Долоо хоног тутам хоёр сая төл хүлээн авч байна

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Долоо хоног тутам хоёр сая төл хүлээн авч байна

Мал ид төллөж байна. Малчдын хамгийн завгүй, шөнө нойргүй хонодог хүнд өдрүүд яг л энэ үед тохиодог. Мал төллөлтийн ид үед улсын хэмжээнд долоо хоногтоо хоёр сая төл хүлээн авч байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн мэдээгээр улсын хэмжээнд 6 сая 507 мянган хээлтэгч төллөж, 6 сая 465 мянган төл буюу 99,3 хувь нь бойжиж байна гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд онцолж байна. Тус яамнаас хаваржилтийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 269 мянган том малын зүй бус хорогдол гарчээ. Энэ нь нийт малын 0,67 хувь нь хорогдсон гэсэн үг ажээ. Хөвсгөлд 42197, Архангайд 41394, Завханд 32620, Дорнодод 30110 мал хорогдсон байна. Дорнодод хорогдсон малын 66,6 хувь буюу 20 мянган толгой мал нь ганц Халхгол суманд тохиосон байх юм. Өвлийн сар эхлэх үест 18 аймгийн 98 суманд цас зудтай, 16 аймгийн 88 зудархуу байдалтай байсан тул салбарын яам болон Ерөнхийлөгчийн зүгээс анхаарлаа хандуулж улс орон даяар малчдад туслах аян зарласантай холбоотойгоор харин ч хохирол багатай давсан гэж яамныхан хэлж байна. Өвлийг өнтэй давахын тулд нийдээ 4,4 тэрбум төгрөгийг зарцуулсан гэнэ. Хаваржилт хүндэрч болзошгүй аймаг орон нутагт салбарын яам болон ОБЕГ-аас алжын хэсэг томилон ажиллуулсны дээр малчдад туслах аяны хүрээнд 400 гаруй сая төгрөгийн хандив цуглуулжээ. Хандивын мөнгөнөөс нийт 11 аймгийн 54 сум, Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт нийт 1200 тонн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, шуурганы  улмаас гэргүй болсон таван малчин өрхөд гэр олгожээ. Малчдад туслах аянд яамд болон нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Хөгжлийн банкныхан санаачлагатай ажилласныг мөн үеэр онцолж байлаа. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж