Санхүүгийн ил тод байдлыг хангах, удирдах хүмүүсийг шударгаар сонгодог байх асуудлыг 2011 оны сүүлээр шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуульд заасан байдаг ч хууль одоог хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс хувьцаат компанийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржтэй, төрийн байгууллагуудын асуудлыг Төрийн өмчийн хороотой хамтран шийдвэрлэх ажээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Санамж бичиг байгуулснаар төрийн байгууллагуудад компанийн засаглалыг сайжруулах талаар хэрхэн шаардлага тавьж ажиллах вэ?
-Үүгээр компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн өмчит компаниудын ур чадвар, өрсөлдөх чадамжийг дээшлүүлэхэд гол ач холбогдол оршино. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын ТУЗ-ийн шинэчлэлийг хийх зорилготой. Компанийн тухай хуульд заасан нэг гол асуудал бол компанийн ТУЗ-ийн зургаагаас илүүгүй гишүүн нь төрийн захиргааны төв байгууллагуудаас, гурав нь хараат бус гишүүн байна гэж заасан. Төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, засаглалыг сайжруулахын тулд хуулийг мөрдүүлэхэд Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран ажиллана. Урьд ажиллаж байсан тогтолцоогоор төрийн өмчит компанийн тайланг авах, гүйцэтгэх засаглалыг томилох, батлах хэлбэрээр байсан бол одоо ТУЗ нь тэр компанийн үйл ажиллагааг удирдах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх болж байна.
-Төрийн өмчит компанийг хувьчлах асуудлаар үүнтэй холбогдуулж ямар шинэчлэл хийх вэ?
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах ажил тодорхой үе шаттай явагдана. Төрийн өмчит компаниудын эзэмшлийг 51, 49 хувь гэж заах байдлаар шийдэж болно. Харин 49 хувийг нэмэлт хувьцаа гаргах хэлбэрээр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах бодлого барина. Энэ 49 хувийг хувьчилснаар одооны төрийн өмчит компаниудад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, үр ашигтай ажиллуулахад анхаарна гэсэн.