
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН завсарлага авснаар олон цагийн “байцаалт” завсарлагаагаар өндөрлөсөн. Гэхдээ МАН зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага авсан юм. Харин дараагийн асуудал нь дэлхий нийтэд Монгол Улсын нэрийг дурсагдахаар “дуулиан” тарьсан УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал байлаа. С.Баярцогт яагаад гадаадад данс нээсэн, тэр дансаар ямар мөнгө орж гарч байсан, яагаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, олон жил улстөрд байсан хүний хувьд ёс зүйгүй хандсан гээд олон асуултаар үргэлжилсэн.
Энэ бүхний хариуд С.Баярцогт гишүүн “Би өөрийн ёс зүйгүй хандсан үйлдлээ ухамсарлан УИХ-ын дэд даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгч байна. Энэ нь Монголын улстөрд шинэ соёлыг бий болгож байгаа. Монголын олон улстөрчид ёс зүйтэй байгаасай гэж энэ шийдвэрээ гаргаснаа” танхимын нөхөддөө тайлагнасан. Танхимын нөхдөөс МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд шүүмжилж бас “байцааж” байсанд олон хүн гайхаагүй. Харин намын болон нэг бодлого чиглэл барьж байгаа танхимын нөхрийн хувьд Ж.Батзандан гишүүн хамгийн хатуухан шүүмжлэлийг хэлсэн. Ж.Батзандан “С.Баярцогт гишүүнийг УИХ-ын дэд дарга болох гэж байхад нь би эсэргүүцэж байсан. Ийм хүн УИХ-ын дэд дарга хийж чадахгүй, С.Баярцогт шиг улстөрч байхгүй” гэсэн юм. Гэвч С.Баярцогт гишүүн өөрийн “арьсаа” хамгаалахын тулд Ж.Батзандан гишүүнийг өмнө хэлж байсан магтаалын үгийг хэлэхэд, “Тоглож, тавлаж байсан юм” гэдгээ олон нийтийн өмнө хэнэггүйхэн “илчилсэн”. Ийнхүү С.Баярцогт гишүүний асуудал маргаан, мэтгэлцээн, асуулт, хариултаар өрнөж байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргаснаар С.Баярцогтын ажлаасаа чөлөөлөгдөх асуудал түр хойшилсон юм. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн хугацаанд завсарлага авах бөгөөд С.Баярцогт УИХ-ын дэд даргаасаа огцрох эсэх асуудал тав хоногоор хойшилж байна.
Хэдийгээр тав хоногийн дараа энэ асуудал эргэн сөхөгдөх ч С.Баярцогтыг хэн орлох вэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга буюу АН-ын дэд дарга хэн байх вэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ суудалд АН дотроо хамгийн туршлагатай “мэргэн үгтэй” Р.Гончигдорж гишүүн яригдаж байгаа бол “хожимдож” тангараг өргөсөн Г.Батхүү гишүүн дэд даргын үүрэг хүлээж авна гэх яриа ч бас явна. Ямартай ч тав хоногийн хугацаанд С.Баярцогт дэд даргаа хийж, “Шударга ёс” эвсэл С.Баярцогтыг хэрхэхээ шийдвэрлэх асуудал тав хоногийн дараа тодорхой болох нь ээ.