Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Азийн томоохон эдийн засгууд болох Япон, Солонгос, БНХАУ, Тайланд, Тайван, Сингапур, Вьетнам зэрэг орнууд TOEIC шалгалтыг өөрсдийн үйл ажиллагааны гол хэмжүүр болгон ашиглаад ихээхэн амжилт олжээ. 1977 онд Японы засгийн газраас АНУ–ын ETS–байгууллагад өөрийн орны залуус, ард иргэдийн Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоож өгөх шалгалт боловсруулан гаргаж өгөх хүсэлт тавьснаар анх TOEIC шалгалт үүссэн түүхтэй. АНУ–ын ETS байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь судалгаа шинжилгээний үндсэн дээр шалгалтын асуулт боловсруулж TEOFL, TOEIC, GRE, Praxis зэрэг олон улсын шалгалтын бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж эдгээр шалгалтыг зохион байгуулдаг ашгийн бус ажилладаг боловсролын байгууллага юм.
Хамтран ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагаанд бодит, үнэн, зөв, баталгаатай үнэлгээ тогтоох замаар боловсролын чанар, шударга ёсыг эрхэмлэн, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дэлхийн бүх хүмүүст мэргэжлийн боловсрол олгох, тэдний сурах, боловсрох үйл ажиллагааг дэмжих, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Хувь хүн, гэр бүл, багш нар, боловсролын байгууллагууд, бизнес, засгийн газар, хот, улс орон түүнчлэн мэргэжилтэн судлаачдад дэмжлэг үзүүлэхэд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зориулдаг. ETS -н эрхэмлэх зүйлс бол шударга тогтолцоо, бодитой байдлыг хангасан баталгаатай, найдвартай байх чанар юм. Хэрэглэгч, шалгуулагчдын бодит эрэлт, хэрэгцээг хангах, оюуны чадварыг сайжруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний боловсронгуй байдлаараа манлайлж байна.
Тус байгуулага нь шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна боловсрол, сургалт, тухайлбал багш бэлтгэх, англи хэлний боловсрол олгох, бага, дунд боловсролын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулж сургалтын бодлого боловсруулдаг. Өнөөдрийн байдлаар ETS-д 2800 гаруй мэргэжилтэн, судлаачдын баг ажиллаж шалгалтын материал болосвруулан, дэлхийн 180-аад оронд 90 гаруй салбар, төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд ойролцоогоор 50 сая гаруй шалгалтын материал боловсруулан гаргаж олны хүртээл болгодог юм. Боловсрол судлал, сэтгэл судлал, статистик, психометр, компьютер, нийгэм судлал, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байгаагийн зэрэгцээ эрдмийн зэрэг цолтой 250 гаруй, нарийн мэргэшсэн 600 гаруй судлаачид ажилладаг.
Анхны “TOEIC “ -ийн шалгалтыг 1979 онд авч эхэлсэн бөгөөд дэлхийн 120 гаруй оронд 10,000 гаруй албан байгууллага үйл ажиллагааныхаа гол шалгуур болгон ашиглахын зэрэгцээ жилд 50 сая гаруй шалгалт авагддаг байна. Дээрх орнууд TOEIC шалгалтыг төр засаг, боловсрол, бизнесийн салбарын хүрээнд ихээхэн хэрэглэх болсон байна. Тухайлбал:
Төр засгийн хүрээнд:
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаад оронд болон өөрийн эх оронд суралцах залуусыг сонгон шалгаруулахдаа TOEIC шалгалтын оноог шалгуур болгон ашиглаж жил бүр олон мянган залуусыг гадаад дотоотын их дээд сургуульд суралцуулдаг байна.
Боловсролын салбарт:
Тухайн орны хөгжил боловсролын салбараас ихээхэн хамаардаг нь боловсролын системийн жигд үйл ажиллагаатай шууд холбоотой. Иймд дээрх орнууд Их Дээд сургууль, Коллеж, мэргэжлийн сургалт, Ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, төгсөлтийн шалгалт, англи хэлний хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, үр дүнг тооцоход TOEIC шалгалтыг голлон хэрэглэж байна.
Бизнесийн салбарт:
Чадварлаг хүний нөөц бүрдүүлж тогтвортой ажиллуулах нь аливаа байгууллагын зах зээлд өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлдэг. Иймд дэлхийн томоохон пүүс, компани, үйлдвэрийн газрууд ажлын байрны сонгон шалгаруулалт, ажилтан албан хаагчдын ажлын байрны англи хэлний мэдлэг, чадвар, чадамжийн түвшинг тогтоох, албан тушаал дэвшүүлэх шалгах, үйл ажиллагаандаа TOEIC шалгалтыг үндсэн шалгуур болгон хэрэглэж байна.
TOEIC шалгалт нь: Амьдралын БОДИТ нөхцөлд тулгуурлан зохиогдсон даалгавар, асуултуудтай, тэгш эрх, ШУДАРГА байдлыг эрхэмлэн, итгэл НАЙДВАР төгс байх зэрэг чанаруудыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго, уриа болгосон онцлог байдлаараа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг болно
TOEIC шалгалтын зохих түвшний оноо авсан хүн дэлхийн аль ч оронд уг шалгалтын оноо шаардаж буй сургуульд элсэн орох хүсэлт гаргах, шинээр ажилд орох, албан тушаалын зэрэг дэвээ ахиулах зэрэг бололцоотой болж байгаад энэхүү шалгалтын давуу тал оршиж байна.
Шалгуулагч бүрт тэдний англи хэлний мэдлэг, чадварыг илэрхийлсэн гэрчилгээ олгодог нь TOEIC шалгалтын бас нэг онцлог давуу тал болж байна.
Шалгалт нь олон улсын стандартын дагуу нууцлал өндөртэй, нарийн зохион байгуулалтай, хүний оролцоогүйгээр тусгай программ дээр явагддагаараа шалгуулагчийн мэдлэгийг зөв үнэлэх баталгаа болж өгдөг.
TOEIC шалгалт нь: Public, Institutional, Bridge гэсэн төрлүүдэд хуваагдаж “Сонсох, Унших” шалгалт, “Яриа, Бичгийн” шалгалт гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулагддаг бөгөөд тус бүр тодорхой хугацаагаар нийтдээ 3 цаг гаруй үргэлжилж 10-990 онооны хооронд дүгнэгддэг. Сонсох, Унших шалгалтыг цаасаар, Ярих, Бичих шалгалтыг компьютерт суурилж цахим хэлбэрээр авдаг.
TOEIC шалгалт нь хувь хүнд өөрийн англи хэлний мэдлэг, чадвар, чадамжийг олон улсын түвшинд дүгнүүлсний үр дүнд дэлхийн аль ч улс оронд очиж хүссэн газартаа, сонгосон мэргэжлээрээ, тохирсон албан тушаалд нэр дэвших, ажилд орох хүсэлт гаргах, өрсөлдөн ажиллахад боломж олгон, бүх хүний өмнө нээлтэй, эрх тэгш байж хамгийн олон хүн ач тус, үр дүнг нь хүртэж чадах сайн талтай.
Н.БАТЖАРГАЛ