Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

XIII
зууны үед Монголд ирж байсан Европын нэрт жуулчин Марко Поло "Монголчууд
бусдын газар нутгаар аялахдаа бороотой үед толгой хоргодох жижиг
майхан, зэвсгээс өөр юу ч авч явдаггүй" гэж бичжээ. Эртний
нүүдэлчин овгуудын майхан нь хэв байдлаараа орчин үеийн монголчуудын дунд
дэлгэрсэн энгийн хийц бүхий бөх бат, хөнгөн жингийн майхантай ойролцоо байв.
Майханы голын хэсэг нь хоёр нарийвтар багана буюу яс мод, мөн хөндлөн мод буюу
дам нуруунаас бүтнэ. Хоёр багананд бэхэлсэн дам нуруунд хэлбэрийн хувьд
харилцан адил эсгэж оёсон даавуун далбааг нөмөргөж барьдаг.

Монгол майхан нь бусад улсын хэрэглэдэг майхнуудаас хэлбэр маягаар
өөр бөгөөд татуурга хэрэглэдэггүй байснаараа онцлогтой. Харин татуургын үүргийг
зөв байрлуулсан давуун бүрээс гүйцэтгэнэ.

Жирийн малчдын хэрэглэж байсан майхан бол ямар ч
чимэглэл, хээ угалзгүй, энгийн байдаг бол язгууртан баячуудын майхан
хэлбэр дүрс, хэмжээгээрээ ялгагдахаас гадна янз бүрийн хээ угалзтай байв.
Майхан дээр голчлон ан амьтан ба алхан хээ, өлзий утас гэх мэтийн хээ угалзуудыг
шаглах буюу зээгт маягаар хийхдээ хээ угалзыг шилж тохируулдаг байв. Үүнд:
гэрийн эзэн ба түүний гэр бүлийнхэнд урт удаан наслах, зол жаргалыг ерөөх зэрэг
билэгдлийн шинжтэй хээ угалзыг тавьдаг байжээ.

Майхнаас гадна монголчууд нь жодгорыг (Зодын гэр) хэрэглэдэг байв. XVII зуунаас
хойш жодгорыг голчлон тэнүүчилж явдаг бадарчин, удган нар хэрэглэдэг болжээ.
Тэнүүлчин майхны төрөлд асар багтана. Асар нь голдуу баяр ёслол, элдэв
тэмцээн, ан авлахад хэрэглэдэг багтаамж ихтэй сууц юм. Плано Карпини долоон зуу
гаруй жилийн өмнөх том асрын тухай бичихдээ "Биднийг очиход том гээчийн
цагаан даавуун асар барьчихсан байсныг хараад түүнд хоёр мянга гаруй хүн
багтмаар том юм байна гэж бодсон" гэжээ.

http://barilga.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж