Олигархийн онцгой төрх

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Олигархийн онцгой төрх

Даваажавын Ганхуяг Монголын парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа. Гэхдээ хэл амаа хууль эрхзүйн орчинд бус хувийнхаа бизнест л ашигтай үед дуугаргадаг болохоор монголчууд төдийлөн таньдаггүй юм билээ. Тэрбээр 2004 оны сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвслээс, 2008 оны сонгуулиар Ардчилсан намаас парламентад суусан. Улс төрийн угшлаараа “Алтангадас” фракцид хамаардаг Д.Ганхуяг энэ засаглалын үед хөшигний арын “хор” болгонд хошуу дүрэн хожоо ихтэй суугаа гэдэг.

Тэрбээр Японд нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан бөгөөд япон маягийн нарийн ухааныг ч өөртөө сайтар суулгаад авсан нэгэн. Улс төр, үзэл суртлын тэмцэл хоёр лагерьт хуваагдан хүчтэй өрнөж байх үеийн нэг нийгэмд нь өсөн торниж, нөгөө нийгэмд нь суралцаж, хувь хүн болон төлөвшиж байсан учраас Д.Ганхуяг оюутан цагаасаа эхлэн улс төрөөр л дамжиж байж дааж давшгүй их хөрөнгөний эзэн болох боломж нээгдэх нь гэдгийг алдалгүй харсан байна. Иймээс ч Японы 100 хувийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан “Говь” компанид эзэн сууж сүүлд нь түүнийгээ үнэгүйдүүлж зөөсөн зайтай эр гэдэг. Мөн 90-ээд онд “Бридж” компаниа байгуулан барилгын салбарыг барьж авсан ажээ. Японтой харилцаа холбоо тааруухан үе ч түүний ид үетэй давхцан, од нь гийсэн нөхөр хоёр улсын Засгийн газар хоорондын хамаг л гэрээ хэлэлцээрийн санааг гаргах нь холгүй гүйн ашиг хонжооныхоо эхлэлийг тавьсан байдаг. Улсынхаа нэрийг барин ийнхүү идэж уухдаа уургын морь шиг байдаг Д.Ганхуяг харин нарийнаараа алдартай юм билээ. Тэрбээр ямар сайндаа л халуунд халж, хүйтэнд хөрөн барилга барьдаг ажилчдынхаа цалинг өгөхгүй луу унжин үйлийг нь үзэж байх вэ дээ. Түүнийг цалингаа өгөхгүй удахад ч өдгөө ажилчид нь дасаж орхисон гэдэг шүү.

Д.Ганхуяг парламентад хоёр дараалан суухдаа Хот байгуулалтын тухай болон Барилгын тухай хуулиудыг санаачилсан. Тэрбээр үүнийгээ Монгол Улсад томоохон гавъяа байгуулсан мэтээр ам нээх бүртээ дурддаг бол цаанаа хувийнхаа компанийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмэр болох л үүднээс хийсэн алхам хэмээн учир мэдэх нөхөд шивнэлддэг юм билээ. Ерөөсөө ч Монголын төрд “улс төр-бизнесийн” бүлэглэл шургалах үүдийг нээхэд гарамгай гавъяа байгуулсан Д.Ганхуягийн араас бизнесмэнүүд парламент, Засгийн газрын гишүүний албыг гарын алга урвуулахын төдийд авч болдог юм байна хэмээн ойлгох болсон юм. Олигарх гэх ойлголтыг манай хөрсөнд суухад ихээхэн нөлөө үзүүлсэн энэ эрхэм мөн нам доторх асуудалд ч мөнхийн хорчин байдлаар хандсаар ирсэн билээ.
Ямар сайндаа л Баянзүрх дүүргийнхээ Ардчилсан намыг өнгөрсөн жилээс хойш хоёр хэсэгт хуваачихаад гишүүдээрээ тоглож суух вэ дээ.

 Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж