МХЕГ-аас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

МХЕГ-аас сэрэмжлүүлж байна

Урд хөршид дэгдсэн шувууний ханиадаар өнөөдрийн байдлаар 70 орчим хүн өвчлөөд байгаа аж. Хэнань мужаас халдварласан “H7N9” вирусээр халдварлахаас болгоомжлохыг “Синьхуа” агентлаг анхааруулжээ.  Газар дамнан тархаж байгаа уг халдварт өвчин одоогоор манай оронд орж ирээгүй ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. 

Нүүдлийн болон усны шувууд вирус тээгч, хадгалагч болдог ба түүгээрээ халдвар тараах магадлалтай байдаг байна. Мөн шувууны сангасанд вирус хадгалагддаг бөгөөд сангасаар бохирдсон нуур цөөрмийн ус халдварын эх үүсвэр болох магадлалтай гэнэ. Манай оронд одоогоор уг өвчин илрээгүй ч Монгол орны бүх нутагт нүүдлийн шувууд ирдэг, дамжин өнгөрдөг учраас шувууны томуу өвчин  халдварлах аюул шувуу нүүдэллэх улиралд хамгийн өндөр байх магадлалтай юм.

Өвчилсөн шувууны шинж тэмдэг

  • Халуурна
  • Хамар, амнаас салсархаг шингэн гоожино
  • Залаа нь хавдана
  • Чацга алдаж, улмаар таталт өгөх шинж тэмдэгүүд үзүүлнэ. Өвчин гарсан тохиолдолд шувууны өндөглөлт 45 -60 хувь хүртэл буурч, халдвар авсан шувууны өвчлөл 90 хувь, үхэл 75-90 хувь, халдварлалт өндөр үед 100 хувь хүртэл үхүүлдэг байна

Халдварлах зам

  • Агаар дусал, шууд хавьталын замаар шувуунаас шувуунд, улмаар шувуунаас хүнд дамжин халдварлана.
  • Халдварын эх булаг нь өвчтэй шувуу, өвчний үүсгэгчээр бохирлогдсон өндөг, тахиа, шувууны мах, шувууны байр, тоног хэрэгсэл, шувууны сангас , нуур, цөөрөм, гол ус.

Шувууны томууны вирус нь: 56 хэмд 3 цаг, 60 хэмд 30 минутын дотор үхдэг. Формалин, иодын нэгдэл зэрэг халдваргүйжүүлэх бэлдмэл хэрэглэн устгаж болно. Саван, цэвэрлэгээний бусад бодис ба зарим химийн бодисууд, тухайлбал идэмхий натрийн 2%-ийн уусмалд 10 минут, гипохлорат натрид 10-30 минутад устдаг байна.

Шувууны томуугаас урьдчилан сэргийлэх

  • Хавар нүүдэллэн ирж байгаа шувуудыг ажиж сул дорой, үхсэн байвал ойртохгүй байх;
  • Шувуу олноор бөөгнөрч үүрлэдэг газар сангас их байдаг тул тийм газар очихгүй байх;
  • Булаг шанд, задгай усыг зэрлэг болон нүүдлийн шувуудаас хамгаалах, шувууд цугларсан гол горхины усыг унд, хэрэгцээнд хэрэглэхгүй байх;
  • Зэрлэг шувууны мах, өндөгийг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Үхсэн болон өвчтэй шувуутай таарах буюу харвал ойролцоо байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

Хэрэв та шувуу үржүүлж, тэжээдэг бол:

  • Хувийн ариун цэврийг чанд сахих;
  • Шувууны байраа халдваргүйжүүлэх, тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хандаж зөвөлгөө авах;
  • Шувууны дэвсгэрийг 7 хоногт 2 удаа сольж байх, сангас, хаягдал дэвсгэрийг зориулалтын нүхэнд хийж булах;
  • Шувуунд өвчний шинж тэмдэг илрэх юм уу,  олноор өвчлөх шинж тэмдэг илрэх; үхэж хорогдсон тохиолдолд харъяа сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
  • Үхсэн шувууны сэг зэмийг тусгай нүхэнд булж устгах, ариутгал халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлэх;
  • Шувуундаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин /Шувууны тахал өвчнөөс сэргийлэх, Шувууны цусан халдварт өвчнөөс сэргийлэх, Шувууны томуу өвчнөөс сэргийлэх/ тариулах;
  • Шувууны мах, өндгийг сайтар чанаж боловсруулж хүнсэнд хэрэглэх зэргийн анхаарах хэрэгтэйг Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж