Орос, Хятад хоёр Америкаас хурдан зэвсэглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Орос, Хятад хоёр Америкаас хурдан зэвсэглэж байна

Дэлхийн цэргийн зардлын тухай тусгай илтгэл хэвлэгджээ. Илтгэлээс харвал дэлхийн хэмжээнд зэвсгийн зарлага буурсан ч Орос, Хятадын цэргийн зардал өссөн байна.

Фото: Andy Wong/AFP/Getty Images

Стокгольмийн Энхтайвны асуудал судлах олон улсын хүрээлэн (SIPRI) цэргийн зардлын талаарх ээлжит илтгэлээ гарган нийтлэв. Анх удаагаа энэ салбар дахь цэргийн зардал  дэлхийн хэмжээнд /1998 оноос хойш/ буурсныг уг илтгэлд тэмдэглэжээ. Ойрын 2-3 жилд энэ үзүүлэлт дахин буурах болно гэж шинжээчид дүгнэсэн байна. Илтгэлээс харвал ОХУ болон БНХАУ 2012 онд цэргийн зардлаа өмнөхөөс нэмэгдүүлсэн бол мөн Ойрхи дорнод ба Хойд Африкийн орнуудын цэргийн зардал ч тодорхой хувиар өсчээ. 

SIPRI хүрээлэнгийн мэдээгээр бол 2012 онд дэлхийн хэмжээнд цэргийн зардалд 1,753 их наяд ам.доллар буюу дэлхийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 2,5 хувьтай тэнцэх мөнгө зарцуулсан нь 2011 оны цэргийн зардлаас 0,5 хувиар бага гарч байгаа үзүүлэлт аж. Цэргийн зардал буурсан энэ тохиолдол 1998 оноос хойш анх удаагаа гарч байгаа юм. АНУ, Канад, Баруун ба Төв Европын  бүсийн орнууд болон Япон улсын цэргийн зардал буурсан нь дэлхийн үзүүлэлтэд нөлөөлжээ. Эдгээр бүс нутагт цэргийн зардал хорогдсоныг Зүүн Европ нэн ялангуяа Орост мөн Хойд Африк, Латин Америк, Ойрхи Дорнодод зэвсгийн зарлага ихэссэн нь нөхсөн гэж болно.

2012 онд зарцуулсан цэргийн зардлаараа АНУ-ын дараа орж буй БНХАУ өмнөх жилийнхээс 7,8 хувиар буюу 11,5 тэрбум ам.доллараар цэргийн зардлаа нэмэгдүүлжээ. Тэдний дараа буюу гуравдугаарт бичигдэж буй ОХУ цэргийн зардлаа өмнөх оныхоос 16 хувиар буюу 12,3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна.

“Барууны орнуудоос цэргийн зардал хөгжиж буй бүсэд шилжих  эхлэлийг бид харж байж магадгүй юм. Эдийн засгийн хатуу хэмнэлтийн бодлого, мөн Афганистанаас цэргээ гаргаж байгаа зэрэг нь барууны орнууд дахь цэргийн зардлыг буулгаж байгаа ч зарлагын өсөлт өөр  газар нутагт нэмэгдэж байна” гэж тус хүрээлэнгийн Цэргийн зардал ба зэвсэглэлийн үйлдвэр хариуцсан хөдөлбөрийн тэргүүн доктор Снм Перпо-Фриман ярьжээ. “Гэсэн ч АНУ болон тэдний холбоотнууд дэлхийн цэргийн зардлын ихэнхийг бүрдүүлж байна. НАТО-гийн гишүүн орнууд нийлээд нэг их наяд доллар зарцуулсан” гэдгийг тэрээр сануулжээ.

2012 онд  дэлхийн цэргийн зардал дахь АНУ-ын хувь Зөвлөлт задарснаас хойш 40 хувиас доош буурч /2012 онд/, өмнөх жилтэй харьцуулахад,  Вашингтон цэргийн зардалдаа зургаан хувиар бага буюу 682 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Өнөөдөр АНУ-ын цэргийн зардалд “Терроризмд даяарчлалын дайн зарласан” 2001 оныхоос 69 хувиар их байгаа ажээ.

АНУ-ын цэргийн зардал 2012 онд 115 тэрбумаар, 2013 онд 87 тэрбумаар тус тус буурсан бол энэ оны үлдсэн хугацаанд цэргийн зардлаас 55 тэрбумыг хэмнэх шаардлага байгаа хэмээж буй билээ.

Харин Европын орнууд цэргийн зардлаа санхүүгийн хямралын улмаас буулгасан байна. Европын холбооны 31 гишүүний 18 нь буюу бүс нутгийн 37 орны 20 нь цэргийн зардлаа 2008 оны үзүүлэлтээс 10 хувиар буулгажээ. Азийн зарим бүс нутагт цэргийн зардлын өсөлтийн дундаж саарч байна. 2003-2009 онуудын  3,4%-иас 2009-2012 онуудын зардал 7 хувиар буулаа. Төв ба Өмнөд Азид цэргийн зардал өнгөрсөн онд өмнөхөөс 1,6 хувиар багасчээ. Энэтхэгийн энэ салбарын зарлага 2,8 хувиар унасан байна. “Энэ хандлага нь НАТО цэргээ Афганистанаас татах 2014 он хүртэл үргэлжлэх байх” гэж Перло-Фриман тэмдэглэв.

Үүний зэрэгцээ,  Ази, Номхон далайн бүсийн орнуудын цэргийн зардал ерөнхийдөө 3,3 хувиар нэмэгдсэн байна. Вьетнамын энэ салбарт зарцуулах зардал өссөн нь Хятадтай газар нутгийн маргаантай байгаагаас болсон гэж үзэж байна.

Хойд Африкийн орнуудад цэргийн зардал 7,8 хувиар нэмэгдэв. Энэ нь цэргийн шинэчлэл болон Сахелийн хар тамхины наймаа ба террорист бүлэглэлтэй тэмцэл өргөжсөнтэй холбоотой. Тэгвэл Ойрхи Дорнодод цэргийн зарлага 8,4 хувиар нэмэгдсэн бол Оман 51 хувиар, Саудын Араб 12 хувиар, Катар 10 хувиар тус тус цэргийн зардлаа нэмсэн тухай дээрх илтгэлд мөн дурьджээ.

Латин Америк энэ салбарын зарлагаа 4,2, Парагвай 43, Венесуэль 42 хувиар тус тус нэмснээрээ бүс нутагтаа тэргүүлж байна. Каракас цэргийн салбарт зарцуаалах зорилгоор  Москвагаас 4 тэрбум ам.долларын зэвсгийг зээлээр аваад байгааг ч мөн дээрх илтгэлд дурьдсан байгаа.  Тэгвэл Зүүн Европт цэргийн зардал 15,3 хувиар нэмэгдсэн нь дэлхийн бүс нутгуудын дотроос ялгарч байна. Тухайлбал, Украины зардал 24 хувиар нэмэгджээ.

Цэргийн зардлаар эхний 15-д орж буй орнууд ерөнхийдөө хэвээр үлдсэн бөгөөд тэдний заримынх нь байр солигдсон байна. Үүнийг товчхоноор мэдээлбэл, АНУ, Хятад, Орос, Нэгдсэн вант улс, Япон, Франц, Саудын Араб, Энэтхэг, Герман, Итали, Бразили, Өмнөд Солонгос, Австрали, Канад,Турк гэсэн улсууд цэрэг, армийн салбартаа өнгөрсөн онд хамгийн их зардал гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж