Дөрөвдүгээр сарын 14-нд буюу өнгөрөгч ням гаригт Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулж, дүнг эцэслэн зарлах гэж хугацаа эс алдсаныг тооцвол сонгууль болдгоороо болж, ялагч тодорлоо. Энэ хооронд санал хураалт хуулийн дагуу 22.00 цагт дуусах байсныг тойргийн хороо дур мэдэн 20.00 цагт хаасан гэх асуудал гарч, дахин санал хураалтыг дахих тухай ч яриа гарав. АН, МАН ч тус тусдаа өөрсдийн талд ашигтай байхаар мэдэгдэл хийж байлаа.
Ямартай ч маргааныг эцэслэж, тойргийн хороо нь өчигдөр Д.Сумъябазарт түр үнэмлэхийг нь олголоо. Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороонд 179,828 сонгогч бүртгэгдсэн ч саналаа өгсөн нь ердөө 35 мянга гаруй. Хэдийгээр ирц хангалтгүй ч дахин санал хураалтад ирц хамаарахгүйгээр их санал авсан нь ялагч болохоор хуульд заасан. Ингээд МАН-ас нэр дэвшсэн Д.Сумъяабазар сонгогчдын 55,7 хувиар ялалт байгуулжээ.
Одоо тойргийн хороо шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулснаар СЕХ-ноос УИХ-д Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх асуудлыг өргөн мэдүүлнэ. Ингэснээр УИХ 75 дахь гишүүнээ хүлээн авч, чуулганы танхим хоёр аваргатай болох гэж байна. Д.Сумъяабазарын хувьд энэ долоо хоногт анхны хуралдаандаа сууж ч магадгүй. СЕХ-ноос Д.Сумъяабазарыг гишүүний тангараг өргөхийг зөвшөөрвөл баасан гаригийн чуулганы хуралдаанд “ангийн дарга” З.Энхболд шинэ хүүхдээ хүлээж авах юм. Тэрээр улстөрд шинэ хүн биш ч чуулганы танхимд бол шинэ. Өмнөх 2012 оны УИХ-д нэр дэвшихээсээ өмнө нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч байсан билээ.
Ийнхүү УИХ Д.Сумъябазараар бүл нэмж, 75-уулаа болох нь. Харин одоо Өвөрхангай аймгийн иргэд УИХ-д нэг төлөөлөлтэй болох ёстой. Ингэснээр 76 бүрдэх юм. Гэвч Өвөрхангай аймгаас нэр дэвшигч Д.Зоригт өөрийн хүсэлтээр тангараг өргөхгүй гэдгээ хэлж, МАН-аас нэр дэвшигч С.Чинзоригт боломж олгох сонголт хийсэн. Хэрэв хууль, шүүхийн байгууллага С.Чинзоригийг буруугүй гэдгийг нь нотолбол гэсэн “болзол” тавьчихсан. Харин сүүлийн үед Төрийн ордонд С.Чинзоригийн буруутай нь тогтоогдсон тул Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэсэн “бор шувуу” ч нисч явна.