-Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.
-Төрийн байгууллагууд цаасан тайлангаар ажлаа дүгнэж, өр зээл нь хөшигний цаана далдлагддаг гэсэн шүмжлэл бий. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллах боломжтой вэ?
-Бид яг энэ ажлыг хийхийн тулд Төрийн өмчийн хороотой хамтарч дөрөвдүгээр сарын 15-нд санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр төрийн өмчит компаниудад тал бүрийн шаардлагыг Төрийн өмчийн хороогоор дамжуулж тавих боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, санхүүгийн тайланг нь авч, тухайн жилдээ хэрхэн цэвэр өгөөжтэй ажилласан, удирдах засаглалын томилгоог хэрхэн хийж байгаа зэрэг нь ил тод байх шаардлага тавина. Энэ тухай Компанийн тухай хуулианд заахдаа, компанид есөөс доошгүй төлөөлөн удирдах гишүүд байна. Түүний гурваас доошгүй нь хараат бус гишүүн, бусад нь төр захиргааны байгууллагаас томилсон байх ёстой. Энэ заалтыг төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх талаас нь ажиллах юм. Ингэснээр тухайн компанийг удирдах ажиллагаа нь хамаатан, садан, танилын холбоонд оршин тогтнодог байдлыг арилгаж, ТУЗ-д байгаа гишүүдийг ажлаа хангалтгүй хийж байвал огцруулах эрх нээлттэй болно.
-Компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид нь орлого, ногдол ашгаа хангалттай авч чадахгүй байхад захирлууд нь баяжаад байдгийг хэрхэн зохицуулж болох вэ?
-Төрийн, хувийн хэвшлийн, хувьцаат компаниуд бүгд үр ашигтайгаар удаан оршин тогтнохын тулд орлогоо шударгаар хуваарилах, хөрөнгийг зөв зүйлд зарцуулж байж цаашдаа гадны ч дотоодын ч хөрөнгө оруулалтыг татах юм. Үүнийг сайн засаглал гэнэ. Тэгвэл одоо орлогыг шударга тараах тал дээр бол тухайн компанийн захирлын орлогыг авч үзэхэд гүйцэтгэлд нь тулгуурлаж цалинжуулж баймаар байна. Өөрөөр хэлбэл, удирдах ажилтнуудыг үр ашигтай компаниа авч яваад нь үнэлж цалин, урамшууллыг тооцох хэрэгтэй.
-Компаниудын өнөөгийн дүр төрх ямар байна вэ?
-Аль ч компанид цэвэр өгөөжийн үзүүлэлт чухал. Энэ нь тухайн компани жилдээ хэдий хэмжээний борлуулалтын орлого төвлөрүүлж, түүнээсээ хэрхэн цэвэр ашиг олсоныг харуулдаг. Одоо бол зарим төрийн өмчит компаниуд асар их хэмжээний өртэй. Зээл аваад, олсон орлогоороо хүүг төлөх байдлаар ажиллаж байна. Одоо хөрөнгийн биржид бүртгэлтэй том компани дунд алдагдалтай ажилладаг зургаан компани байна. “Hotel Mongolia”, “Силикат”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган”, “Багануур”, “Шивээ Овоо” гэх зэрэг. Жишээ нь, “Багануур ХК” өнгөрсөн жилийн байдлаар хасах тайлантай буюу борлуулалтаасаа авч буй цэвэр ашиг 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Нийт өр нь 70 тэрбум төгрөг. Шивээ овоо ХК 4.2 тэрбум төгрөгийн алдагдалтай, 71 тэрбум төгрөгийн өртэй гэж тайланд нь гарсан байна.
-Хөрөнгийн биржийн ТОП-20 компаниудаас харагдах юм. Хэрхэн ТОП-оор дүгнэдэг юм бол?
-Зах зээлийн багтаамжаар нь дүгнэдэг. Тухайлбал, хэдэн хувьцаа гаргасан, түүнийгээ хувьцааны нэгж үнээр үржүүлээд зах зээлийн багтаамж өндөртэй мундаг гэдэг. Энэ бол хийсвэр. Компанийн хөрөнгийн хэмжээг нийт хувьцааных нь тоонд харьцуулахад дансны үнэ гардаг. Үүгээр нэг хувьцаа хэр хэмжээний үнэтэй байгааг гаргадаг. Энэ дансны үнийг бүх хувьцааны үнэтэй харьцуулахад дансны үнэ зарим компанид хэт их байх жишээтэй. Ингэхээр хувьцааныхаа үнийг хэт их хөөрөгдсөн, компанийн хөрөнгө нь одоог хүртэл бодит үнэлгээ хийгдээгүй гэдэг таамаг дэвшүүлж болно. Компаниуд хөрөнгийнхөө үнэлгээг байнга хийлгэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийн хөрөнгийн, нийт хөрөнгийн өгөөж, зах зээлийн үзүүлэлтүүд буруу гардаг. Цаашлаад гадны хөрөнгө оруулагчид ийм компанийн хувьцааг худалдаж авах сонирхолгүй болдог. Тиймээс хөрөнгийн зах зээлд том реформ хийх хэрэгтэй.
-Яагаад ийм хэмжээнд хүрчихсэн юм бол?
-Үүнд компанийн менежмент муу нь нөлөөлж байна. ТУЗ нь сайн ажиллаж чадахгүй, тайлангаа буруу гаргаж байна. Арилжааны банкнаас зээл аваад өрөнд ороод байгаа юм бол улсын өмчит компаниуд яагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж.
-Ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-ТУЗ-ийн гишүүд, даргыг сонгохдоо олон нийтэд нээлттэй байдлыг хангах, сонгон шалгаруулалтыг нээлттэй байлгаж, албан тушаалд өрсөлдөх материалыг онлайнаар авдаг байх хэрэгтэй. Хариуцлагатай албан тушаалд томилох гэж байгаа юм чинь өрсөлдөгчид нь хэн юм, ямархуу туршлага, арга барилтай юм гэдгийг ил тод мэдээллэх л хэрэгтэй шүү дээ. Цаашдаа засаглалын үнэлгээг хийгээд эхлэхээр ажлаа хийж чаддаггүй, ганц миний компани гэж өмчирхсөн хуучинсаг сэтгэхүйтэй хүмүүсийг явуулаад, чаддаг хүмүүсийг оруулж, хангалттай цалин өгч ажиллуулах хэрэгтэй. Удирдах ажилтнуудаа хийснээр нь цалинжуулаалд эхэлбэл авлигын хэрэг ч буурна шүү дээ.
-Гүйцэтгэлээр цалинжуулах асуудлыг хуульчлах боломж байна уу?
-Ингэж гүйцэтгэлд нь тулгуурлаад урамшуулдаг байх тогтолцоог манай Компанийн засаглалын үндэсний зөвлөл Төрийн өмчийн хороотой хамтраад тодорхой журам гаргая гэсэн бодол бий. Ерөнхийдөө энэ талаар хуулинд тусгахад хэцүү л дээ. Компанийн өмчлөлийн асуудал харилцан адилгүй байдаг болохоор. Хувийн хэвшлүүд гэхэд өөрсдийнх нь асуудал учраас. Гэхдээ төрийг төлөөлдаг Төрийн өмчийн хороотой хамтарч байгаа учраас тогтоолоор тодорхой асуудлыг журамлаж болно.
-Засаглалын асуудлаар компаниудын удирдах ажилтнуудыг сургалтанд суулгах ажил ямар явцтай байна?
-Одоогийн байдлаар нийт 400 гаруй удирдах ажилтнууд хамрагдсан. Үүний 30-40 хувь нь хязгаарлагдмал хувьцаат компани байна шүү дээ. Тэд нар засаглал чухал юм байна гэдгийг ойлгосон бололтой. Гэтэл хувьцаат компани хүний өмчийг удирдаж байгаа ч энд суусан ч яалаа гэж хандаж байна. Мөн хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурал дөрөвдүгээр сарын 20-ний дотор хийх ёстой гэж хуульчилсан. Энэ хувь нийлүүлэгчдийн хурлаараа ТУЗ-ийн хүмүүс нь компанийг авч явах хэмжээний мэдлэг олох сургалтандаа суусан үгүйгээ ярилцах хэрэгтэй. Хамгийн гол санах ёстой зүйл бол сургалтанд хамрагдаагүй ТУЗ-ийн гишүүнийг огцруулах боломжтой шүү дээ. Өөрөөр хэлбэл, сургалтанд хамрагдаж, засаглалын мэдлэг олоогүй ТУЗ-ийн гишүүний шийдвэр хүчингүй. Үүнийг Компанийн тухай хуулийн 75.8-д заасан байгаа. Компанийн ТУЗ-ийн гишүүдэд сургалтын есөн байгууллагаар дамжуулж мэдлэг олгож байна.