Хаврын чуулган эхлээд удаагүй байгаа ч Үндсэн хууль зөрчсөн, ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийж байна гэх хэд хэдэн үндэслэлээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлэх чадваргүй гэж МАН-ын гишүүд үзэж байгаа. Олонхи Засгийн эрхийг аваад найман сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрын хийсэн, хийгээгүй ажлын тайланг иргэд дүгнэнэ. Ямартай ч Засгийн газрын тэргүүнээ огцруулж, шинэ Ерөнхий сайд хүссэн МАН-ын гишүүд “байцаалт”, шүүмжлэлээ илэрхийлсээр байна.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд 74 гишүүн оролцох ёстойгоос 66 гишүүн буюу 89 хувийн ирцтэйгээр Ерөнхий сайдаа авч үлдэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Н.Алтахуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэний дараа ёсзүйн алдаа гаргаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцэх юм.