
Манай улсын урд, хойд хоёр хөрш уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. Өнгөрсөн сард ОХУ-ын нүүрс, ган төмөрлөгийн салбарын томоохон төлөөлөгч “Мечел” групп БНХАУ-ын “Baosteel” корпорацид жил бүр 960 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэхээр гэрээ үзэглэсэн бол энэ дөрөвдүгээр сард тус хоёр корпораци уул уурхайн төслүүдэд хамтарч ажиллахаар тохирсноо мэдэгдлээ. “Hong Kong Commercial Daily” сонинд мэдээлснээр хоёр компани ОХУ, БНХАУ болон гуравдагч орнууд дахь уул уурхайн орд газруудад төсөл хэрэгжүүлж, хамтарсан үйл ажиллагаа явуулах юм байна. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шуваловыг урд хөршийн нийслэл Бээжинд айлчлах үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр их гүрний зүгээс уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм. “Мечел” групп нь ОХУ-ын томоохон корпорациудын нэг бөгөөд өөрийн оронд төдийгүй АНУ гэх мэт гуравдагч орнуудад коксжих нүүрсний олборлолт явуулдаг. Тус компанийн эзэмшдэг Элга орд нь нүүрсний нөөц, чанараар ОХУ-д төдийгүй дэлхийд гайхагддаг билээ.
А.АМАР