БНСУ-аас ирж буй иргэдээ дэмжих хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

БНСУ-аас ирж буй иргэдээ дэмжих хэрэгтэй гэв

БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх газрын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас жил бүр тус улсад ажиллаж байсан иргэдийн дунд уулзалтыг зохион байгуулаад удаж буй. Долоо дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 12-нд Халла ресторанд боллоо. Жил бүр 2000 гаруй иргэн Өмнөд Солонгос улсаас гэрээний хугацаагаа дуусган эх орондоо ирж байна. Тиймээс уулзалтын гол зорилго нь буцан ирж буй иргэдийн санаа бодлыг сонсох, ажил хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг сонссоноор холбогдох байгууллагуудад уламжлах, ажилд зуучлахад оршиж байна.

Долоо дахь удаагийн уулзалтанд 50 орчим иргэд оролцсоноос арваад иргэн нь ажил хайж байсан бол үлдсэн нь хувийн аж ахуй эрхэлж байгаа иргэд байв. БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх газрын суурин төлөөлөгч Чой Ху Ён болон Монгол улсын хөдөлмөрийн яамны гадаадаас эргэн ирж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнцэцэг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн гадаадад ажиллах хүч илгээх албаны дарга С.Жандос нар 2013 онд явуулах үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн тухай танилцуулж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.

Энэ удаагийн уулзалтыг ажиглахад жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаанд анхаарал хандуулсан, цаашид эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой болсон иргэд дийлэнх нь байлаа. Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдах нөхцөлд хатуу шаардлага тавьсан (заавал тухайн бизнесийг өмнө нь хийж байсан туршлагатай байх гэж зааснаар шинээр бизнес хийх гэсэн хүмүүст саад тушаа болж байна.), зээлийн мөнгөн хэмжээ бага учраас үйлдвэрлэл эрхлэхэд хангалттай биш, ажилд ороход нас туршлага заасан нь иргэдийг ажилтай орлоготой болоход бэрхшээл болж байна гэлээ. Оролцогчид гадаадаас ирж буй иргэдээ бүртгэж хүлээж авдаг байгууллагатай болохын зэрэгцээ холбоо байгуулах асуудлын талаар хэлэлцэж санал нэгдэв. Уулзалтанд Монголын радио, Улаанбаатар телевиз, БНСУ-ын YTN телевиз, “UB Korea Times” сонины газраас сэтгүүлчид оролцов.

Дашрамд дуулгахад, гадаадаас эргэн ирж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хөдөлмөрийн яамны www.mol.gov.mn www.ces.gov.mn цахим хуудаснаас, БНСУ-ын Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар www.hrdkorea.or.cowww.monkor.net цахим хуудаснаас аваарай.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж