Улсын хэмжээнд зургаан сая гаруй мал төллөжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд зургаан сая гаруй мал төллөжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 6.507.346 хээлтэгч төллөж, 6.464.852 төл буюу гарсан төлийн 99 хувь нь бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдэж, төллөвөл зохих хээлтэгчийн 41 хувийг эзэлж байна гэж Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн 2012-2013 оны өвөлжилт 18 аймгийн 987 суманд зудтай, 16 аймгийн 88 суманд зудархуу болж хүдэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх, зам даваа нээх, сумдад өвс, тэжээл хүргэх тээврийн зардал, хүн малын эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд нийт 4.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэж үүний үр дүнд өвөлжилтийг харьцангуй хохирол багатай давсан гэлээ.

Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Малчиддаа туслая” аяныг орон даяар зарласан бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тус аяны хүрээнд хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, түр журам батлуулан ажиллаж байгаа аж. Аяны хүрээнд 400 гаруй сая төгрөгийн хандив цугларснаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгуудын 54 сум, Улаанбаатар хотын гурван дүүрэгт нийт 1200 тн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, хүчтэй шуурганы улмаас гэргүй болсон 5 малчин өрхөд гэр олгосон зэрэг нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад сэтгэл санааны болон эд материалын тодорхой дэмжлэг болсон гэж үзэж буйгаа салбарын сайд хэлсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж