
Их Британийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тетчерийг өнөөдөр эцсийн замд үдлээ. Түүнийг Лондон хотын гэгээн Павелийн сүмээс эцсийн замд нь үдсэн юм. Павелийн сүмийн голд түүний шарилыг байрлуулсан бөгөөд гашуудагчид түүнийг гурвантаа тойрч, эмгэнэл илэрхийлжээ. Мөн гэгээн Павелийн сүмийн хонхыг дуугаргасан байна. Гашуудлын ажиллагаанд нийтдээ 105 орны төрийн өндөр албан тушаалтан уригдсанаас хамгийн хүндтэй зочид нь II Элизабет нөхрийн хамт, Их Британийн ерөнхий сайд Девид Камерон нар байсан юм. Мөн тус улсын 2000 гаруй иргэд гэгээн Павелийн сүм хүртэлх зам дагуу зогсч, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Дашрамд дурьдахад, 1965 онд Винстон Чөрчиллийг нас барахад гэгээн Павелийн сүмээс эцсийн замд нь үдэж байсан бөгөөд түүнээс хойш төрийн ямар ч албан тушаалтныг энэ сүмээс үдээгүй билээ.