Л.Гантөмөр: Иргэд зөвхөн эрдэнийн хувийг хүлээгээгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Иргэд зөвхөн эрдэнийн хувийг хүлээгээгүй

Өчигдөр УИХ-ын төсвийн байнгын хороогоор хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Засгийн газар УИХ-д танилцуулсан тайландаа мөрийн хөтбөлбөрийн хэрэгжилт 83 хувьтай байгаа гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд 61 хувьтай байна хэмээн дүгнэсэн билээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд бүлгийн хуралдаанд танилцуулга хийх ёстой Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар ирээгүй тул мөрийн хөтбөлбөрийн хэрэгжилтийн талаар дүгнэлт хийхээс татгалзсан билээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Л.Гантөмөр уг асуудлаар өчигдөр Төсвийн байнгын хороон дээр байр сууриа илэрхийлж, хувийн зүгээс дүгнэлтээ өгчээ. Тэр үндсэндээ өнгөрсөн хугацаанд Засгийн газарт хийсэн зүйл байхгүй шахуу байна гээд хэрвээ үүндээ үнэн зөв дүгнэлт хийгээд цаашид илүү шуурхай ажиллавал хийх хугацаа, хэрэгжүүлэх боломжууд байгааг анхааруулжээ. Гэхдээ УИХ, Засгийн газар энэ асуудал дээр ажил хэрэгч бус хандаж байгааг ч анхааруулсан байна. Хамгийн гол нь хоёр толгойнхоо төслийн араас цухуйж чадаагүй байтал бүрэн эрхийн хугацаа дуусч, уул уурхай, байгалийн баялгаа эргэлтэд оруулахаас илүүтэй нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал, гажиг тогтолцоо шийдэгдэлгүй хэвээр үлдэх нь. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал ч бас туссан шүү гэдгийг сануулжээ. Энэ талаар түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа бид маш олон, сайн зорилтуудыг өмнөө тавьсан. Дөрвөн жилийн хугацаанд хийчих, амжуулчих юмсан, ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй болгоё, төсвөө алдагдалгүй байлгая, ДНБ-ий 33 хувиас хэтрүүлэхгүй байя, ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээг жил бүр бууруулья, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэе, инфляцийг бууруулъя гэсэн ийм тодорхой зорилтуудыг тавьсан. Одоо эргээд харахад тэдгээрээс нэг нь ч биелээгүй байна. Тэгээд Засгийн газраас ирүүлсэн тайлбар, сайд нарын хэлж байгаа, холбогдох хүмүүсийн яриаг сонсохоор болж бүтэж байна, хууль нь батлагдаж байна, ер нь гэрэл гэгээ байна л гэдэг. Яг өнөөдөр хүртэл явж ирсэн, ажиллаж ирсэн байдлыг харахад ерөөсөө биелээгүй байна. Тэгэхээр бид дүгнэлтээ их тодорхой гаргамаар байна. Яагаад, юунаас болоод, ямар учир шалтгааны улмаас биелэхгүй байна вэ гэдгийг маш тодорхой гаргаж ярих хэрэгтэй. Ялангуяа энэ макро эдийн засгийн түвшний бодлогууд, үзүүлэлтүүд юунаас болоод биелдэггүй юм бэ гэдэг учир шалтгааныг тодруулах ёстой. Жишээ нь, энэ зээлийн баталгаа, зээлийн даатгал, барьцааны тогтолцоог боловсронгуй болгох чинь хэзээ хийгдоод, 2012 оны зургадугаар сар гэхэд ямар хэмжээний үр өгөөжийг Монголын ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэсэн байх юм бэ гэдгийг бид хармаар байна. Зээлийн баталгааны сангаас баталгаа аваагүй, даатгалын ямар ч тогтолцоогоор хамгаалуулаагүй, зүгээр “хуулиа баталчихлаа, ирээдүйд та бүхэн зээлийн баталгааны сангаас баталгаагаа гаргуулаад, зээлээ аваарай” гэсэн байдалтайгаар сонгуультай золговол “хийгдээгүй байна” л гэдэг үнэлэлтийг авна шүү. Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны үр ашиг, зохион байгуулалтыг дээшлүүлнэ гэдэг дээр лав хүнд харуулаад хэлэх ганц зүйл алга байна. Сангийн сайд аа.

Авлига, хээл хахуулиас сэргийлэх ажлыг зохион байгуулна гэсэн. Засгийн газар яг ийм ажил зохион байгуулчихлаа, тэгээд авлига ийм хэмжээгээр буурлаа гэдэг зүйл ерөөсөө алга. Хамтарчихаад, ийм том зорилтууд тавьчихаад, хэрэгжилтийнхээ араас явахгүй байна гэхээр их сонин асуулт гарч ирээд байна. Өнөөдрийн хуралдаан үндсэндээ нүүрсний асуудал, зэсийн асуудал болж хувирах гээд байна. Нүүрс, зэсийн асуудлыг бид Эдийн засгийн байнгын хороон дээр ярина. Төсвийн байнгын хороо бол энэ төсвийн сахилгатай холбоотой, төсвийн хөрөнгө оруулалт яаж хөгжил рүү ойртох юм, төсвийн зарлагыг яаж Монголын хөгжлийг урамшуулахад чиглүүлэх вэ, үрэлгэн зарлагыг яаж багасгах, төсвийн албан хаагчдын тоог яагаад цөөрүүлэхгүй байгаа юм гэдэгт хариулт өгөх ёстой. Гэтэл ерөөсөө хариулт байхгүй. Хэсгийн дарга нэрээр 108 000-аар цалинжиж байгаа хүмүүс ирээдүйд хэдэн төгрөгийн цалинтай болох юм гэдэгт жишээ нь хэн ч хариулт өгөхгүй байна. 108 000 төгрөг өгөөд өдөр, шөнөгүй хүн ажиллуулахаас Засгийн газар ичих хэрэгтэй. Үнэхээр хүн ажиллуулъя, заръя гэж бодож байгаа юм бол цалинг нь өг, үгүй юм бол тэр орон тоог нь бүрмөсөн үгүй болгох хэрэгтэй. Хоёрын хооронд улс төрийн ч юм уу, засгийн ч юм уу, юу нь ч мэдэгдэхгүй хэсэг хүмүүсийг тэгж үйлийг нь үзэж байх ямар ч хэрэггүй. Наад зах нь үүнийхээ учрыг олох хэрэгтэй.

Тэгээд энэ тендерийн шалгаруулалт, шалгуураа ил тод болгох ажлыг энэ хаврын тендерүүд дээр хий, нээлттэй явуул, хүмүүсийн нүдэн дээр хий. Яаж шалгаруулж байгаагаа харуул л даа, арван хэдэн сувгийн телевиз байна шүү дээ, сэтгүүлчдийг урьж аваачаад үзүүл. Тавантолгойн зургаан компани яаж шалгарсан юм, Монголын телевизүүдийг дуудаж байгаад нүдэн дээр нь хий. Одоо шалгарсан зургаан компанитай хийж байгаа уулзалт болгоноо харуул л даа, Ч.Хүрэлбаатар сайд аа. Ингэхгүй, зөвхөн та нарын өрөөн дотор яваад ажил аягүй их хардлага дагуулаад байна. Хамтарсан Засгийн газраас хүмүүс зөвхөн Оюутолгой, Тавантолгой, эрдэнийн хувийг хүсэхгүй ээ. Монголын нийгмийн энэ тогтолцоо, гажигийг засаад өгөөч ээ гэж хүснэ, бид ч тэгж хүссэн. С.Баярцогт сайд сайн санаж байгаа. Бид энэ засгийг байгуулахдаа тохирсон зүйл бол “Уул уурхайн хоёр төсөл яах вэ, явна. Хэдүүлээ энэ нийгэмд үүсээд байгаа гажигуудыг арилгая, болж бүтэхгүй байгаагаа засъя” гээд орсон. Хоёр уурхайнхаа араас гарч чадахгүй явсаар ирэх сонгуульд орвол энд ямар учир утга байх юм? Тийм учраас энэ дээр Төсвийн байнгын хороо үүн дээр маш сайн дүгнэлт өгөөсэй гэж би даргаасаа хүсч байна.

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог шинээр байгуулсан, Ч.Хашчулуун дарга бол ерөөсөө үл үзэгдэгч байгаа шүү. Харагдах хэрэгтэй байна, танай хороог яаж гэж байгуулсан юм? Ерөнхий сайдын дагавар магнайд дагаж явдаг “хүүхэд” шиг л харагдаад байна. Бодлого нь тодорхойгүй. Маш тодорхой бодлого гаргаж, хуримтлагдсан асуудлуудыг шийдээч ээ гэж танай хороог байгуулсан шүү. Сангийн яам болохоор мөнгө олох, зарах ажлаасаа гарахгүй байна, дийлэхгүй байна. Тийм учраас танайд бүтцийг нь өгсөн. Өнөөдөр хүртэл шинэлэг нэг ч санаа байхгүй, бас л Оюутолгой, Тавантолгойнхоо араас гарч чадаагүй. Тэгэхээр үүн дээр их хариуцлагатай дүгнэлтүүд хийгээд, хэдийгээр цаана нь богино хугацаа ч үлдсэн ч хуулиуд нь батлагдаж байна. Үүнийгээ яаж хэрэгжүүлэх юм, ажлын горимоо яаж өөрчлөх тухайгаа тодорхой сайн яриарай гэсэн юм.

УИХ-ын бусад гишүүдийн зүгээс ч Засгийн газрын тайланд шүүмжлэлтэй хандаж, хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарласан ч өнөөдөр Төрийн ордонд болж буй Шүүхийн эрх мэдлийн шинэчлэлийн Үндэсний зөвлөгөөний улмаас хойшилсон билээ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж