Хар данс руу гулсахад нэг сарын хугацаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Хар данс руу гулсахад нэг сарын хугацаа үлдлээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/ Монгол Улсыг санхүүгийн хувьд эрсдэлтэй буюу мөнгө угааж, тероризмыг санхүүжүүлэхэд оролцож байж болзошгүй гэсэн хар жагсаалтад оруулахаар зэхэж буй талаар аль хэдийнэ уг нь анхааруулга өгсөн. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Тамгын газрын ахлах мэргэжилтэн Дэвид Шэннон Монголд ирж УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох албаныхантай уулзаад явсан. Өөрөөр хэлбэл, хар жагсаалтад удахгүй танайхыг оруулна шүү хэмээн дахин сануулаад явсан.

Дахин гэсний учир гэвэл хоёр жилийн өмнөөс ийм, ийм арга хэмжээ авахгүй бол мөнгө угаах стратегийн томоохон дутагдалтай орон буюу хар жагсаалт руу орох нь гэдгийг сануулж хэлж байсан, харамсалтай нь манайхан тоомсорлоогүй буюу нөхцөл шаардлагуудыг нь биелүүлээгүй аж. Өмнө нь буюу  2011 оны зургадугаар сард Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/ хэд, хэдэн нөхцөл бүрдүүлэхийг зөвлөж, 18 сарын хугацаа өгсөн. Монголбанк үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж байж. Басхүү сонгуулийн дажинт жил таарсан учраас дээрх хугацааг 24 сар буюу хоёр жил болгох хүсэлт тавьж, ийн өнөөдрийг хүргэжээ. Харамсалтай нь, сонгууль болдгоороо болж, шинэ парламент, Засгийн газар байгуулагдсан ч байдал урагш ахисангүй.

Тэгвэл FATF ямар шаардлага тавьсан бэ?

  • Монгол Улсын нэгдэн орсон Мөнгө угаалт терроризмын эсрэг конвенцийн үзэл санаа, заалтуудыг Эрүүгийн хуульдаа тусгах,
  • Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад хуулиудаар хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч гэмт хэргийн үүднээс олсон мөнгийг шууд хураан авах гэх мэт эрхтэй болгох,
  • Санхүүгийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах гэсэн гурван үндсэн чиглэлийн нөхцөлийг онцгойлон сайжруулахыг анхааруулжээ.

Эндээс харамсалтай нь, үлдэж буй хоёр сар ес хоногийн хугацаанд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа өөрчлөлт оруулж чадах уу гэдэг асуудал мөн, сүүлийн хэдэн жил эрүүгийн хуулийн шинэчлэл гэж яригдаж байгаа билээ дээ. 

Гэтэл өнөөдөр ч гэсэн FATF-ын сануулгын мөрөөрө монголчууд бага ч нэсэн урагш ахиж, ямар нэгэн ажил амжуулж байна уу? Харамсалтай нь сайн мэдээ алга. Одоогоор холбогдох албаны хүмүүс шаардлагатай бичиг баримтыг бэлтгээд Засгийн газарт танилцуулсан. Харин үүнийг Засгийн газар хуралдаанаараа авч хэлэлцээд УИХ-д оруулж ирэх ёстой. Хэрвээ УИХ-д оруулаад ирэх юм бол тэртэй тэргүй улс орныхоо санхүүгийн нөхцөл байдлыг дахиад л улам  муутгахыг хүсээгүй л юм бол хууль санаачлагчид үүнийг FATF-ын заасан зургадугаар сарын 1-нээс өмнө зарим хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Харин хоног хугацаа улам бүр бага үлдэж байгаа гэдгийг гүйцэтгэх засаглалынхан маань сайн мэдэж л байдаг байгаа даа…

Гэтэл саарал бүсээс хар руу гулсах хоног хугацаа улам л ойртоод байдаг…

Харин саарал бүсээс бид хар бүс руу гулсахаар яах вэ? Үүнийг Монгол Улс авлигын индексээр дахиад хэдэн байр ухарлаа гэх мэтчилэнгээр шогширдог чансаа, судалгаануудтай адилтгаж үзэх хэрэггүй шүү. Энэ бол алсуур нөлөө үзүүлдэг рейтинг үнэлгээ биш шууд эдийн засагт нөлөөлж эхлэх боолт, хаалт гэж ойлгож болно. Тухайлбал, Вьетнам улс хар жагсаалтад ороход зөвхөн Хонгконгийн банк, санхүүгийн байгууллагууд л вьетнамчуудыг бүхэлд нь эрсдэлтэй харилцагч гэсэн ангилалд оруулж, компаниуд, бүр хувь хүмүүсийн банкны гүйлгээ удааширч, царцаж, алсуураа эдийн засагт нь нокаут өгч эхэлсэн байдаг. FATF мөнгө угаах, терористуудыг санхүүжүүлэх аюултай улс гэж зарлангуут тус бүсийн бүх улс санхүүгийн гүйлгээ, хөрөнгө оруулалт гэх мэт бүх талаар эрсдэлтэй гэсэн “тэмдэг” нааж орхино. Монгол Улс уул уурхайгаасаа асар их хэмжээний мөнгө олж, хөрөнгө оруулалт цутгаж эхлэх нь бүү хэл гадаад ертөнцтэй гүйлгээ хийхэд ч төвөгтэй байдалд орно гэсэн үг. Энэ аюулыг банк санхүүгийнхэн хамгийн сайн мэдэж байгаа болохоор хамгийн эмзэг хүлээж авсан гэсэн. Харин манай улстөрчид ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй.

Ийн ердөө л эдийн засгийн өсөлт нь дэлхийд байхгүй өндөр өсөлт гэж өнгөрсөн жил хөөрөлхөж байсан монголчууд өнөөдөр ганц нүүр тахлах нүүрсний үнэ нь навс унаад Тавантолгой хэмээх том үүц нь тарамдаж, дэлхийн улсуудыг хуйлруулж байна гэсэн тендер нь эзэнгүйдэж, дэлхийд гайхуулна гэсэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг буцаах, засахаар будилцгааж байх зуур мөнгө угаагчид гэсэн том цолыг Монгол Улс бүхлээрээ хүртэх нь. Дайны эрсдлийн сан хэмээн хэдэн нөхөр зургаан сая ам.доллар зувчуулсантай зүйрлэхийн аргагүй, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг бүхэлд нь царцааж болохуйц үр дагавартай “том” цол бөлгөө.

Бид хаана явна вэ?

FATF-ийн 41 гишүүн улсаас ердөө дөрөв нь буюу Индонези, Бирм, Пакистан Вьетнам энэ хар бүсэд тэлчигнэж буй. Үндсэндээ санхүүгийн ертөнцийн хувьд тамын тогоо л гэсэн үг. Харин түүний бүр дор буюу харын хар ямар ч санхүүгийн харилцаа холбоо тогтоох аргагүй хоригийн бүсэд хоёрхон улс байгаа нь Иран, Хойд Солонгос. Муу ёрлож, муухай амлаж байгаа ч хэрэг биш, Монгол Улс хар бүс рүү унахад нэг сар 12 хоногийн хугацаа үлдлээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж