2010 оны Ванкуверийн олимпиос мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр “Сочигийн олимпийн дараа зодог тайлах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тэгж л бодож байна. Ер нь он гарсаар би энэ тухай бодох болсон. Миний эрүүл мэнд, бие махбодиос шалтгаалсан зүйл байхгүй. Гэхдээ би өөр олон зүйлийн талаар санаа зовинож байна” хэмээжээ. Мөн тэрбээр “Би Сочигийн мөсөн талбайд сүүлийн удаа чадах бүхнээ гаргахыг хүсч байна. Одоо жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Бүх зүйлд бэлэн байхын тулд богино хугацаа үлдээд байна. Одоохондоо би бүхий л анхаарлаа спортод хандуулж байгаа. Харин дараа нь цаашид юу хийхээ бодох болно” гэж ярьжээ.
Уран гулгалтын мөсөн талбайд энэ цагийн гол өрсөлдөгчид болсон Мао Асада, БНСУ-ын тамирчин Ким Юүна нар ийнхүү хоёул зодог тайлах тухайгаа мэдэгдээд байна. Өдгөө 22 настай Ким ч мөн Сочигийн олимпийн дараа зодог тайлах тухай шийдвэрээ өнгөрсөн жил олон нийтэд зарласан юм.