“Батаар”-ыг авчирлаа гэхэд арчлах мэргэжилтэн нь алга

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

“Батаар”-ыг авчирлаа гэхэд арчлах мэргэжилтэн нь алга

“Тарбозавр Батаар”-ыг удахгүй Монголд авчирна. Гэвч олон сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү аварга үлэг гүрвэлийн ясыг арчилж хамгаалах боломж бидэнд бий юу гэдэг нь эргэлзээтэй асуулт юм. Энэ мэтчилэн палеонтологийн салбарт тулгарч буй бэрхшээлүүдийн талаар Монголын динозавр судлалын хүрээлэнгийн палеонтологич М.Болорцэцэгтэй ярилцав. Тэрбээр “Тарбозавр Батаар”-ын талаарх мэдээллийг анх Ерөнхийлөгчид хүргэсэн юм.

-Палеонтологийн олд­воруудыг  манай эрдэмтэд хэр их хийдэг вэ. Голдуу гадны судлаачид ирж судалгаа хий­чихээд олдворуудыг нь аваад явчихдаг гэх юм билээ?

-Монголд судалгаа хийсэн анхны том экспедиц нь Америкийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэн Рой Чампан Эндрьюсийн баг юм. Тэд 1990-ээд он гарсны дараа дахин ирсэн. Харин 1960-аад онд ЗХУ, Польш-Монголын хамтарсан экспедиц ирж байв. Мөн Япон, Өмнөд Солонгосын экспедицүүд ч их ирсэн. Манайхаас олдсон олдворууд нь дэлхийн палеонтологийн судалгаанд чухал нээлт авчирсан тохиолдол олон бий. Тийм ч учраас Монголыг гадны эрдэмтэд их сонирхдог.

-Гадныхан судалгаа хийх гээд манай олдворуудыг аваад явах нь элбэг байдаг уу. Үүнийг хууль дүрмийнх нь дагуу хориглож болохгүй юм байх даа?

-Энэ бол маш том асуудал. Үлэг гүрвэл судлалын салбарт томоохон амжилт авчирсан тэдгээр олдворыг Монголд буцаагаад авчиръя гэхээр тэднийг хадгалах боломжтой тусгай музей байдаггүй юм.

-Уг нь одоо музейн асуудал ид яригдаж байгаа шүү дээ?

-Тийм. Музейгээс илүү чухал нэг зүйл болох мэргэжилтэн хангалттай олон биш байна. Палеонтологичдын тоо цөөхөн байгаа учраас судлаачид нь манай олдворуудыг гадагш нь авч явахаас өөр аргагүй болдог. Тэд өөрсдөө ч бас “Танайд ийм нарийн судалгаа хийе гэхээр мэргэжилтэн нь байхгүй байна” гэж хэлэхийг олон удаа сонсож байсан. Ядаж малтаж гаргаж ирсэн олдворыг цэвэрлэж чадах хүн ч байдаггүй.

-Тиймэрхүү судалгааг нь гадаадад хийлгэснийхээ дараа буцаагаад эх орондоо авчруулах боломж байхгүй юу?

-Мэдээж хэрэг хууль эрх зүйн талаасаа бол энэ боломжтой. Би 1997 онд Нью-Йоркид ирж, Байгалийн түүхийн музейд нь ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л энэ асуудал миний санааг хамгийн их зовоож байв. Олон улсын шинжлэх ухааны экспедицүүд гэрээ байгуулсны үндсэн дээр манай олдворуудыг гадаадад гарах зөвшөөрөлтэй болдог. Мөн тэд гэрээнийхээ дагуу буцааж өгөх үүрэгтэй. Гэвч манайд хадгалах байр, олдворыг арчилж, цуглуулгын санг нь хийх менежер, мэргэжилтэн байдаггүй. Манайхны хувьд хийсэн хамгийн том алдаа нь Монголд ирж судалгаа хийж байсан том экспедицүүдийг дагалдуулж өөрсдийн мэргэжилтнээ бэлтгээгүй явдал. Тухайлбал, 1990-ээд оны эхээр Америкийн Байгалийн түүхийн музейн экспедиц Монголд ирж судалгаа хийх үед би цуг явж, нэлээд дадлагажиж байв. Өөр хүн байгаагүй. Миний хувьд дараа нь баруунд бэлтгэгдсэн анхны монгол хүн болсон. Бусад палеонтологичдын хувьд голдуу Орост мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг. Тэгэхээр Монголд хэдий чинээ цөөхөн палеонтологич байна, төдий чинээ гадны эрдэмтэд судалгаа хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр олдворуудыг хадгалж, арчлах мэргэжилтэн байхгүй тохиолдолд тэднийг аюулгүй, найдвартай хадгалах газар нь гадны музейнууд болж таарах гээд байна. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

-Одоогоор хэр олон монгол палеонтологич байгаа вэ?

-Зөвхөн сээр нуруутны судалгаа хийдэг хүмүүс гэвэл саяхан тэтгэвэртээ гарсан н.Барсболд гуай байна. Тэр одоо 80 хүрч байгаа хүн. Палеонтологийн төвд н.Цогтбаатар гуай бий. Японд бэлтгэгдсан ганц монгол хүн. Одоо 50 гаруй настай. Яст мэлхий судалдаг н.Нармандах 70 гаруй настай. Хөхтөн судлалаар мэргэшсэн н.Дашзэвэг гуай нас бараад хэдэн жил болж байна. Тэднээс гадна би байна. Тэгэхээр докторын зэрэгтэй Монголын палеонтологичид гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөхөн хүн байгаа гэсэн үг. Тэдний ихэнх нь тэтгэвэртээ гарч байна. Гэтэл палеонтологийн салбарт нээлт авчирсан олон мянга яс Монголоос олдсоор л байдаг. Цаашид ч энэ хэвээр байх нь гарцаагүй. Яагаад гэвэл говийн хөрс нь иймэрхүү ясыг удаан хугацаанд хадгалах боломжтой бүтэцтэй учраас тэр. Тэгэхээр нэгэнт төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн учраас мэргэжилтэн бэлтгэх тал дээр ч бас онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Тэгвэл Монголд док­торын зэрэг хамгаалаагүй палеонтологичид хэр олон байгаа вэ?

-Би сая зөвхөн докторуудынх нь нэрийг л хэллээ. Ер нь палеонтологич хүн докторын зэрэг авч байж судалгаа хийх боломжтой болдог. Харин зөвхөн бакалаврын зэрэгтэй хүмүүсийг нь техникч гэж нэрлэдэг. Тэд судалгаа хийх бэлтгэл хангагдаагүй байдаг. Манайд бакалаврын зэрэгтэй палеонтологчид гэвэл “Улаанбаатар” дээд сургуульд зургаа, долоон хүүхэд бэлтгэгдсэн. Тэд Палеонтологийн төвд туслах ажилтан, техникч хийгээд явж байгаа. Харин манайд байгаа олдворуудын судалгааг хийхэд маш урт хугацаа шаардагддаг. Амаргүй ажил. Тухайлбал, би л гэхэд ганц яс судлахын тулд насаараа сурлаа. Хүмүүс заримдаа “Ингэж судлах ямар хэрэгтэй юм бэ” гэж асууж л байдаг юм. Гэтэл энэ бол шинжлэх ухаан шүү дээ. Гурван настай хүүхэд хүртэл динозаврыг сонирхдог. Түүнийг дагаад арилжаа сурталчилгааны бизнес хөгждөг. Монгол орныг дэлхийд сурталчлах том гарц ч гэж харж болно. Жирийн тоглоомноос эхлээд асар олон зүйл үйлдвэрлэж болно. Тэр гарц боломж нь бидэнд байхад энэ салбарыг ингээд орхиж болохгүй.

-Мэргэжилтнүүдээс гадна судалгаа хийх лаборатори байдаг болов уу?

-Байхгүй. Угаасаа мэргэжилтэн байхгүй бол лаборатори яаж байх билээ. Музей гэдгийг зүгээр нэг агуулах гэж ойлгоод байх шиг байна. Зүй нь бол музейн цаана асар том лаборатари ажиллаж байх ёстой. Тэгж байж судалгаа хийж Монголын нэрийг гаргах боломж гарна.

-Та палеонтологийн салбарт олон жил ажилласан хүн. Тиймээс мэргэжилтэн бэлтгэх асуудал дээр ямар нэгэн тодорхой ажил хийж байв уу?

-Би 2005 онд нэг төрийн бус байгууллага байгуулж байлаа. Ер нь дараагийн үеэ бэлтгэж, мэргэжилтнүүдийг бий болгох нь хамгийн чухал ажил. Ингэхийн тулд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Ийм дэмжлэг авахын тулд сайн сурталчлах ёстой. Тийм учраас бид ойрын 10 жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Тэр дунд олон нийтийг таньж мэдүүлэх, музей барих, тэгээд хамгийн гол нь мэргэжилтэн бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Энэ хүрээнд манай төрийн бус байгууллага Монтанагийн их сургуультай хамтарч, магистирын тэтгэлэг зарлаж, зургаан хүүхдийг хамруулсан. Тэдний нэг нь болох н.Уянга Харвардын их сургуульд сурч байгаа. Японд доктор хамгаалж байгаа нэг оюутан бий. Бас нэгийг нь Америкт сургаж байгаа. Түүний хувьд динозаврын ясыг цэвэрлэх тал дээр илүү мэргэшиж байна. Зарим нь Монголд байгаа. Гэхдээ тэдний аль нь ч палеонтологиор 100 хувь дагнаж судалгаа хийхгүй байна. Мэдээж хэрэг, залуу хүмүүс учраас янз бүрийн салбарыг сонирхож, өөрчлөгдөх тохиолдол их гарах юм.

-Палеонтологийн салбарт олон нийтийн анхаарлыг хандуулахад нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь “Тарбозавр Батаар”. Удахгүй Монголд авчрах гэж байгаа. Харин “Батаар”-ын талаар та анх Ерөнхийлөгчид мэдээлэл өгсөн гэсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Миний хувьд би Л.Оюунгэрэл сайдтай нэлээд олон жил танил явсан хүн. Түүнд би ажлынхаа талаар их ярьдаг байсан. Тийм учраас намайг Батаарын талаар анх хэлэхэд энэ ямар чухал асуудал вэ гэдгийг ойлгож, нухацтайгаар хүлээж авсан юм. Тэгээд Ерөнхийлөгчид дамжуулж өгсөн. Тухайн үед би орон нутгийн телевизээр Батаарын дуудлага худалдааг явуулах гэж байгаа талаар санамсаргүй мэдсэн юм. Тэгээд “Монголоос олдсон байж болзошгүй олдвор энд зарагдах гэж байна” гэдгийг тодорхой дурьдсан и-мэйлийг Л.Оюунгэрэл сайд руу явуулсан. Мөн илүү тодорхой болгох зорилгоор Америкийн Байгалийн түүхийн музейн эрдэмтнээс энэ талаар лавлан захиа бичсэн юм. Түүнээс хойш хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас энэ талаар албан ёсоор зарлаж, түүнээс нь улбаалаад Америкийн хоёр ч хэвлэл томоохон өгүүлэл гаргасан байсан. Тэгэхээр нь би Батаарын дуудлага худалдааг явуулах гэж байсан “Heritage Auction”-ы захирал руу захидал бичиж, асуудлыг тодорхой болгох хүртэл дуудлага худалдааг хойшлуулж өгнө үү гэж хүссэн. Мөн Батаарын гарал үүслийг тодорхой болгож өгөөч гэсэн юм. Харин тэдний хуульч нь “Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласан. Харин Батаар бол түүнээс хамаагүй урт настай учраас ямар ч хууль үйлчлэхгүй” гэх агуулгатай хариу захидал явуулсан байлаа.

-Тэгэхээр таны хүсэлтийг шууд хүлээж аваагүй байх нь, тийм үү?

-Тийм. Ер нь Батаарынх шиг иймэрхүү яс нь цайвар өнгөтэй олдвор зөвхөн Монголоос л олддог. Тийм учраас мэргэжлийн хүний нүдээр бол Батаар Монголынх гэдэг нь тодорхой харагдаж байсан. Нэгэнт өөртөө итгэлтэй байсан учраас Нью-Йоркид амьдардаг цөөхөн монгол хүнтэй хамтарч, дуудлага худалдаа болох өдөр жагсаал зохион байгуулж байв. Яг тэр өдөр Монголын талын өмгөөлөгч Роберт Пэйнтер тэнд очоод шүүхээс дуудлага худалдааг хойшлуулах шийдвэр гаргасныг “Heritage Auction”-ынханд танилцуулсан. Гэвч тэд хүлээж аваагүй. Түүнээс хойш 15 хоногийн дараа л хүлээн зөвшөөрч, Батаарын гарал үүслийг тогтоохын тулд хамтарч ажиллахыг зөвшөөрсөн. Тухайн үед би, н.Цогтбаатар болон Канадын палеонтологич хамтран нэг бүтэн өдөр судалгаа хийж, Монголынх мөн гэдгийг нь баталсан. Бидний дүгнэлт дээр үндэслэж шүүх дараагийн шийдвэрээ гаргасан юм. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-нд Америкийн Засгийн газрын тусгай албаны гурван хүн тэнд очиж, тусгай зориулалтын темпратуртай машинаар Батаарыг авч яваад тусгай агуулахад аваачсан. Ер нь бол бид азаар ийм явдал болж байгааг мэдэж, төрөөс энэ асуудалд оролцсоны хүчинд Батаарыг олж авсан. Биднийг мэдээгүй байхад манай маш олон олдвор өндөр үнээр зарагдсан байхыг үгүй гэх газаргүй.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж