
Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 419 дүгээр ангид 300 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаагаас тэдний дийлэхи хувийг нь хөдөлмөр эрхлэх 18-40 насны залуучууд эзэлж байна. Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хамгийн үр дүнтэй хэлбэр нь хөдөлмөр эрхлүүлэх юм. Тус анги нь мэргэжилгүй 60 хүмүүжигчийг гурван төрлөөр мэргэжлийн сургалтанд хамруулж, барилгын өрлөгчин, засал чимэглэлчин, битон арматурчин зэрэг мэргэжлээр 4 дүгээр зэргийн үнэмлэх олгожээ. Хүмүүжигчид ажил хөдөлмөр эрхэлснээр ажлын хөлс тооцогдоно, шагналын хоног олгогдоно, мөн цалингаараа бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулна, төлбөргүй нь ар гэртээ шилжүүлдэг, мэргэжилтэй болж, ажил хөдөлмөр эрхлээд ирэхээр хүмүүжигчдийн бодол сэтгэхүй нь эерэгээр өөрчлөгдөж эхэлдэг байна. Өнгөрсөн жил хөдөлмөр эрхэлсэн хүмүүжигчид нийт 13 сая 548 мянган төгрөгийн цалин авч, 24 хүмүүжигчийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг барагдуулжээ. Түүнчлэн тус анги нь хүмүүжигчдэд итгэл үнэмшил төрүүлэх, нийгэмд ажиллах, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт эргэх холбоог бий болгох ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нийгэм хүлээж авахгүй байгаа тохиолдолд эргэх холбоо чухал байдаг гэнэ. Олон талт гэдэг утгаараа зөвхөн засаг дарга бус тухайн аймгийн нийгмийн даатгал, хөдөлмөр үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжилтэй болсон хүмүүжигчдийнхээ судалгааг хөдөлмөр үйлчилгээний хэлтэсд өгч нэрийг нь байршуулдаг байна.
Д.ЖАРГАЛ