Хаваржаа руугаа яарахгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Хаваржаа руугаа яарахгүй байхыг сануулав

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Я.Алтангэрэл малчдад хандан зөвлөмж гаргажээ. Тэрбээр зөвлөмждөө малчид цаг агаарын мэдээг цаг алдалгүй авч байх, малдаа явахдаа дулаан хувцаслахаас эхлээд малч удмын хэн бүхний хамгийн түрүүн мэдэж байх зүйлийг ч өгүүлсэн нь нэгдүгээрт малчид залуужсан, хоёрдугаарт туршлагагүйтэн алдаж гэнэдэх нь ихэссэнтэй холбоотой ажээ. Ингээд түүний малчдад зориулсан зөвлөмжийг доор сийрүүлэв.

-Хаврын тэнгэр хартай гэсэн үг байдгийг ямагт санаж, өглөөний наранд хуурталгүй малаа холын бэлчээрт гаргах өдрөө зөв сонгох хэрэгтэй байна. Малын бууц хэвтрийг байнга хуурай байлгах нь идэш тэжээлээс дутуугүй нөлөөтэй. Тиймээс ахмад малчид “Дунд идэш, дулаан хэвтэр”-ийг эрхэмлэдэг. Нялх төлийг уурганд нь цатгаж, “Уургандаа цадаагүй мал төлгөндөө майлна” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй байна. Хашаа саравчиндаа хаалт хийхийн дээр 5-7 метрийн зайтай туг дарцаг хийсгэвэл салхи шуурганы үеэр хот хороо руу цас бага ордог. Мөн туршлагатай малчид жавар ихтэй өдөр утаа май тавьдаг байсныг санахад илүүдэхгүй. Хотондоо унасан үс ноосыг түүхгүй бол нялх төл идсэнээс болж бөөндөх нь бий. Түүнчлэн малаа бэлчээрт гаргахын өмнө малынхаа нүд цантсан эсэхийг шалгаж байвал мал уруудаж төөрөх нь бага байдаг. Өеөдөж суудсан малыг бүлээн усаар усалбал амархан тэнхэрдэг. Цас шуурга ихтэй, цаг агаар тогтворгүй нөхцөлд өвөлжөөнөөсөө яаран нүүхгүй байхыг сануулъя гэлээ.

Мал дагаж, ам тосдож өссөн малчид малаа өөрөөсөө илүү хайрлаж, өөрийгөө болоод ар гэрийнхнээ анхаардаггүй сул талтайг мэргэжилтэн Я.Алтангэрэл мөн хэлж байлаа. Тиймээс юун түрүүн эрүүл мэндээ анхаарч шаардлагатай эм, бэлдмэлийг базаахын дээр бага насны хүүхдийг хаврын тарчиг цагт мал дугуулан явуулахгүй байхыг зөвлөв.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж