Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Монголын архитектурын хөгжилд Монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь монгол гэр өөрийн нөлөөг монголын архитектурт аль хэр тусгагдсанаар хэмжигдэнэ.

Монголын нутаг дэвсгэрт нутаглаж байсан эртний овог аймгуудын орон сууц болох эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 зуун жилийн тэртээ үес буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Иймд монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. 13-р зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй байсан байна. Феодалын нийгмийн үед ноёдууд ард олныг захирах, эрх мэдлээ бататгах үзэл санааг илэрхийлэхийн тулд гэрийн гадаад байдлыг хүртэл энгийн ардынхаас өөр болгож, улаанаар халзлаад Өргөө гэж нэрлэх болжээ.

Нүүдлийн амьдралтай айлуудын гэр нь ачиж нүүхэд аль болох хөнгөн, барихад
хялбар байдлыг харгалзсан байдаг бол хот суурины айлын гэр нь тохилог, гоёмсог
байдлыг эрхэмлэдэг учраас гэрийн хийц хэсгүүд маш нарийн ажиллагаатай болжээ.
Хот суурин газрын хүмүүс нь гэрийг бороо цаснаас хамгаалж саравч барих, шалан
дээр барих мөн хатавчинд гэгээвч хийх зэргээр гэрийн хийцийн хэсгүүдийг өөрчилж
иржээ. Эрт дээр үеэс эсгий гэрийг монгол ба түрэгийн гэж ялгадаг байжээ. Монгол
гэр бол түрэг үндэстний гэрээс хялбар ба хийцээрээ ялгагдана. Түрэг гэр нь
бүнхгэр бөгөөд жижигхэн тоонотой, унь нь урт, сагалдрагатай тал нь тахир, хана
нь намхан байдаг бол монгол гэр нь том тоонотой, богинохон шулуун уньтай, хана
нь өндөрдүү байдаг.
Монгол гэр нь хийсэн материал, гоёл чимэглэл зарим хийц хэсгийн хувьд харилцан
адилгүй байснаас “Монголын нууц товчоо” ба бусад ном зохиолд янз бүрийн нэрээр
нэрлэгдэн иржээ. Жишээ нь: харцын гэр, чорхон, тэрэм, соёд гэр г.м.
Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимагууд,
алтайчууд, хасагууд, киргизүүд, хакасчуудын дунд дэлгэрчээ.
Гэрийн хоймроор хээ угалз бүхий ширмэл ширдэг, эсгий дэвсгэр, хивс дэвсэнэ. Бас
хүндэт зочинд олбог дэвсдэг заншилтай байжээ. Буддын шашин дэлгэрснээс хойш
гэрийн хойморт өрхийн тэргүүлэгч суудаг газарт гүнгэрваатай бурхан ба тахилын
хэрэглэл тавих болжээ. Гэр бүлийн хүмүүс нь гэрийн зүүн талаар сууцгааж, баруун
талд нь зочид суудаг ба хамгийн хүндтэй зочин нь баруун хойт талд бурхны
ойролцоо суудаг болжээ. Эртний монголын заншлаар ямар нэгэн хүн урилгагүйгээр
хойморт суухыг эелдэг бус зан гэж үздэг байжээ.
Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай,
намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь
салхи оруулах, гэрэлтүүлэх талтай.
Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэн
улиралд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой.
Монголчууд нь эрт үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог
байжээ. Жишээ нь: Өглөөний нар хананы толгойд тусах тул үдээс өмнө цаг мөчийг
хананы толгойгоор тоолж гаргадаг бөгөөд үдээс хойш гэрийн зүүн хоймор дэвссэн
ширмэл ширдгэн дээр туссан байрлалаар үдэш хүртэлх цагийг баримжаагаар
гаргадаг. Мөн үүнтэй холбогдуулан дурдахад сайн ноён хан аймгийн Далай чойнхор
вангийн зарим урчууд хоймрын тал дугуй ширмэл ширдгийг нарны цагийн хуваариар
ширж байсан гэдэг.
Монголд гэрийн багтаамжийг ханын тоогоор тогтоодог. Дээр үед гэрийн ханыг
сондгой тоогоор тогтоодог байсан бол сүүлийн үед тэгш тоотой хийдэг болжээ.
Жишээ нь: Одоогийн монгол гэрийн багтаамж нь 4, 6, 8, 10, 12 ханатай байдаг.
Хамгийн том гэрт хана тутам нэг хүн ор хогшилтойгоо багтдаг гэж үздэг бөгөөд
үүгээр бодоход хамгийн том гэрт 12 хүн ор дэвсгэр, эд хогшилтойгоо багтах юм.
Монгол гэр нь өөрийн хөгжлийн эцэст голлох хийц хэсгүүдээр амархан нийлж салгах
боломжтой бөгөөд зөөх, барих буулгахад хамгийн хялбар болжээ. Жилийн дөрвөн
улиралд бороо, цас, хүчтэй салхи шуурганаас хамгаалах, гэрийн гэрэлтүүлгийг
тохируулах зорилгоор тооныг бүтээх өрхтэй болгожээ. Дээр үеийн зарим монголчууд
өөрийн гэрийн эсгий бүрээсийг хээ угалзаар чимэглэдэг байсан бол эдүгээ гэрийг
голдуу цагаан даавуугаар бүрж, мөн хээ угалзаар зээглэдэг болжээ.
Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай байдаг. Иймд гэрийг
барих ба буулгах дэс дарааллыг дурдвал:
1. Шал тавих
2. Хаалга босгох
3. Хана дугуйлах
4. Бүслүүр татах
5. Тооно ба багана босгох
6. Унь хатгах
7. Дотуур бүрээс тавих
8. Туурга нөмөргөх
9. Цаваг тавих
10. Дээвэр тавих
11. Гадуур бүрээс нөмөргөх
12. Өрх тавих
13. Хаяавч татах
14. Оосруудаар бэхлэх зэрэг дараалалтай байдаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж