
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах асуудал сөрөг намаас тавьж байгаа талаар төлбөртэй нэвтрүүлэг цацагдаж байгааг харсан. Харин өнөөдрийг хүртэл дүүргийн Засаг даргыг огцруулья гэсэн хүсэлт албан ёсоор тавигдсан зүйл алга. Тиймээс миний хувьд хувь хүн өөрийн байр суурийг илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх л ёстой зүйл хэмээн хүлээн авч байгаа. Хамгийн гол нь хэн нэгэн этгээд хүсэл сонирхлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэнээр дүүргийн Засаг дарга албан тушаалаасаа огцрох боломжгүй. Холбогдох хуульд нь ч энэ талаар “Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
-Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Баянзүрх дүүргийн хувьд олон жил МАН засаг барьж байсан. Магадгүй энэ жишиг эвдэгдэж АН ялсан нь хэсэг бусаг хүмүүст хүлээн зөвшөөрөхөд хүнд байх шиг санагддаг?
-Миний хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад дөрвөн сар болж байна. Хувь хүнийхээ хувьд мөн цөөнгүй жил улс төрийн албан тушаал хашиж байсан хүний хувьд надад баримталж ажилладаг хэдэн зарчим байдаг. Үүний нэг нь ямарваа нэг ажил хийхийн тулд эхлээд ажиллах орчинг хангалттай бүрдүүлэх. Тиймээс миний хувьд мөн Баянзүрх дүүргийн унаган иргэний хувьд дүүргийнхээ хөгжил, иргэдийнхээ амьжиргааны баталгааг нэмэгдүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөөд байна.
Мэдээж энд цаг хугацаа, орон зай гэх мэт олон зүйл шаардагдана. Хамгийн наад зах нь л гэхэд өнгөрсөн 22 жилийн турш нэг намын мөрийн хөтөлбөр, менежментээр явж ирсэн олон зүйл шинэчлэл, өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй, садаа тээг болж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, Баянзүрх дүүргийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ирээдүйг баталгаатай болгоход чиглэсэн ажлуудыг хийхийн тулд хуучин аргыг халж, шинэ менежментийг бий болгож, зохион байгуулахын тулд тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэг гарсан.
-Тухайлбал?
-Баянзүрх дүүргийн нутагт ихээхэн бэрхшээл үүсгэдэг зүйл бол хогны асуудал. Хамгийн хүнд, ихээхэн адармаатай асуудлын нэг. Гэр хороолол ихтэй, ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, орон нутгаас шилжин ирж, амьдарсан өрх ихтэй. Уулын орой, голын сайр, намаг гэлтгүй олдсон газар дээр хашаа хатгаад гэр бариад амьдардаг өрх гэр их. Гэтэл дүүргийн хэмжээнд гарч байгаа бүх хогийг хувийн ганцхан компани тээвэрлэдэг. Уг компанийн хувьд орлого нь зарлагаасаа хамаагүй бага учир төрөөс нөхөн олговор авдаг байсан ч уулын орой дээр буусан айлын хогийг ачдаггүй орхичихдог. Учир нь тогтмол мөнгө зоогоод өгчихсөн, ашиг байхгүй шахам. Мэдээж ашиггүй болохоор тухайн компани ач холбогдол өгөхгүй, зөвхөн хотын төвд ойр аж ахуй нэгжүүдийн хогийг ачдаг байсан. Үүнээс үүдэлтэй хур хог гэр хороололд маш их. Байшин хороололд амьдарч байгаа иргэд хог хаягдлын татвар гэж 2000, гэр хорооллынхон 2500 төгрөг сард тушаадаг. Ийм л байдалтай явж ирсэн. Тиймээс энэ байдлыг бид өөрчилсөн. Дүүргийн хэмжээнд гарч байгаа хогийг ганцхан компани тээвэрлэх эрхийг бид зогсоож, энэ эрхийг дөрвөн компанид өгөхөөр нээлттэй тендер зарлаж, шалгаруулалт явуулсан. Ингэснээр өрсөлдөөн бий болж, иргэд ч байнга шахам тулгарч бухимдуулдаг байсан хог тээвэрлэлтийн асуудал цэгцэрнэ.
-Таныг 214 хүнийг нэг дор ажлаас халлаа гэж шуугих болсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Эдгээр хүмүүс бол хэсгийн ахлагч нар байсан. Аль ч дүүргийн хэсгийг ахлагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэрээт албан хаагчид байдаг. Энэ хүмүүсийн гэрээ дуусгавар болсон учраас ажлаас чөлөөлсөн. Эдгээр 214 хэсгийн ахлагчийн хувьд ажлын гэрээ нь дуусах хугацааг мэдэж байсан хүмүүс. Харин тамгын газраас эдгээр хэсгийн ахлагчдын гэрээг 2013 онд сунгах боломжгүйг хэлж, гэрээг нь цуцалсан байгаа.
-Хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүмүүсийн гэрээг яагаад сунгах боломжгүй гэдэг шийдвэр гаргав?
-Иргэний төлөө биш, эд хөрөнгийн төлөө, өөрсдийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийн эрхийг хөсөрдүүлсэн нэг хэсэг бүлэг этгээдүүд байсан учраас гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийн гэрээг сунгах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Мэдээж бүгдээрээ биш, гэхдээ 214 хэсгийн ахлагчийн дийлэнх нь өмнө нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргасан, ажлын байрандаа тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргуулсан хүмүүс. Хэсгийн ахлагчид иргэдтэй хамгийн ойр ажилладаг засаг захиргааны нэгж. Гэтэл иргэдэд хүрэх ёстой халамжийн будаа гурилыг будилуулж, өөртөө ашигладаг. Ядаж л утаагүй зуухыг нь хүртэл аваад зах дээр гаргаад зарж ашиг хонжоо олдог байсан нь баримтаар нотлогдсон. Хороо, хэсэг бүрт өрхийн бүртгэлийн дэвтэр байдаг. Гэтэл энэ өрхийн дэвтрийг тухайн өрхийн насанд хүрсэн хүн бүхний тоогоор нээж, тухайн өрхийн жинхэнэ эзэнд нь төслийн зуухнаас нэгийг өгөөд, бусад иргэдийн нэр дээр бичсэн төслийн зуухыг аваад Нарантуул зах дээр зарчихдаг. Ийм байдлаас болж 20 мянган төгрөгийг зуухыг 200 мянган төгрөг болтол нь үнэ хүрдэг болсон байна. Мөн 21 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Атараа гэдэг эмэгтэй нэн ядуу өрхүүдэд тараах ёстой гэрийн дулаалгыг хашаандаа хураачихсан байсан. Ийм хүмүүст итгэл хүлээлгэж, гэрээг сунгаж ажиллуулна гэхэд хүндрэлтэй шүү дээ.
-Эдгээр 214 хүний оронд ажиллах хэсгийн ахлагчдыг томилсон байх?
-Өмнөх хэсгийн ахлагч нарын гэрээ 2012 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон. Тиймээс энэ ажлыг хийх дараагийн 214 хүнтэй шинээр гэрээ байгуулсан. Нэг хэсэг хүмүүс ажилгүй боллоо гэж байгаа ч нөгөө хүмүүс нь ажилтай болж байна гэсэн үг.
-Үүнээс гадна хорооны Засаг даргын сонгуулийг нууцаар зохион байгуулж бусдад шударгаар өрсөлдөх боломж олгосонгүй гэх юм?
-Манай дүүрэг 28 хороотой. Иргэдийн нийтийн хурлаар хорооны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчөө сонгодог. Энд нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй юм. Баянзүрх дүүргийн хувьд өмнө нь 22 жилийн турш МАН дангаараа эрх барьж байсан. Тиймээс хорооны иргэдийн нийтийн хурал хэсэг бүлэг хүмүүсийн цуглаан болж, ах дүүс, намын үүрийн хурал л болдог байсан. Хэзээ ч хэвлэл мэдээллээр олон нийтэд хурал болох товыг зарлаж, олон нийтийг хуралд орохыг уриалж байгаагүй.
Тиймээс энэ жишгийг эвдэж, хорооны иргэдийн нийтийн хурлын товыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, бид. Ингэснээр өмнө нь МАН-ын үүрийн хурал болдог байсан жишгийг эвдэж, ард иргэдийн өөрсдийнх нь дуу хоолой, санал хүсэлтийг авч, хурлын уур амьсгалыг өөрчилсөн. Харин энэ өөрчлөлт хуучин хүмүүст таалагдаагүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хуралдсан хорооны иргэдийн нийтийн зургаан хурал талцаан болж, багагүй маргаан дэгдсэн. Хүмүүс анзаарсан байх, МАН-ын захиалгатай, төлбөртэйгээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нэвтрүүлгээс. Бөөн л зодоон нүдээн, тэнд шийдвэр гаргахаас илүү үймээн дэгдээж, түүнийг нь хальсанд буулгах гэсэн зарим нэгэн бусармаг этгээдүүд санасандаа хүрсэн.
Үнэнийг хэлэхэд харамсалтай байна. Хэдийгээр унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг ч хорооны иргэдийн нийтийн хурлыг хүртэл зохион байгуулалттайгаар ирж үймүүлж байгаа зохисгүй үйлдэл арай л хэрээс хэтрээд байгааг хэсэг бусаг хүмүүс өгдөөгөөд, түүнийг нь сөрөг хүчин гэгдэх намаас санхүүжүүлээд байдаг. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө л ажиллах ёстой болохоос ийм арчаагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг бодолцох ёстой. Төлбөртэй нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацаад байгаа энэ хүмүүс ямар их мөнгийг муу зүйлд үрж байгаагаа ойлгох хэрэгтэй санагдана.
-Ер нь хорооны иргэдийн нийтийн хуралд иргэд хэр идэвхтэй оролцдог юм бол?
-Тийм ч идэвхтэй биш. Хуулиараа тухайн хорооны 30 өрхийн төлөөлөл хуралд оролцвол хүчинтэй гэж үздэг. Харин манай дүүрэг шиг Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг том дүүргийн нэг хорооны 30 өрх гэхээр учир дутагдалтай. 4000 өрхтэй хорооны 30 өрхийн төлөөлөл хуралд оролцсоныг хүчинтэй гэж үзэхэд хэцүү. Тиймээс ирц асуудалтай байдгийг нуухгүй. Манай дүүргийн хувьд хамгийн олон хүн цугларсан хорооны иргэдийн нийтийн хурал Гачууртад болж байсан. Хорооны иргэдийн нийтийн хуралд 800 хүн оролцож байсан. Түүнээс ихэвчлэн 300 орчим хүн л хуралд оролцдог.
Миний хувьд өмнө нь жирийн иргэн байхдаа хорооныхоо иргэдийн нийтийн хуралд оролцож байсан. Харамсалтай нь хорооны иргэдийн нийтийн хурал нэртэй МАН-ын үүрийн хурал л болдог байсан. Тиймээс 100:1-ээр ялагдаад үг ч хэлэх боломжгүйгээр цагдаад хөөгдөөд л хурлаас гардаг байсан. Над шиг ийм байдалд орж байсан өчнөөн иргэд байсан болохоор энэ байдлыг өөрчилж, олон нийтэд ил болгосноор сөрөг намынханы хуучинсаг, бүлсэг хүмүүсийн бухимдлыг хүргэж, захиалгат нэвтрүүлэг бэлтгэхэд хүргэсэн бололтой.
-Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам ялсан. Шинэ удирдлага ямар ажил хийв. Мэдээж олон жил нэг намын нэг хүчний удирдлагадорж байсан иргэд өөрчлөлт иргэддээ ашигтай ажил хийнэ гэж хүлээж байгаа нь лавтай?
-Баянзүрх дүүрэг эхний ээлжинд нээлттэй болох хэрэгтэй. Нээлттэй гэдэг нь юу вэ гэхлээр аливаа асуудал тодорхой байх нь чухал. Одоо дулааны улирал эхэлж байна. Тун удахгүй оны эхний бүтээн байгуулалтууд эхэлнэ. Тиймээс хамгийн түрүүнд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд хоорондоо ойлголцож тохиролцвол барилгажаад ирнэ. Эхний үе шат эхэлсэн. Мөн ажиллах орчноо бүрдүүлж дүүрэгт ногдож байгаа эрх мэдлээ яаж үр өгөөжтэй иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр байлгах уу гэдгийг төлөвлөж байна.
-Дүүргийн төсөв хөрөнгийг иргэд сонирхож байгаа байх?
-Дүүргийн төсөв 2013 онд 50 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. Их мөнгө байгаа биз. Гэтэл үүний 40 гаруй тэрбум төгрөг нь нийгмийн даатгал халамж рүү шилжүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэгийн цалинг боловсролын яамнаас дамжуулдаг гэсэн үг. Ингэхлээр дүүргийн мэдлийн 10 гаруй тэрбум төгрөг байдаг. Үүний дийлэнх нь хорооны Засаг дарга, ажилчдын цалинд “явчихдаг”. Ингээд харахад дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад хангалттай мөнгө байдаггүй юм билээ.
-Танай дүүрэгт “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгөний зарцуулалт ямархуу төвшинд байгаа вэ. Сангийн мөнгөний зарцуулалт иргэдийн санал дээр тулгуурлах байхаа?
-“Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгө гэж 4.4 тэрбум төгрөг Баянзүрх дүүрэгт хувиарласан.Сангийн мөнгөний зарцуулалтаар дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг “хүүхдийн цэцэрлэг” гэж нэрлэсэн. Манай дүүргийн 28 хорооны 9-д нь улсын цэцэрлэг огт байхгүй. Тиймээс энэ мөнгөний тодорхой хэмжээгээр нь гэр хороололд цэцэрлэг баръя гэдэг шийдвэрийг бид гаргаад байгаа.
Өнөөдөр Баянзүрх дүүрэг хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ нэгдүгээрт орох дүүрэг хэдий ч хүүхдийн цэцэрлэг барих газар олдохгүй байна. Тиймээс аль болох боломжоороо газрыг нь чөлөөлүүлж, өртөг багатайгаар шинэ технологиор цэцэрлэг барихаар төлөвлөж, төсөвлөсөн. 2013 онд манай дүүргийн зургаан хорооны нутагт шинэээр цэцэрлэг барина. Энэ ажлыг эхлүүлсэн, зураг төслийн хүрээнд л явагдаж байна.
-Өмнөх жилүүдэд дүүрэгт оруулж байсан хөрөнгө оруулалтууд хэр үр дүнтэй зарцуулагдсан байдаг бол. Хөшөө, баримал зэрэгт хэдэн тэрбумаар нь хөрөнгө зарцуулсан гэдэг шүүмжлэл их байдаг?
-Дүүргийн төсвийг харахад нийслэл, улсаас эрх шилжүүлж орж ирсэн хөрөнгө их байдаг юм байна. Ялангуяа дөрвөн жилийн хугацаанд жилд гишүүдийн дөрвөн тэрбум төгрөг орж ирсэн байдаг. Үүнийг иргэдтэйгээ ярилцаж байгаад бүтээн байгуулалтад зарцуулсан гэдэг юм билээ. Гэтэл Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэггүй, хороод нь цэцэрлэггүй … гэх мэт асуудал их байна…
-Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт газрын маргаантай асуудал их байдаг. Газрын албан дээрээ кадастрын зурагт Дорж, Дулмаагийн газар гээд нэртэй ч газар дээр нь яваад очихоор хоосон байдаг. Үүнээс болж, иргэд газрын албаныхан өөртөө “дарж” байгаад үнэ хүргэж зардаг гэдэг яриа байдаг?
-Ийм маргаан их бий. Миний хувьд Засаг даргаар томилогдсоноос хойш долоо хоногт 50 гаруй иргэнтэй уулздаг. Энэ үед таны хэлсэн шиг гомдол их ирж байна. Иргэд өөрийнхөө амьдарч байгаа газраа өмчлөөд авсан нь маргаан байхгүй. Харин нөгөө булан тохойг нь давхцуулаад зураглал хийсэн нь маргаан дагуулдаг. Тэр үеийн техник технилоги хөгжөөгүйгээс болдог ч байж магадгүй юм. Ингээд давхацсан хэсэг дээр нь маргаан гардаг. Үүнийг шүүх рүү явуулдаг. Ихэнх тохиодолд газрын албаны буруу болж таардаг. Шүүх анхны өмчлөгчид нь өгдөг. Үүнээс гадна нийслэл захирамж гаргаад нэг дарга нь авчихсан байхад тэрэн дээр нь дүүргийн албан тушаалтан захирамж гаргаад газар өгчихдөг. Дүүргийн гэрчилгээтэй хүн хашаагаа хатгаад тав, зургаан жил амьдардаг. Нэг өдөр газрын төлбөр гээд очиход нийслэлийн захирамжтай байна гэхэд нөгөө хүн нь зарчихдаг. Ингээд дам дамаа дагасан газрын наймаа, маргаан их гардаг. Энэ асуудлыг цэгцлэхээр төлөвлөн ажиллаж байна.