
Ардчилсан намын хувьд бусад улстөрийн хүчин, эвслийг бодвол парламентад хамгийн их суудалтай ч Засгийн газрыг дангаараа байгуулж чадаагүйн горыг амссаар байгаа тул УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болсон дахин сонгуульд ихээхэн найдлага тавьж байсан нь лавтай. Гэвч дахин сонгуулийн үр дүн МАН-ын талд гарч, Ардчилсан намын тооцоолж байсан нэг суудал эзгүйрэв. Цаашид Өвөрхангай дахь нэг суудлыг дахиад цөөнхийн бүлэгт алдвал хэрэг бишдэнэ. Ядахад, УИХ-ын гишүүн С.Баярцогтын Швейцарь дахь нууц данс илэрснээс болж, нэг суудал эрсдэлтэй байдалд орчихсоныг хэлэх үү. Олонхийн бүлэг энэхүү нэг суудлаа хамгаалж үлдэхийн төлөө чармайж байгаа ч сөрөг хүчний хувьд алдаан дээр нь дөрөөлж С.Баярцогт гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг чармайж байна. Тэр тусмаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар нааштай шийдвэрийг байнгын хорооны хуралдаанаар гаргуулж чадаагүйгийнхээ хариуг С.Баярцогт гишүүнээр авахаар дайралтад орж болзошгүйг улстөрийн хүрээнийхэн сануулж байна. Хэрвээ С.Баярцогт гишүүнийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу парламент УИХ-ын дэд даргын суудлаас чөлөөлж сул гишүүнээр үлдээлээ гэхэд зөрүүлээд Өвөрхангайн тойрог барьцаанд орж магадгүй аж.
Уг нь Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр УИХ-ын даргад саналаа хүргүүлсэн ч цөөнхийн бүлгээс эсэргүүцсэнээр нэгийнх нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлсэн юм. Хуулиараа бол Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн бол парламентаар хэлэлцэн батлах ёстой ч хоёр нам эл асуудлаар зөвшилцөл хийснээр нэг нэр дэвшигчийн тангараг өргөх хугацааг хойшлуулсан удаатай. Тэгэхдээ үнэн худал нь батлагддаггүй нэг яриа бий, тэр нь хоёр намын дарга нарын дунд болсон зөвшилцлөөр дээрх тойрогт Ардчилсан нам, Ардын нам хоёр тус бүр нэг, нэг төлөөллөө УИХ-д суулгахаар болсон ч МАН-ынхан Ардчилсан намынханд мад тавиулсан гэх. Бүр давхар давхар мэхэнд унасан ч гэдэг. Ямар ч байсан хэл ам дагуулж байсан Өвөрхангайн тойргоос Г.Батхүү, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин олонхийн санал авсан Д.Арвин, намын листээр У.Хүрэлсүхийн оронд орж ирсэн Д.Сарангэрэл нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд нэгэн зэрэг тангараг өргөж байсан. Ингээд МАН-ынхан 26 уулаа боллоо хэмээн баярлаж бараг л “Шударга ёс” эвслийн МАХН-ынхантай нийлж байгаад Засгийн газрыг огцруулчих бололцоо бүрдлээ хэмээн аархаж суусан ч намынх нь нэрээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн Д.Арвин Ардчилсан намд элссэнээр Өвөрхангайн нэг суудлыг хойшлуулж байж, Баянзүрхийн тойргийн нэр дэвшигчийг оруулсан нь алдаа болж буужээ. Эргүүлэн татъя гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигч намаа сольсон тохиолдолд эргүүлэн татах заалт тусгагдаагүй нь МАН-ынхны өөрсдийнх нь том алдаа болж хувирав. УИХ-д олонхи байхдаа баталсан хууль нь ийм цоорхойтой байж… Цөөнх болсон хойноо хуульд өөрчлөлт оруулах хүрээнд цоорхойг нөхье гэвч бүлэг ч үгүй ядарч явсан үед хашгирахаас өөрөөр яалтай билээ. Ийм нэгэн барьцаан дунд МАН-ынхан нэг суудлаа алдсан бол харин шархаа өнгөрсөн амралтын өдөр болсон дахин сонгуулиар нөхөж авав. Гэсэн ч МАН-ынханд парламент дахь хүчний харьцаагаа нэг, нэгээр нэмэгдүүлэх нь чухал учраас Өвөрхангайн тойргийг алдахгүйн тулд дахиад л олонхид шантааж үзүүлэх болж байна.
Ардчилсан нам бууж өгөх үү?
Парламентад МАН цөөнх ч гэлээ “Хүчтэй сөрөг хүчин байгаа шүү” гэдэг мессежийг нийгэмд хаяхын тулд янз бүрийн л ажил сэдэж байна. УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцүүлж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан бол түүний үргэлжлэл болгож уржигдар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд 20 гаруйлаа Төрийн байгуулалтын байнгын хороонд сууж тал талаас нь боорлож үзэв. Ерөнхий сайдын хувьд цөөнхийн бүлэгт боорлуулж сураагүй юм биш дээ, гэсэн шиг л царайтай сууж харагдсан. Ямар сайндаа л МАН-ын гишүүдэд хандан “Та нар намайг Үндсэн хууль зөрчсөн болж ард түмэнд харагдуулах гээд. Би та бүхнийг нэг их идсэн уусан болохыг чинь яриад. “Жаргалын зам” дуурьд гардаг шиг л юм тал талаасаа тоглоод байх хэрэг үү” гэсэн нь бас л цаанаа учир утга дагуулав. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дээрх үг нь Н.Алтанхуягийг огцруулах гэвэл Ардын намынхан та нар идсэн ууснаасаа болж бүр хэцүү байдалд орж магадгүй шүү гэж сануулга өгсөн хэрэг. Тиймээс цөөнхийн бүлгийн гишүүд хэт шунаж парламент дахь хүчний харьцаагаар тогловол эрсдэл дагуулж болзошгүй байна. Тэр тусмаа Увсын тойрог дахь хоёр гишүүнийнхээ суудлыг зөрүүлээд алдаж мэдэх тул 26 болж ядаж байгаа хүчний харьцаагаа 24 рүү алдвал яах вэ. Мөнгө тараасан хэргийг нь шүүхээр нотолж, тараагчид нь ял авчихаад сууж байхад тараалгуулсан хоёр нь УИХ-д тарвалзаж суух нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Энэ хувилбараар явбал парламентад МАН 26, Ардчилсан нам Өвөрхангайг цөөнхөөр зөвшөөрүүлж чадвал 36-уулаа болно гэсэн үг.