвшнөөр хэмжигдэх болно. Тэгвэл өнөөдийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгааг Сангийн сайд олон нийтэд ил тод хэлж, эдгээр хүндрэлүүд өмнөх засгаас атгуулсан “галтай торх” гэж шулуухан мэдэгдэв. Галтай торхыг унтраах, одоохондоо бондоос тэжээгдэж байгаа банк, санхүүгийн салбарт гадаад дотоод эх үүсвэрийг нэмэх, гацаанд орсон Оюутолгой, Тавантолгойг шийдэлд хүргэх гээд олон ажил Засгийн газрын толгойн өвчин байх учиртай. Адаглаад л МАН-ын жишээ болгож буй махны үнэ асуудал болох учиртай. Мөн удахгүй “Оросын төмөр замууд” нэгдлийн Ерөнхийлөгч В.Якунин Засгийн газрын төвшинд стратеги ярилцахаар ирэх гэж байна. Сөрөг хүчний хувьд улс төрийн “бөмбөг” болгоод байгаа сэдэв нь Төмөр зам. Тэгвэл яг энэ асуудлаар аль нэг талд шийдэл, гарц яригдах уулзалт энэ үеэр болно. Хэзээ мөдгүй унаж ч мэдэх Ерөнхий сайдтай хэн юуг яаж тохиролцох бол?
Тэгэхээр сөрөг хүчний энэ удаагийн алхам төрийн ажилд тээг болохоос өөр үр дагаврыг авчирсангүй гэхэд болох байх. Хэрэв Засгийн газрын бодлогын алдааг булталзуулж, босч суухын аргагүй үндэслэл гаргаж ирсэн бол олон хүн баяр хүргэх байсан. Зовлонгийн түргэн, жаргалын удаад гэж үг бий. Төрийн ажилд тээг болох зорилго тээгээгүй л юм бол МАН завсарлагаа харин хурдхан дуусгаасай. Ямар ч хүч чадалтай их аварга үргэлж тэмцээний ринг дээр зодоглодоггүй. Тийм болохоор улс төрийн тэмцлээ түр зогсоож, урдах ажлаа хийцгээ гэж сонгогчийн хувьд УИХ-ыг бүрдүүлж байгаа улчтөрийн намуудад уриалмаар байх юм.