Юанийн ханшийг Төвбанк хөөрөгдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Юанийн ханшийг Төвбанк хөөрөгдөж байна

Багахан хэмжээний юань монгол мөнгөөр солиулахаар өчигдөр “Найман шарга” валютын захыг зорьж очлоо. Тэр зүгт дөхөж очсон болгоныг тарвага хошгоруулж байгаа анчид шиг тал бүрээс нь дуудна. Ахын дүү, миний дүү доллар, юань байна уу гэсээр угтана. Юань ямар үнэтэйг асуувал, жаахан өссөн шүү дээ гэсээр ханшаа дуулгана. Валют арилжааны нэг мухлагаас гараад нөгөөх рүү нь орох зуур ченжүүдэд хэдэнтээ байцаагдана. Гадаа зогсох ченжүүдийг жаахан төвөгшөөж, валют арилжааны төвүүд рүү орлоо. Мөн л гаднахаас ялгаагүй өөдөөс шаагилдана.

Гадаад валютуудын ханш судлаж мухлаг дамжин явсны эцэст нэгэн ченж эмэгтэйтэй хөөрөлдсөн юм. Түүнээс валютын ханш хэзээнээс чангарсан болон эрэлт нийлүүлэлтийн тэнцвэржилт хэр байгаа талаар сонирхлоо. Тэрбээр “Нийлүүлэлт бага, эрэлт их байна. Монголбанк сүүлийн хоёр гурван удаагийн валютын дуудлага худалдаагаараа юань зараагүй. Ингэснээр зах зээлд эргэлдэх юанийн урсгал хязгаарлагдмал болчихоод байна. Харин эрэлт ихэсч байгаагийн учир нь хавар болж барилга бүтээн байгуулалт, уул уурхай гээд бүхий л төрлийн үйлдвэрлэл эхэлдэгтэй холбоотойгоор урд хөршийг зорих хүмүүс олширдог. Бизнесээс гадна гэр бүлийн хэрэгцээгээ хангахаар Хятад улсыг зорих иргэд дулааны улирлыг сонгодог. Энэ мэтээр юанийн эрэлт нэмэгддэг үе. Гэтэл ийм үеэр Төвбанкнаас юань гаргахгүй байгаа нь сонин байна. Нийлүүлэлт нь хомс атлаа эрэлт нь нэмэгдэхээр үнэ өсөх нь зах зээлийн хууль биз дээ. Харин ам.долларын хувьд юань өсөхөөр нийлүүлэлт тэнцвэртэй байсан ч бусад валютаа дагаад өсчихдөг. Гэхдээ ханш огцом өсөөгүй. Цагаан сараас хойш бага багаар өссөн” гэв.

Зэргэлдээх хаалга руу нь ортол нэгэн хүн ченжид 3000 юань худалдаж байлаа. Тэр хоёрыг жаал ажиглаж зогслоо. Юань худалдаж авъя гэсэн хүн орж ирэхээс заръя гэж орж ирэх нь ховор байна. Ингээд ороод ирдэг чинь юун аятайхан юм гээд бөөн баяр болов. Үйлчлүүлэгч нь гарч одсоны дараа тэр ченжтэй тав гурван үг солилцов. Тэрбээр гадаад валютын манайхыг чиглэх урсгал муудаж байгаа нь уул уурхайн салбартай холбоотой байх магадлалтай гэнэ. Мөн “Сонгуультай жил ингэж өсдөг. 2009 оны сонгуулийн өмнө ам.доллар 1700, юань 260 төгрөгт хүрч байсныг санаж байгаа байх. Юутай холбоотой болохыг нь сайн мэдэхгүй юм. Уг нь үүнийг зохицуулах амархан л санагдах юм. Монголбанк мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг валютын дуудлага худалдааныхаа аль нэгэнд нь л ам.доллар, юанийг бөөн худалдчих хэрэгтэй. Нийлүүлэлт эрс нэмэгдэхээр тэр хэмжээгээрээ ханш унана шүү дээ. Бид хэтэрхий хялбараар харж байж ч болох юм. Гэхдээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хүн харахад бага багаар өсч байгаа мэт байж байгаад нэг л мэдэхэд 2009 оных шиг болчих вий гэж бодож байна” гэлээ.
 
Ченжүүд ийнхүү өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан юм. Гэхдээ тэд нэгэнтээ энэ тогоонд буцалж байгаагийн хувьд ор үндэсгүй зүйл хэлээгүй л байх. Нээрээ л тэнд очоод цаг шахам зогсоход юань, доллар авъя гэх хүн орж ирэхээс зарна гэх нь тун цөөхөн байв. Уг нь Монголбанк валютын дотоод захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн болон хангалтын тогтвортой байдлыг хангах зорилгоор валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Ямар үзүүлэлтээр зах зээл дэх юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй гэж үздэгийг мэдэхгүй ч гадаад валютын арилжаа хамгийн их хийгддэг төвд дээрх байдалтай байсан юм. Үндсэндээ ам.доллар хангалттай ч юанийн нийлүүлэлт муугаас бүх төрлийн валютын ханш өсч байгааг тус төвийн ченжүүд сонордууллаа. Монголбанкнаас зарласан өчигдрийн ханшаар ам.доллар 1415.4, юань 228.9 төгрөгтэй тэнцэж байсан.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж