
Төрийн ордонд болж байгаа “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулганд Дээд шүүхэд намаа бүртгүүлж чадахгүй яваа МАХН-ын төлөөлөл оролцож үгээ хэлэв. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр энэ үеэр “Дээд шүүхийнхэн Улс төрийн намуудын тухай хуулиар тайлбар хийж чадахгүй, хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнээсээ болж МАХН-ыг бүртгэх асуудлыг шийдэж чадахгүй Үндсэн хуулийн Цэцэд шилжүүлсэн. Эндээс харахад шүүх хараат бус байдлаа алдсан байна. Европ стандарт, сүлжээ байгуулах, цалин нэмэх зэрэг асуудлыг өнөөдөр ярьж байна. Үүнийг шийдэж болох байх. Гол нь шүүхийн хараат бус байдлыг яаж хадгалах вэ гэдгийг түлхүү ярих хэрэгтэй. Улс төрийн намуудын тухай хуулийн хоёр заалтын зөрчилдөөнөөс болж МАХН-ын гишүүн 20 мянган хүний эрх ашиг зөрчигдөж байна” гэсэн бол тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цог “Хөдөлмөрийн баатар хуульч Б.Чимид гуай шүүхэд хамгийн том дарамт мөнгөтэй хүмүүс, эрх мэдэлтнүүдийн зүгээс ирдэг” гэж хэлсэн. Шүүгч хүссэн хүсээгүй томилсон хүнээсээ хараат байдаг. Шүүгчийг парламентаас сонгодог нь буруу. Дарамт их байгаа нөхцөлд Дэд шүүх ажиллаж чадахгүй юм байна. МАХН-ыг байгуулаад 2-3 сар боллоо. Нэгэнт байгуулагдсан намыг Дээд шүүх бүртгэж чадахгүй байна. Шүүхийн хүнд суртал дэндүү их байна” гэлээ.
Д.ОЮУН