Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай юм. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д оруулж ирсэн уг асуудлыг өнгөрсөн мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, “Ерөнхий сайдыг огцруулах боломжгүй” гэж үзсэн юм.

Чуулганы хуралдаанд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч байна. Тэр дундаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан МАН-ын гишүүдийн олонхи нь асуулт асууж, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Та бидэнтэй хамтарч ажиллая гээд байна. Хамтарч ажиллах бололцоогоо өг л дөө. Байнгын хороонд байх ёстой гишүүд маань тоо ёсоор гишүүн болж чадаагүй байна. Бид хуулиа мөрдөнө. Харин таны хууль бус шийдвэрээр ажилгүй болсон 7000 хүн хуулиа мөрдөөсэй гэж хүсэж байгаа” гэлээ. Харин үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хэдэн мянган хүн ажилгүй болсон тухай яриад байх юм. Нотлох баримттай, бичиг цаасаа гаргаад ирэх хэрэгтэй байна. Бид шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бодитой шүүмжлэл хүлээж авах тухай ярьж байгаа юм шүү. Үүний оронд та нар барина гэсэн зам чинь ямар байна вэ, Тавдугаар цахилгаан станц чинь хаана байна гээд асуу л даа” гэсэн хариулт өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Та МАН-ын гишүүд, намайг хууль зөрчсөн болгож харагдуулах гэж байна. Удахгүй би хууль зөрчихийг үгүйсгэхгүй гэж ярьсан. Та өөрөө ингэж хууль зөрчинө гэж ярьж болох уу” гэдгийг тодруулахад, Н.Алтанхуяг сайд “Энэ хууль зөрчсөн асуудлаар намайг ингэж ярихаа болих хэрэгтэй. Би олон жил улс төрд явсан болохоор өөрийнхөө үйлдлийг мэдээд байна. Д.Хаянхярваа гишүүн та мэдэхгүй байх шиг байна. Танай намынхан намайг гурав дахь удаагаа Үндсэн хууль зөрчсөн гэж хэлсэн. Тэр нь юу гэхээр Лениний музейн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Би тэр музейтэй хамаагүй ээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг намын төлөө дугарч байна. МАН-тай хамтрахгүй, Үндэсний аюулгүй байдлын гишүүн байж үнэ цэнэгүй үг хэлж, зөвхөн Ардчилсан намын төлөө ярьж, хариулж байна” гэсэн хатуухан шүүмжлэл хэллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж